Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Авьяаслаг Монголчууд” шоуны гурав дахь дугаар албан ёсоор есдүгээр сарын 16-ны өдөр үзэгчдийн хүртээл болсон билээ. Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж буй. Тус шоуны хөтлөгчөөр Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” болон “Наашаа Цаашаа” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Мандуул ажиллаж байна.
ХАРИН АЛТАН БАЗЗЕР ГЭЖ ЮУ?
Оролцогчийн үзүүлбэрт шүүгч, хөтлөгч нар алтан баззер дарвал тухайн оролцогч хагас шигшээ шат буюу шилдэг 32 оролцогчийн шатанд шууд оролцох эрхтэй болох юм. Алтан баззерыг дөрвөн шүүгч тус бүр нэг нэг удаа, хөтлөгч нэг удаа дарах эрхтэй. Алтан баззерыг ихэвчлэн өвөрмөц содон үзүүлбэр үзүүлсэн нэг ёсондоо шүүгчдэд өөрийн шийдвэрээ нэг удаа баталгаажуулах боломж буюу өөрт нь хамгийн их таалагдсан оролцогчид тухайн үнэлгээг өгдөг байна. Ингээд алтан баззерын эздийг эргэн нэг сануулья.
П.АНУЖИН ШҮҮГЧИЙН АЛТАН БАЗЗЕР
Шоуны анхны анхны алтан баззерын эзнээр 13 настай А.Энхжин тодорсон билээ. Түүний дуулах чадварыг өндрөөр үнэлсэн П.Анужин шүүгчийн энэхүү үйлдэл нь олноос нилээдгүй шүүмжлэл хүртсэн юм. Тухайн үед П.Анужин шүүгч энэ асуудлын талаар “Аз жаргал, баяр бахархлыг надад өгсөн. Соронз мэт миний хайрыг татсан охин шүү дээ. Хоолойны хүч, өгөгдөлтэй хирнээ хүнд хүргэж чаддаггүй, урлаг болгож амилуулж чаддаггүй хүмүүс бас байдаг. Уран налархай бие, царай зүс байх атлаа гойд ялгардаггүй ч хүн бий. Гэтэл эрдэнийн чулуу шиг гялтганаж бусдыг гайхшруулж чаддаг билэг өгөгдөл энэ охинд бий. Бүхий л зүйлийн төгс найрал, энэ бол урлаг" хэмээжээ. Харин охиныг шүүмжлэгчдэд хандан баззер авсан бяцхан охиныг ингэж хэлж, бичиж чадаж байгаа улс бусдыг хараах, харлуулах огт сонин биш” гэж тайлбарлаж байсан удаатай.
ХӨТЛӨГЧ Б.МАНДУУЛЫН АЛТАН БАЗЗЕРЫН ЭЗЭН
Хоёр дахь алтан баззерын эзнээр авьяаслаг бөмбөрчин залуу Б.Дуулал тодорсон. Түүний үзүүлбэр хөтлөгч Б.Мандуулыг ховсдож, эзэмдэж ийнхүү алтан баззер даруулахад хүргэсэн билээ. Тэрбээр цуцашгүй хүч хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ, авьяас билгийн хослолуудыг шоуны тайзнаа амьдруулж чадсан юм. Түүний хувьд өөрийн гараар янз бүрийн материал ашиглан хөгжмийн зэмсэг хийж хөгжим тоглосон. Та нзаарч харвал будгийн сав, хайруулын таваг гэх мэт хүмүүсийн өдөр тутамд хэрэглэдэг хэрэгслүүдийг ашигласан байгаа. Тиймдээ ч бүтээлч сэтгэлгээтэй энэ залуу хөтлөгч Б.Мандуулд таалагдсан нь лавтай.
ROKITBAY ШҮҮГЧИЙН АЛТАН БАЗЗЕРЫН ЭЗЭН
Beatbox Ray буюу Н.Нарангэрэл "Авьяаслаг монголчууд" шоунд оролцож, Rokitbay шүүгчийн алтан баззерын эзэн болсон. Түүний үзүүлбэр үзэгч, шүүгчдэд таалагдаж, хэдэн өдөртөө хүмүүсийн ярианы гол сэдэв болж байв. Тэрбээр арлын Япон улсад суралцаж байгаад эх орондоо ирсэн бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг гэнэ. Түүний үзүүлбэрт алтан баззер дарсан Rokitbay шүүгч “Би ойрын хэдэн жил хөгжмөөс ийм мэдрэмж аваагүй юм байна. Одоо ч шокноосоо гарахгүй байна“ хэмээж байсан.
Beatbox Ray Б.Нарандэлгэр нь хөөмий, хархираа, төмөр хуур, аман хуур, морин хуурыг битбокстой хослуулж, бүтээл туурвидгаараа онцлог гэгддэг. Харин шоунд үзүүлсэн үзүүлбэр нь олноос багагүй шүүмжлэлд өртөөд байна. Учир нь үзүүлбэрээ өөрөө зохиосон гэж тайлбарлаж байсан ч үзүүлбэрийн зохиомж нь бусдыг хуулбарласан гэх мэдээлэл цахим ертөнцөд тархах болсон. Түүнийг битбокс, хөөмий, исгэрээ болон язгуур урлагийн хөгжмийн зэмсгүүдийг ашиглан Монгол ардын аялгууг орчин үеийн хөгжим рүү хөрвүүлэн уран бүтээл туурвидаг "Ата боргужин"-ы бүтээл буюу зохиомжийг хуулбарлаж, эвлүүлсэн хэмээж байгаа юм.
ШҮҮГЧ Г.АРИУНБААТАР АЛТАН БАЗЗЕРЫН ЭЗЭН ИЛБЭЧИН ЗАЛУУ
Монгол илбийг дэлхийд таниулах том зорилго тавьсан илбэчин залуу шоуны дөрөв дэх алтан баззерын эзэн боллоо. “Илбэ намайг сонгосон” нэвтрүүлэг болон фэйсбүүк хуудсандаа байршуулан алдартнуудад илбэ үзүүлж буй бичлэгээр С.Билэгт олны танил болж чадсан билээ. Түүний хувьд илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон юм.Тэрбээр өнгөрсөн жил “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцохоор бэлдэж буй талаараа өөрийн цахим хуудсандаа бичиж байсан. Тэгвэл энэ удаагийн “Авьяаслаг Монголчууд” шоу түүний өмнөх сорилт болж байна. Түүний энэ удаагийн үзүүлбэр шүүгчид төдийгүй, үзэгчдийг гайхшуурлсан учраас шүүгч Г.Ариунбаатар алтан баззер дарж ийнхүү шилдэг 32-т шалгарсан юм.
ШҮҮГЧ Г.УНДАРМААГИЙН АЛТАН БАЗЗЕРЫН ЭЗЭН
Шоуны хамгийн сүүлийн алтан баззерыг шүүгч Г.Ундармаа дарлаа. Тэрбээр Хөвсгөлөөс ирсэн эршүүд, авьяаслаг Г.Гантогтох охины жүжиглэлтийн ур чадварыг бишрэн гайхсан билээ. Харин эрэгтэй хүүхэд мэт хувцаслаж, ярьсан Г.Гантогтох охин маань "Авьяаслаг Монголчууд"-ын тайзан дээрээс удаан уулзаагүй эмээтэйгээ уулзсан. Түүний хувьд Дархад нутгийн хошин яриагаар авьяас чадвараа гайхуулж, үзэгчдийн хайрыг татсан билээ.
Э.БУРАМ