Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Тэмүүлэн барилдаж, хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгалаа. Тэрбээр ОХУ-ын Инал Тасоевд ялагдан цааш өрсөлдөх боломжгүй болсон юм. Орос жүдоч энэ жингийн аваргын алтан медалийг хүртсэн байна.
Абу Дабигийн “Их дуулга”-д 51 орны жүдоч өрсөлдсөнөөс манай улсаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүтэй дөрвөн бөх оролцож, нэг алт, нэг шагналт тавдугаар байрыг эзэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг аваргын алтан медалийг хүртсэн бол эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд Шведийн Масиаст ялагдсан.
Абу Дабигийн “Их дуулга”-д 28 орны жүдочид ямар нэгэн медаль хүртсэнээс Гүржээс гурван аварга төрсөн бол ОХУ, Израйль, Нидерланд тус бүр хоёр аваргатай буцжээ. Косово, Франц, Беларус, Монгол, Итали нэг аваргатай болсноор жагсаалтын 5-9-р байрт бичигдлээ. Энэ удаагийн “Их дуулга”-д Японоос ганц тамирчин оролцсон бол зохион байгуулагч Арабын найман тамирчнаас нэг нь ч медальд хүрч чадаагүй байна.
Жүдо бөхийн ээлжит тэмцээн ирэх долоо хоногт Узбекистаны Ташкент хотод болно.