УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн шалтаг ба шалтгаан

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн шалтаг ба шалтгаан

УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн шалтаг ба шалтгаан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох асуудлыг зөвшилцөхөөр саналаа өчигдөр /2018.10.29/ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэв. “Дараа нь” C1 телевизийн “Цензургүй ярилцлага” нэвтрүүлгийн зочноор уригдан яагаад өргөн барьснаа тайлбарлалаа. Энэ үеэр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарыг дуудаж “ажлыг нь шалгасан” тухайгаа ч тайлагнав. Мөн хамгийн олонтаа онилж ярьсан объект нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байсан юм. Тэрбээр УИХ өөрийнх нь гаргасан саналыг хүлээн авч тарна гэж итгэж байгаа гэнэ. Харин тарахгүй бол өлсгөлөн зарлах уу, суулт хийх үү гэж байна. Энэ “отказ”-аа АТГ-ын даргад ч бас хэлсэн гэлээ.

Ерөнхийлөгчийн ярианаас УИХ-ыг ноцтой шалтгаануудын талаар болон шалтаг нь хэтэрхий олон болохыг харав. Ерөөсөө эдийн засгийн өсөлт яагаад өрх бүрийн хаалгаар ордоггүй юм бэ. Ядуурал яагаад буурдаггүй, авлига яагаад арилдаггүй, авлигачдыг яагаад суллаад явуулчихдаг юм бэ. Төсвөө хэмнэх ёстой байтал тойрог бүрт тараах мөнгийг нэмсээр байна. Зураг төсөвгүй 375 барилга барихаар төсөвт тусгасан, өөрийг нь шүүмжилснээс хойш 404 болж өссөн, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг яагаад нэр бүхий УИХ-ын гишүүд хүртээд байна вэ. Энэ бүхнийг арилгахгүй байгаа УИХ яасан муухай вэ гэдэг л гучаад жилийн “хур” асуудал өнөөгийн УИХ-ыг тараах шалтгаан нь юм байна гэж ойлголоо. Ээдрээтэй нэг тайлбар нь дахиад Засгийн газрыг огцруулснаас УИХ-ыг тараах нь дээр гэж үзсэн гэх хачирхалтай хариулт байлаа. Учир нь, УИХ тарж шинэ парламент бүрдэж гэмээнэ “яг яаж” хуучин Засгийн газар хэвээрээ байх хуулийн гаргалгааг олж харсан юм бол. Мөн төсвийг хэмнэх тухай ярихдаа дахиад сонгууль явуулах арга замыг хэн зөвлөсөн нь сонирхолтой.

Тэрбээр өчигдөр /2018.10.29/ МАН-ын бүлгийн хуралд оролцож, дараа нь АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурорыг дуудан уулзаад дараа нь УИХ-ын даргад саналаа хүргүүлсэн. Мөн орой “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож саналаа тайлбарлах төлөвлөгөөтэй байсан бололтой.

Төрийн тэргүүнд хуулийн дагуу УИХ-ыг тараах саналаа хүргүүлэх, хэлэлцүүлэх эрх байдаг, УИХ-ын дарга түүнийг нь саадгүй хүлээн авч хэлэлцүүлэх ийм л зохицуулалтаар Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын маань “амь нас” оршин тогтнодог юм байна.

УИХ хэлэлцэнэ. Таръя гээд тавин гишүүн кноп дарах нь юу л бол. Гэтэл тарахгүй бол Ерөнхийлөгч өлсгөлөн, эсвэл суулт зарлаж дэлхийн тавцнаа Монгол төрийн нэр хүндийг унагаж тэмцэх төлөвлөгөөтэй аж. УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч анх удаа гаргаж байгаа шиг УИХ “сайн дураараа” тарахгүй бол Ерөнхийлөгч маань хийх үйлдэл мөн л анхдагч болж  таарах нь. УИХ-ыг тараах тухай ярих бүрт шахам АТГ-ын даргыг ажлаас чөлөөлөх асуудал хамт яригддаг. Энэ удаад “хорхойтой шүд”-ийг эмчлэх бус суга татахаар шийдэв бололтой. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргад өгч буй сануулга “ахисан түвшинд” шантааж болон очиж буй мэт дүр зураг харагдаж байна.

Ерөнхийлөгч нэвтрүүлгийн үеэр хэлсэн шигээ бухимдалтай байв. Мөн ард иргэдэд нь бухимдах шалтгаан өсөн нэмэгдсээр буйг мэдэрч ийм алхам хийсэн үү гэхээс УИХ тарчихна гэсэн итгэлтэй байгаа нь юу л бол. Хэрэв Х.Баттулга гэдэг улстөрч өөрөө 64 гишүүний дэмжлэгтэй УИХ-ын дарга байсан бол УИХ-ыг нь өөрөө тарах санал тавихад хэрхэн хүлээн авах байсан бол.

УИХ-ын тухай хууль: 31 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

31.1. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

 31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

31.1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан.

31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана.

 31.3. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын 3 хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ.

31.4. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.

31.5.Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.

31.6. Ерөнхийлөгч энэ хуулийн 31.1.4-т зааснаар Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах зарлиг гаргасан бол Улсын Их Хурал уг зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлана.

31.7. Энэ хуулийн 31.5, 31.6-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.

Хуулийн дагуу асуудал үргэлжилж Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэнэ. Харин “УИХ тарахаар болбол…” дахин сонгууль явагдана. Энэ оны нэгдүгээр сарын 12-нд Италийн Ерөнхийлөгч Сержо Матарелла парламентаа хугацаанаас нь өмнө тарааж, шинээр сонгууль явуулах зарлигт гарын үсгээ зурсан. Мөн дөрөвдүгээр сарын 9-нд Малайзын Ерөнхий сайд Нажим Разак Эзэн вангийнхаа зөвшөөрлөөр парламентыг тараахаа зарласан гэх мэтчилэн түүнд судалсан жишиг, авсан идеа байсан л байх.

Харин Засгийн газар нь парламентаа огцруулдаг бус, парламент өөрөө өөрийгөө, эсвэл ард түмний санал асуулгаар огцруулдаг зохицуулалттай Монгол Улсын хувьд тун сонирхолтой шинэ жишиг тогтох бололтой. Учир нь, УИХ сайн дураараа тарлаа гэж бодоход санал нь Ерөнхийлөгчөөс гарсан гэж түүхэнд үлдэнэ. Ерөнхийлөгч, УИХ аль аль нь ард түмнээс шууд сонгогддог буюу ард түмний хууль ёсны төлөөлөл болдог. Нэг нь нөгөөгөө огцруулах асуудлыг шийддэг нь хоёр толгойт засаглалын “дутагдал” гэх үү дээ.

Үүнээс хамааран парламент ба ерөнхийлөгчийн хооронд улс төрийн зөрчилдөөн, үл ойлголцол үүсч, төрийн механизм гацаанд орох магадлал өндөр. Хэдийгээр анх АНУ-д гүйцэтгэх засаглалд тавих хяналтыг бий болгох үүднээс Ерөнхийлөгч болон хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг нарийн зааглан хуваарилсан боловч энэ нь бодит байдал дээр Ерөнхийлөгчид илүү эрх мэдлийг бүрдүүлж эргээд түүний сонгогдох хугацааг богиносгох зэргээр эрх мэдлийг нь хязгаарлах болжээ. Тэгэхээр харшилдаж болохгүй хоёр инстиутци харших цаг нь ирж. Энэ цаг мөчийг эв нэгдлийн бэлэг тэмдэг маань түмнээ ядуурлаас, авлигаас салгах гэж авчирч байгаа нь хачирхалтай бөгөөд цаашид үр дагавар нь ямар байхыг айсуй өдрүүдэд болох үйл явдлууд харуулах биз ээ.

Ц.ОРХОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж