"Нар, салхины зах зээлд Монгол том тоглогч байх ёстой"

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

"Нар, салхины зах зээлд Монгол том тоглогч байх ёстой"

"Нар, салхины зах зээлд Монгол том тоглогч байх ёстой"

Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн хойд азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги тѳслийн зохицуулагч Б.Бямбасайхантай ярилцлаа.


– Ерөнхийлөгчийг Владивостокт Азийн супер сүлжээ төслийг хөндөж ярьснаас хойш  энэ төсөлд оролцогч улсууд Монголыг илүүтэй сонирхож эхэлсэн нь анзаарагдаж байна. Таныг Бээжинд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр болсон хуралд оролцоод ирсэн гэж сонслоо. Тийм хандлага анзаарагдав уу?

-Маш тод анзаарагдсан шүү. Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулсан эрчим хүчний хамтын ажиллагаа, бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний олон улсын форумд оролцсон юм. Энэ байгууллагыг 2016 онд Япон, ОХУ, БНХАУ, БНСУ-ын эрчим хүчний компаниуд хамтран байгуулсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн форумд гаргасан санаачилгын үргэлжлэл болсон арга хэмжээ сая болж ѳнгѳрлѳѳ л дөө. Энэ хурлын үеэр  Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд хамрагдах, ирээдүйд тэр сүлжээнд Монголоос сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан экспорт хийх бүрэн боломжтой гэдгээ олон улсын тавцанд илэрхийллээ. Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн цахилгаан, эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги гэсэн судалгааны төсөл одоо хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудынхаа урьдчилсан үр дүнг танилцуулсан. Товчхондоо Ерөнхийлөгчийн гаргасан  санаачилга бүс нутгийн хэмжээнд маш том ажил болж байгаа. Ойрын ирээдүйд бид эдгээр орнуудтай хамтын ажиллагаагаа улам нягт болгох, ажил хэргийн механизмыг бий болгох гэсэн зорилготой ажиллаж байна.

-Монгол сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй улс. Сэргээгдэх эрчим хүчээ экспортлоод доллар олно гэдэг яах аргагүй том боломж. Зүүн Хойд Азийн эрчим хүчний сүлжээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Судалгааны үр дүнгүүд нь бас сонирхол татаж байна?

-Энэ бүсийн улс орнууд нь эрчим хүчээ өөр хоорондоо худалдаалах өндөр боломжтой. Яг энэ чиглэлээр төрөл бүрийн судалгаа хийж байгаа юм билээ. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллагаас хийсэн судалгаагаар гэхэд л  Монголд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу цахилгаан станцууд барьж, Хятад, Япон, Солонгосын зах зээл рүү нийлүүлбэл хэн хэндээ ашигтай гэсэн тоцоолол гарч байна. Манай улс нар, салхины эрчим хүчний нөөц ихтэй. Азийн хөгжлийн банкны судалгааны хүрээнд GIS загварыг ашиглан Монголын газар нутгийн 40 хувьд нь сэргээгдэх эрчим хүчний станцууд барих техникийн боломжтой гэсэн үр дүн гарсан. Хамгийн нѳѳц сайтай буюу салхи 8м/с дээш, нар GHI 1700кВц/м2 нѳѳцтэй бүсэд Говь-Алтай, Баянхонгор, Ѳвѳрхангай, Дундговь, Дорноговь, Ѳмнѳговь аймгийн нутаг хамрагдаж байгаа. Цэвэр эрчим хүч экспорт хийхэд салхины 200 гигаватт нѳѳц, нарны 1200 гигаватт нѳѳц гэсэн тооцоолол гарч байна. Өмнө нь бид боломж бий гэж ярьдаг байсан бол өнөөдөр судалж үзээд нотолчихлоо. Энэ үр дүнг маш олон хүн сонирхож байна.

-Бээжинд төслийнхөө үр дүнг танилцуулсан гэл үү?

-Бээжинд Азийн хөгжлийн банкны төслийн дөрөвдүгээр хуралдаан бас болсон юм. Энэ хуралдаанд төслийн урьдчилсан үр дүнг танилцууллаа. Өнөөдрийн сүлжээг Орос, Хятад, Япон, Солонгосын сүлжээтэй нэгтгэсэн байдлаар ажиллавал улс болгонд тодорхой эдийн засгийн ашигтай гэсэн тооцоо гарсан. Дээрээс нь Монголоос гурван загварыг хийсэн байгаа. 2020 онд 300 мегаватт, хоёр дахь ээлжид таван гигаватт, гурав дахь удаад  нь 10 гигаватт, 2036 онд 100 гегаваттын хүчин чадалтай нар, салхины станц барьж, Япон, Ѳмнѳд Солонгос руу экспорт хийвэл  эдгээр орнуудад сэргээгдэх эрчим хүчний шинэ үүсвэр барьснаас илүү хямд,  ашигтай байх тооцоо гараад байна. Эдгээр нь нийтдээ Монголоос 300 терраватт/цаг экспортлоно гэсэн үг. Уг судалгаануудыг дамжуулах сүлжээний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглах нөхцөлтэйгөөр хийсэн. Дамжуулах сүлжээний технологид сүүлийн жилүүдэд нэлээд шинэ ололтууд гарсан. Хол зайд алдагдал багатайгаар дамжуулах технологиуд жил ирэх бүр улам сайжирч байгаа. Монголоос Япон руу экспорт хийхэд хол зайтай учир алдагдал ихтэй байх болно. Тиймээс шинэ дамжуулах технологийг Монголд нэвтрүүлж ашиглах асуудал зайшлгүй гарч ирнэ. Гэхдээ одоогийн манай ашиглаж байгаа сүлжээний хэмжээнд энэ HVDC шинэ технологийг ашиглах боломжгүй. Мэдээж шинэ технологи нутагшуулахад асар их хөрөнгө шаардлагатай. Гэхдээ нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын өмнө хүссэн хүсээгүй эрчим хүчнийхээ хэрэглээг байгаль орчинд илүү ээлтэй болгож,  нүүрсхүчлийн хийг багасгах зайлшгүй шаардлага тулгарчихсан. Тэгэхээр эрчим хүчний бүс нутгийн худалдаа ирээдүйд биеллээ олох боломжтой зүйл. Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллага зөвхөн бүс нутаг ч биш, 2030 оноос дэлхийг хамарсан эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгоно гэсэн зорилго тавин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүч, ухаалаг сүлжээ, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчдэлийн дамжуулах шугамын технологи нийлээд дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болно. Энэ байгууллага Америк, Европ, Африк, Ази, Aвстралийг хамарсан сүлжээг бий болгох тал дээр дэлхий даяар судалгааны ажлууд хийсэн. Энэ үүднээс нь харсан ч тэр  удахгүй биеллээ олох ажил гэж хэлж болно. Австралиас Зүүн ѳмнѳд Ази руу цахилгаан эрчим хүч далайн доогуур дамжуулан худалдах хѳтѳлбѳр мѳн хэрэгжиж байна.

-Та сая дамжуулах технологи хурдтай шинэчлэгдэж байна гэж ярилаа. Жишээ нь сүүлийн үед ямар шинэ технологи гарч байна?

-Далай доогуур 3000 метрийн гүнд өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугам тавих боломжтой болсон.  Эхнээсээ ашиглаад эхэлсэн.  Тэгэхээр энэ бол ирээдүйн эрчим хүчний салбарын чиг хандлага.

-Хятадын хэвлэлүүд Ерөнхийлөгчийн санаачлагын талаар хэр сонирхож байна вэ?

-Өндөр төвшинд сонирхож байгаа нь анзаарагдсан. БНХАУ-ын хэвлэл мэдээллийн сувгууд биднээс Ерөнхийлөгчийн санаачлагын  талаар тайлбар ярилцлагууд авсан. Монгол Улс Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээнд хамгийн том идэвхтэй тоглогч байх боломжтой гэсэн байр сууриа олон хүнд ойлгуулах шаардлагатай байгаа.

-Зүүн хойд Азийг хэрсэн эрчим хүчний сүлжээ бий болгоход ямар нэгэн хүндрэл бэрхшээл байна уу?

-Тодорхой хэмжээнд бэрхшээлүүд бий. Ямар нэг улс төрийн асуудал үүсэхгүй бол одооогоор хийсэн судалгаанууд эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэж харагдаж байна. Тэгэхээр эдгээр улс орнууд хамгийн дээд хэмжээнд нэгдсэн ойлголт, зорилготой болох ёстой. Манай Ерөнхийлөгчийн санаачилга үүн дээр нэлээд том түлхэц болсон л доо. Япон, Солонгос, Хятадын судлаачид Монголын Ерөнхийлөгч цагаа олсон оновчтой санаачлага гаргасан гэж дүгнэж байна. Асуудлыг нэгэнт энэ тѳвшинд яриад эхэлсэн болохоор шийдэлд хүрэх нь тодорхой. Энэ ажил маань зөвхөн шугам тавьж, станц барих тухай асуудал биш. Бүхэл бүтэн эрчим хүчний бүс нутгийн зах зээл бий болох юм. Тэгэхээр энэ зах зээлд бүтээгдэхүүнээ ямар үнээр, яаж борлуулах вэ гэх мэт зах зээлийн үнэ тогтоох, мѳн удирдлагын механизмыг бүрдүүлэх шаардлага бий. Ямар горимоор ажиллах вэ гэх зэргээр яривал олон асуудал байгаа. Сүлжээнүүд бүгд тодорхой нэг  стандартаар ажиллаж таарна. Тэр стандартыг бий болгох шаардлагатай. Ойрын хэдэн жилд энэ ажлууд хийгдэнэ. Гол нь улс хоорондын улс төрийн консенсусыг бий болгох хэрэгтэй. Энэ ч үүднээс олон улсын арга хэмжээ, чуулганууд болж байна.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны талаар маргааш Улаанбаатарт болох форумаар  эрчим хүчний супер сүлжээг ярих уу?

-Тэгнэ. Бүс нутагт ажилладаг, эрчим хүчний чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүд ирж хамгийн сүүлийн үеийн судалгаануудын үр дүнг хэлэлцэнэ. Би хувьдаа Монгол Улс Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн зах зээлийн гол цөм нь байх ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл, Монголд энэ зах зээлийн удирдлагын төв байвал манайхаар бүх яриа хэлэлцээр дамжиж явах болно. Үүний тулд олон улсын сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн сүлжээний арга хэмжээнүүдийг аль болох олон удаа зохион байгуулах шаардлагатай. Зарим хүмүүс яасан их хуралддаг юм гэх байх. Гэхдээ гол нь хуралдаж байж бие биенээ ойлгоно. Нэгдсэн ойлголт, зорилготой болохын тулд бие биеэ ойлгох ёстой. Өнгөрсөн наймдугаар сард Ази, Номхон далайн сэргээгдэх эрчим хүчний форум Монголд болсон. Сая Азийн хөгжлийн банкны эрчим хүчний төслийн хүрээнд Бээжин хотноо олон улсын хурал хийлээ. Ирэх жил Монголд сэргээгдэх эрчим хүч, Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний тухай нэлээд хэдэн арга хэмжээ зохиогдоно. Манай улсаас Монголын бизнесийн зѳвлѳл Дэлхий эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллагын гишүүн болоод удаагүй байна. Энэ байгууллагатай хамтран судалгааны ажлууд хийх, олон улсын томоохон хурлыг Монголд зохион байгуулах богино хугацааны зорилго бий. Ер нь Ерөнхийлөгчийн санаачилга дор олон ажлууд хийгдэж байна.

-Азийн супер сүлжээний санаачлагыг эрчим хүчний компаниуд гаргасан болохоор хэрэгжих өндөр магадлалтай гэсэн тайлбар дуулддаг. Тэгэхээр төр засгуудынх нь төвшинд анхаарчихвал нар, салхины нөөцөө зараад валют олон өндөр боломжтой л юм байна?

-Тэгж ойлгож болно. Таны хэлсэнчлэн Азийн супер сүлжээний санаачилгыг анх Япон, Монголын компаниуд гаргасан. Энэ нь ч цаанаа утга учиртай. Улс төрийн хэмжээнд олон орнуудын Засгийн газрууд нэгдсэн ойлголтод хүрнэ гэдэг урт хугацааны ажил болно. Анх Японы атомын цахилгааны хэрэглээг багасгах, тэр чигийн хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр солих зорилгоор Софтбанкны захирлын санаачлагыг Монголын Ньюком компани дэмжиж эхлүүлсэн. Монголоос сэргээгдэх эрчим хүч экспортлох нь бидний гол зорилго. Манай улсад “Софтбанк” хөрөнгө оруулж эрсдэлээ хүлээгээд явж байгаа. Бүс нутгийн бусад орнуудад ч хөрөнгө оруулаад эхэлсэн. Энэтхэгийн зах зээлд хөрөнгө оруулж байна. Эрсдэл үүрч хөрөнгө оруулаад идэвхтэй ажиллаж яваа компани. Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллагын нэг гишүүн нь  Солонгосын эрчим хүчний КЕПКО компани. Маш идэвхтэй оролцоотой. ОХУ-ын цахилгаан дамжуулах сүлжээний  “Россеть” компани мөн оролцож байгаа. Дэлхийн хамгийн том компаниудын нэг болох Хятадын цахилгаан дамжуулах сүлжээний оператор “Стэйт грид”  компани бас манлайлан оролцож байна. Японы хувьд Софтбанкнаас гадна судалгааны томоохон байгууллагууд ч оролцож байгаа.

-Манай эрчим хүчийг худалдаж авах ямар газрууд байна вэ?

-Монголын газар нутгийн 40 хувьд нь сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцууд барьж байгуулах боломжтой нь бүс нутгийн улс орнуудад маш том мессеж болж байгаа. Манай орныг зайлшгүй том тоглогч мөн гэдгийг бусад орнууд ойлгосон гэсэн үг. Оролцогч талууд Монголд энэ төслийн эхний шатыг яаж хурдан эхлүүлэх вэ гэдэг талаас нь судалгаануудаа хийгээд эхэлсэн. Ялангуяа манай говийн бүс нутгийн нөөц их өндөр болох нь судалгаагаар дахин тогтоогдсон. Тэр утгаараа Монголын эдийн засагт маш том эргэлт гарна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн эдийн засгийн бүтэц өөрчлөгдөнө. Эрчим хүч экспортлонгуут эдийн засагт маш олон талын ашиг, давуу тал бий болно. Наад зах нь цэвэр эрчим хүч экспортолсноор ажлын байр шинээр бий болж, валютын урсгал нэмэгдэнэ. Нэг сайхан зүйл нь монголчууд сэргээгдэх эрчим хүчний том оврын станцыг барьж байгуулаад ашиглаад сурчихлаа. Ѳнѳѳдѳр салхины эрчим хүчний суурьлагдсан хүчин чадал 155МВ хүрсэн, нарных удахгуй 100МВ хүрнэ. Дээр нь Монголын уудам нутагт амьдарч буй хагас сая хүн нарны эрчим хүчийг шууд ашиглаж байгааг бид мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж