НАТО цэргийн сургуулилтаа Норвегид хийхийн учир

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

НАТО цэргийн сургуулилтаа Норвегид хийхийн учир

НАТО цэргийн сургуулилтаа Норвегид хийхийн учир

Умард Атлантын Гэрээний Байгууллага  буюу НАТО-ын гишүүн орнуудын “Trident Juncture 2018” цэргийн сургуулилт аравдугаар сарын 25-ны өдөр Норвеги улсад эхэлсэн билээ.  Сургуулилт арван нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл буюу хагас сарын турш үргэлжлэх гэнэ. Уг сургуулилт нь хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн сургуулилт болж байна.

Сургуулилтад 31 орны 50 мянган цэрэг, 10 мянган тээврийн хэрэгсэл, 65 онгоц, 250 нисэх хүчин оролцоно гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг мэдээлжээ. НАТО-гийн бие бүрэлдэхүүн гурван сая 200 мянга гаруй, түүний нэг сая 300 мянга орчим нь АНУ-ын цэргүүд гэгддэг юм. НАТО-гийн цэргийн зардал дэлхийн нийт цэргийн зардлын 70 гаруй хувийг эзэлж байна.

Умард атлантын цэрэг-улс төрийн эвсэл буюу НАТО нь анх дэлхийн II дайны дараагаар 1949 онд Европыг коммунист ЗХУ-ын нөлөөнөөс хамгаалах зорилгоор байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 29 улсыг өөртөө нэгтгэсэн том байгууллага юм. Дээр нь нэмэгдэж НАТО-д элсэхээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин, Гүрж хоёр  идэвхтэй ажиллаж байгаа. НАТО анх Америк, Англи, Бельги  Дани, Исланд, Итали,  Канада, Люксембург, Нидерланд, Норвеги,  Португал, Франц зэрэг 12 улсын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв.

1955 онд тэр үеийн ЗХУ тэргүүтэй социалист найман орон НАТО-гийн эсрэг сөрөн зогсох зорилго бүхий “Варшавын Гэрээ” нэртэй цэрэг-улс төрийн эвсэл байгуулсан юм. Тэрхүү эвслийн гэрээнд Албани, Ардчилсан Герман, Болгар, ЗХУ, Польш, Румын, Унгар, Чехословак гэсэн социалист орнууд багтаж байлаа. Гэвч, 1989-1991 онд төв болон зүүн европын улс орнуудын коммунист систем нурж, ЗХУ задарч, уг эвсэл цаашид оршин тогтнох үндэсгүй болж 1991 оны долдугаар сарын 1-нд албан ёсоор татан буугдсан түүхтэй.

Түүнээс хойш эдүгээ хүртэл 27 жил өнгөрч байгаа хэдий ч НАТО улам бүр өргөжин тэлж, тэр үеийн Варшавын гэрээний найман улс, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан гурван улсыг эгнээндээ нэгтгэн өргөжсөөр, өнөөгийн ОХУ-ын баруун хилд тулж ирээд байгаа нь ОХУ болон түүний найрамдалт харилцаатай  улс орнуудын анхаарлыг яах аргагүй татаж байна.

 НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Европын улсуудын аюулгүй байдал сайнгүй байна. Энэхүү сургуулилт нь бидний хүчин чадлыг харуулах болно. НАТО ямар нэгэн сөргөлдөөн үүсгэхийг хүсэхгүй байгаа ч аливаа аюул заналаас холбоотнуудаа хамгаалахад бэлэн байгаа” гэв.

Түүнчлэн аравдугаар сард ОХУ-ны Гадаад хэргийн яамны төлөөлөгч “НАТО-гийн гишүүн орнууд Оросын хилийн ойролцоох цэргийн хүчээ нэмэгдүүлж байна. Энэ үйлдэл нь улс төрийн хувьд тогтворгүй байдлыг бий болгож, сөргөлдөөнийг ихэсгэж байна” хэмээн мэдээлж байсан билээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Энэ удаагийн НАТО-гийн цэргийн сургуулилт нь “Хүйтэн дайн”-аас хойшхи ОХУ-ын хилтэй хамгийн ойрхон болж буй цэргийн ажиллагаа болж байна” гэж тодотгожээ.

“Trident Juncture 2018” сургуулилтийг удирдаж буй АНУ-ын усан цэргийн командлагч Жеймс Фогго “Энэ удаагийн сургуулилт ОХУ-ыг заналхийлсэн асуудал байхгүй. Бидний сургуулилт ОХУ-ийн цэргүүдээс 700 километрийн  зайд болно шүү дээ. ОХУ-ыг бидний сургуулилтыг ажиглахаар ирээсэй гэж хүсч байна. НАТО-ийн цэргүүд хэрхэн нэг болж хамтран ажиллаж байгааг харж суралцах байх” гэжээ.

Энэ удаагийн НАТО-ын сургуулилт ОХУ-тай хамгийн ойр болж байгаа нь “Восток 2018” сургуулилтад өгч буй хариу гэж ОХУ болон дэлхийн бусад улсууд үзэж байгаа юм. Хамгийн анхны “Trident Juncture” цэргийн сургуулилт 2015 онд Испани, Португалд болж байсан билээ. Энэ удаагийн сургуулилтыг газар зүйн хувьд огцом өөрчлөн Скандинавын бүсэд хийж байгаа нь тус бүсэд цэргийн хүчээ төвлөрүүлээд байгаа ОХУ-аас НАТО хойд жигүүрээ хамгаалж байгааг харуулах оролдлого болж байна.

 “Восток-2018” цэргийн сургуулилт нь орчин цагийн Орос улсын түүхэнд хамгийн томд тооцогдох цэргийн сургуулилт болсон билээ. Уг сургуулилт нь есдүгээр сарын 11-17-ны хооронд ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн удирдлага дор болсон.

Цар хүрээгээрээ сүүлийн 37 жилд хамгийн нүсэр гэгдэж буй тус сургуулилтад 300 мянга орчим цэрэг, 1000 гаруй онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, 36 мянга орчим хуягт машин, ойролцоогоор 80 усан онгоц оролцсон. “Восток-2018” сургуулилтад Хятад улс 3200 цэргээ илгээсэн бол Монгол улс ч мөн тодорхой тооны цэргээ оролцуулсан. “Восток 2018” сургуулилт бол ОХУ-ын цэрэг зэвсгийн хүчээ харуулах алхам бөгөөд НАТО-д өгсөн хамгийн том сануулга болсон гэж олон улс үзсэн.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж