"Эмээлт"-ийнхэн малыг ёс бусаар нядалж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

"Эмээлт"-ийнхэн малыг ёс бусаар нядалж байна

"Эмээлт"-ийнхэн малыг ёс бусаар нядалж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байрлах “Эмээлт” зах орчимд малын худалдаа, мах, түүхий эдийн худалдаа эрхэлдэг олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өвлийн идэш бэлтгэлийн үеэр дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам идэвхждэг байна. Энэ удаагийн сурвалжлагаа “Эмээлт” захаас бэлтгэлээ.

"Эмээлт" захын урд хэсэгт байрлах нэгэн аж ахуйн нэгжийн цэнхэр өнгийн төмөр хашаанд хонь, ямаа, үхэр, адууг тусгаарлан хашжээ.  Хашаан дотор,  урд хэсэгт нь урт барилга байна. Барилгын зүүн хэсгээс эхлэн  малыг нядалж, шулж, мах, яс зэргийг ялган ачааны машинд ачдаг дамжлага явагддаг юм байна.

Хашсан  бод малаас 10 гаруйг нь нядлахаар оруулж байв. Нядалгааны хашаанд оруулсан үхрүүдийг лоом, лантуу, сүх барьсан хүмүүс хэдэн талаас нь балбаж харагдана. Зодуулсан үхэр муужирч унангуут хоолойг хэрчиж байлаа. Зарим нь лоом, лантуу, сүхээр балбуулсан ч унахгүй толгой хэсгийг нь цус даган урсахыг харахад нүд халтирам. Үхэр нядалгааг цааш үргэлжлүүлэн харж чадсангүй.

Ингээд 20 орчим минутын дараа хажуугийн хашаанд байсан сарлагуудыг нядалгаа руу тууж ирлээ. Үхрүүд нядалгааны хашаа руу тийм ч амар орсонгүй. Цагаан хулдаасаар хийсэн ажлын хувцас нил улаан цус болсон хүмүүс хашгиралдан үхрүүдийг саваа, болон урт модоор балбан туух.   Нэг сарлагийг хүнд модоор балбасаар нурууг нь хугалсан бололтой, зөвхөн урд хоёр хөлөөрөө ээлжлэн гишгэн их биеэ чирсээр нядалгааны хашаа руу орж харагдав.

Малыг нядалж дуусаад толгойг нь тасдаж, шийрийг нь салгаад  хойд хоёр хөлөөс нь дэгээдэн дүүжлэв. Үүний дараа гэдсийг нь ярж, салгаад хоёр эмэгтэй хуулж эхэллээ. Арьс, дотроос нь салгасны дараа гулуузыг хэдэн хэсэг болгон шулах хэсэг рүү өглөө. Хуулсан арьсыг нь үүдэндээ овоолох юм.

Малын гэдэснээс гарсан ялгадас болон ясыг ачиж явахаар тодорхой цагийн давтамжтай зориулалтын ачааны машин ирж байлаа. Мөн бохир соруулах машин ч мөн тодорхой цагийн зайтай ирж цооног дахь бохирыг соруулж байв.

ӨДӨРТ ДУНДЖААР 300-ГААД БОД, 500-ГААД БОГ НЯДАЛДАГ

Гадаа тамхи татан зогсох нядалгааны ажилтнаас ийм ажил хийхэд хэр хүнд хэцүү болохыг асуусан юм. Тэрбээр “Энд ажиллах эхэн үедээ тун хэцүү санагддаг байлаа. Одоо бол дассан. Өдөрт 50 мянган төгрөгөөс бага цалин авдаггүй. Цалингаа 10 гаруй хоноод тавьдаг. Манай захирал хятад хүн байдаг. Энд хааяа ирнэ. Ихэвчлэн монгол талын захирал биднийг хянадаг юм. "Эмээлт"-эд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь хятад эзэнтэй байдаг. Малыг нядлахдаа тогонд цохиулдаг гэдэг ч яс юман дээрээ бүгд тэгдэггүй. Бод малыг толгой руу нь цохиж, дараа нь хоолойг нь хэрчиж нядалдаг. Зарим нь  нэг цохиход унахгүй, хэд хэд цохиулж байж унадаг. Харин бог малын хүзүүг хэрчиж нядалдаг. Бог малыг нядалсны дараа үсийг нь зумалж цэвэрлээд шулдаг. Энд өдөрт дунджаар 300-гаад бод, 500-гаад бог нядалдаг. Малаас гарч буй ялгадас болон ясыг хээр хаядаг гэсэн. Харин махыг нь Хятад руу гаргадаг. Хилээр гараад эндээс авсан үнээ гурав дахин нугалж зардаг гэх юм билээ” гэсэн юм.

ТОГОНД ЦОХИУЛЖ НЯДАЛСАН БОЛ МАЛЫГ ИНГЭЖ ЗОВООХГҮЙ

Хашаанд олон хүн холхилдож байлаа. Тэдэн дунд ченж олон байсан бол ганцхан малчин байв. Тэрбээр “Өчигдөр өглөө энд ирсэн. Оюутан хүүхдийнхээ дараагийн улирлын сургалтын  төлбөрийг бэлтгэхээр портер дээрээ таван адуу ачаад ирлээ. Ченжид өгөхөөр маш бага үнээр авдаг юм. Малчдад малаас өөр орлого олох зүйл байдаггүй. Тиймээс хэдэн адуугаа гайгүй үнээр өгөх санаатай энд анх удаа ирж байна. Хүлээх зуураа малыг яаж нядалж байгааг харлаа. Их зоддог юм байна. Монголчууд эртнээс малаа буянт мал гэж дээдэлж ирсэн. Малыг ингэж яргалж байгаа нь монгол хүнд тун зохимжгүй харагдаж байна. Уг нь тогонд цохиулдаг гэж сонссон ч тэгэхгүй байна. Хэрэв тогонд цохиулж нядалсан бол малыг ингэж зовоохгүй, аль алиндаа илүү амар байх байлаа. Одоо нэгэнт холоос ирсэн болохоор таван адуугаа өгөхөөс өөрцгүй. Нядалгааны дараа малыг хуулж, жижиглээд жинлэж байна. Адууны махыг килограммыг нь 4400 төгрөг, үхрийн махыг 4700 төгрөгөөр тооцож байна. Нэг адуу дунджаар 175 кг хүрдэг юм байна” гэсэн юм.

АДУУНУУДЫН ГЭДЭС НУМАРЧ, ХАВИРГА НЬ ХЭРЗИЙЖ, ЭРҮҮ НЬ ЗУУРСАН БАЙЛАА

Удалгүй адуу ачсан, Говь-Алтай аймгийн дугаартай ачааны машин ирэв. Машинаас 30 гаруй адуу буулгалаа. Адуунууд холоос ирсэн тул хөл нь хөшсөн бололтой, доголсоор бууж байв. Мөн гэдэс нь нумарч, хавирга нь хэрзийжээ. Хэсэг хугацааны дараа тэднийг авчирсан ченж  бага зэргийн өвс тавьж өгөв. Гэтэл заримынх нь эрүү зуурсан шинжтэй, хазсан өвсөө эргүүлэн унагана.  Ченжээс адууг хэдэн төгрөгөөр авсныг тодруулахад хариулсангүй.

ЗОДОЖ НЯДЛАХ АРГА БАЙДАГГҮЙ

Малыг тогонд цохиулалгүйгээр зодож нядлах арга байдаг эсэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос тодрууллаа.


-Энэ жил хэчнээн хэмжээний мах экспортлох төлөвлөгөөтэй байна вэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Мах, сүүний анхдугаар аян” зохион байгуулсан. Энэ хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэхээр бусад оронтой хэлэлцээр хийж, хянан магадлал хийж байгаа. Өнгөрсөн онд 29 мянган тонн түүхий мах экспортолсон. Энэ нь өмнөх оныхоос тав дахин их тоон үзүүлэлт. Харин 2018 онд махны экспортыг 50 мянгад хүргэхээр төлөвлөсөн. Одоогоор 30 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Үлдсэн хоёр сард махны экспорт эрс нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Монгол малын махыг одоогоор хэдэн орон руу гаргаж байна вэ. Мах экспортлоход ямар шалгуур тавьдаг вэ?

-Мах бэлтгэлийг ихэвчлэн баруун аймгуудад хийж байгаа. Ингээд бэлтгэсэн махаа БНХАУ, ОХУ, Вьетнам, Казахстан, Иран, Катар, Япон улс руу экспортолдог. Мах экспортлохдоо импортлогч орны шаардлагад нийцүүлдэг. Жишээ нь, БНХАУ-аас хорио цээрийн хянан магадлал хийх газрын хүмүүс ирж манайд үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэртэй танилцаж, сонголтоо хийдэг юм. ОХУ-аас малын эмч ирж, махны үйлдвэрүүдтэй танилцаж, нядалгаанаас  эхлээд экспортлохоор тамга дарах үе хүртэл хянадаг. Харин Иранаас мах экспортлохоор 2-3 хүн ирдэг. Мал нядлах хүнтэйгээ ирж, ном уншиж, хилээр гаргах хүртэл хянадаг.

-Мах экспортолж буй хэчнээн аж ахуйн нэгж байна вэ?

-Мах импортолж буй тал нь тухайн малын магадлагааг хаанаас авч байна, хэзээ шинжилгээнд хамрагдсан зэрэг шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд л мах хилээр гаргадаг.  Монголд нядалгаа болон махны 50 гаруй үйлдвэр байдаг. Иргэд хүссэн газраа мал нядалгаа, махны үйлдвэр байгуулах гээд байдаг. Тиймээс мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар оруулж байгаа. Ингэснээр малыг замбараагүй нядалж буй газрыг үгүй хийж, зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулсан мах экспортолдог болохыг зорьж байна.  Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махаар дотоодын хэрэгцээг хангахыг зорьж байгаа. Ингэснээр иргэд гарал үүсэл нь баталгаатай мах хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.

-Мал нядалгааг стандартын дагуу хэрхэн  явуулдаг вэ?

-Нядалгаа явуулах тусгай аргачлал байдаг. Исламын шашинтай орон халал буюу хоолойг нь хэрчих аргаар малыг нядалж байна. Мөн тогонд цохиулж нядлах арга байдаг.

-"Эмээлт" зах дээр бод малыг толгой руу нь лоом, лантуу, сүхээр цохиж алж байна. Ийм нядалгааны арга байдаг уу?

-Зодож амыг нь таслах, нядлах арга байдаггүй. Гэхдээ нүдээр хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Үйлдвэр рүү малыг оруулахдаа тууж, шавхардаж байгаа нь зодож байгаа мэт харагдаж магадгүй юм.

-“Эмээлт” захад ойролцоогоор мал нядлах хэчнээн аж ахуйн нэгж, үйлдвэр байдаг вэ?

-Яг тус хэсэгт хэчнээн аж ахуйн нэгж байгааг мэдэхгүй. Хянан магадлагааг мэргэжлийн хяналтынхан хийдэг.

-"Эмээлт" зах орчимд байгаа үйлдвэрийн махыг урд хөрш рүү гаргадаг гэж байсан энэ үнэн үү?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй найман аж ахуйн нэгж, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй зургаан аж ахуйн нэгж, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй таван аж ахуйн нэгж, нядалгааны эрхтэй найман аж ахуйн нэгж байна. (БНХАУ руу мах экспортлох эрхтэй байгууллагын жагсаалтыг эндээс харна уу) Харин ОХУ-д мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж, Вьетнамд дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн дөрвөн аж ахуйн нэгж тус тус байна.  (ОХУ руу мах экспортлох аж ахуйн нэгжийн жагсаалтыг эндээс харна уу) Жагсаалтад ороогүй бол зөвшөөрөлгүй, жижиг нядалгааны газрууд гэсэн үг.

ЭМЭЭЛТЭД ГАР АРГААР МАЛ НЯДЛАХ 13 ГАЗАР БИЙ

Эмээлт зах орчимд байгаа мал нядалгаа болон махны үйдвэрт зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал, эмийн улсын байцаагч Б.Дэлгэрмаагаас тодрууллаа. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 32, 20, 21 дүгээр хороонд махны 30-аад үйлдвэр бий. Бид хяналтын хуудас, мах боловсруулах хуудсаар эрсдэл багатай газарт дүгнэлт өгдөг. Эдгээр үйлдвэрийн зарим нь давхар нядалгаа явуулж байхад зарим нь нядалгаагүйгээр мах үйлдвэрлэдэг. Ерөнхийдөө өдөрт 50-иас цөөн мал нядалж байвал гар аргаар мал нядлах газарт тооцогдоно. "Эмээлт"-эд ийм 13 газар бий. Эдгээр газар нь ченж нарын малыг нядалж өгдөг. Эндээс гарсан махыг “Хүчит шонхор”, “Хар хорин” зэрэг зах руу дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг. Мөн махны үйлдвэрүүд, гэрээт газруудад нийлүүлдэг. Харин 50-иас олон бол үйлдвэрт тооцогдоно. Эдгээр газрууд нядалгаанаас гарсан сэвсийг 32 дугаар хороонд байрлах түр хогийн цэгт асгадаг. Харин ясыг нь яс боловсруулах үйлдвэрт нийлүүлж, үйлдвэрийн үйл ажиллагаа хэтэрсэн үед түр хогийн цэгт хаядаг” гэсэн юм.

Дээр дундсан шиг малыг лоом, лантуу сүхээр балбаж, яргалалгүйгээр зөвхөн тогонд цохиулж нядлах шаардлага тавих цаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
БурууБуруу
76
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж