ХБНГУ-ын канцлер Ангела Меркел өчигдөр /2018.10.29/ Берлин хотноо хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр тэрбээр, өнгөрсөн сонгуулиудын дүн муу гарсантай холбогдуулан канцлерийн төлөөх сонгуульд дахин өрсөлдөхгүй, мөн 2021 оноос эхлэн албан тушаалаасаа буух болсон тухайгаа зарласан юм.
“Миний албан үүргийн хугацаа дуусах үеэс /2021/ хойш дахин улс төрийн албан тушаал хашихгүй. Өнгөрсөн жилүүдийн алдаа оноо болон амжилт, ололтын аль алинд нь би бүрэн хариуцлага хүлээнэ. ” хэмээн Меркел хэлжээ. Энэ нь тэрбээр өөрийн толгойлдог Христийн демократ намын даргын сонгуулиас ч нэрээ татна гэсэн үг юм.Ангела Меркел нь Германы улс төрийн томоохон хүчин болох Христийн демократ намыг 2000 оноос хойш буюу нийт 18 жил тэргүүлсэн байна.
Тус нам нь өнгөрсөн ням гарагт /2018.10.28/ болсон Хэссэн мужийн сонгуульд 1966 оноос хойш байгаагүй муу үр дүнг үзүүлсэн юм. Христийн демократ нам болон түүний эвсэл Социал демократ намын аль аль нь сонгогчдын арваас доош хувийн санал авсан үзүүлэлттэй байгаа аж. Мөн Ангела Меркелийн “эгч, дүү” нам хэмээгддэг “Баварийн христийн нийгмийн холбоо” нам ч бас өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээгээд байжээ. Харин зүүний “Ногоон нам”, “цагаачдын эсрэг Германы альтернатив нам” сайн үзүүлэлттэй явж байгаа аж.
Улс төрийн томоохон хүчин болох Христийн демократ намын дараагийн удирдагчаар хэн сонгогдох нь сонирхол татсан асуудал болон үлдэж байгаа юм. Меркелийн ойрын хүрээллийн Аннегрет Крамп-Карренбауэр болон Меркелийн эртний өрсөлдөгч Фридрих Мэрц тэргүүтэй хүмүүс одоогийн байдлаар нэрээ дэвшүүлээд байгаа аж. Мөн Меркелийн цагаачдын бодлогыг хурцаар шүүмжилж байсан, эрүүл мэндийн сайд Енс Шпаан ч бас нэрээ дэвшүүлсэн байна. Аннегрет Крамп-Карренбауэрын хувьд Меркелийн ойрын хүрээллийн хүн, мөн одоогоор намын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд сонгогдох магадлал өндөр байна.
Хэрвээ түүний өрсөлдөгчдийн нэг нь намын дараагийн дарга болбол канцлерийн албан тушаалаасаа хараахан буух болоогүй байгаа Меркелийн хувьд томоохон цохилт болох нь мэдээж юм. Ямартай ч тун удахгүй Германы улс төрийн амьдралд шинэ хуудас бичигдэж эхлэх нь тодорхой болжээ.
Эх сурвалж: ВВС
Ө.Пүрэвхүү
Холбоотой мэдээ