"Хууль төрөхийн өмнө" буландаа Сонгуулийн хуулийг онцолж байна.
Намрын чуулганаар хэлэлцэх гол хуулийн төслүүдийн нэг нь Сонгуулийн тухай хууль. Манай Улс 2000 оноос хойш болсон бүх сонгуулиуд өөр өөр системээр явж ирсэн. Үндсэндээ бид сонгуулийн системийн бүх хувилбаруудыг туршаад үзчихсэн. Гэхдээ сонгогчдынхоо саналыг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг, хөрөнгө мөнгөнөөс ангид системээ хараахан олж чадаагүй өнөөг хүрэв.
Энэ удаад эрх баригч намын сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуульд оруулж буй гол өөрчлөлт нь УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль тус бүрийн онцлогт нь тохирсон тусгайлсан бие даасан хууль боловсруулж байгаа юм.
Сонгуулийн тухай хуультай хамт сонгуулиа ямар системээр явуулах уу гэдэгт парламентад суудалтай намууд санал зөрөлддөг нь бичигдээгүй хууль. 2016 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуулийг 100 хувь мажоритар систем байх мөн тус бүр нэг мандаттай 76 тойргоор зохион байгуулах өөрчлөлтийг хийсэн. Ингэснээр нэг тойргоос нэг л нэр дэвшигч сонгогдох хувилбар юм. Тэгвэл энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд өмнөх мажоритар системийг хэвээр нь үлдээжээ.
1992 оноос хойш болсон долоон удаагийн УИХ-ын сонгуулийн дөрөв нь 76 тойргоор, гурав нь 26 тойргоор явагдсан байдаг. Тодруулбал, 1992, 2008, 2012 оны сонгуулийг томсгосон буюу олон мандаттай 26 тойргоор, харин 1996, 2000, 2004, 2016 оны сонгуулийг 76 мандат бүхий 76 тойргоор зохион байгуулжээ. Тиймээс ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийг мажоритараар явуулах нь урьд хожид сонсч байгаагүй, учрыг нь үл олох систем биш юм.
Мажоритар системийн дутагдалтай тал нь улс төрч ганцаараа тоглодог гэж хэлж болно. Ямар нэгэн байдлаар ялгарч гарч ирдэг, PR-аа сайн хийдэг, нэр хүндээ олчихсон улс төрчдийг гаргаж ирдэг гэж улс төр судлаачид үздэг. Түүнчлэн сонгогчдын санал хаягдах талтай. Учир нь намынхаа нэрээр сонгогчдоос багагүй хэмжээний санал авсан ч тойрогт өрсөлдүүлсэн нөхдөөс нь нэг ч ялалт байгуулаагүй бол намд өгсөн сонгогчдын багагүй санал огт үнэлэгдэхгүй хаягдах боломжтой. Харин тус системийн давуу тал нь УИХ-д нэг нам олонх болох, өөрийн Засгийн газрыг хялбархан байгуулах, улмаар бодлогоо илүү тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрддэг.
Мажоритар системийн талаар хуульч, судлаачид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хуульзүйн доктор О.Мөнхсайхан: МАЖОРИТАР СИСТЕМЭЭР ЗӨВХӨН МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС ЯЛАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БОЛЖ, СОНГУУЛЬ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ХАМААРАЛТАЙ БОЛДОГ
-Олонхын тогтолцоонд хэд хэдэн сул тал байна. Юуны өмнө “Ялагч бүхнийг авна” гэсэн систем үйлчилдэг. Жишээлбэл, нэг тойрогт А гэдэг нэр дэвшигч олонхын санал авсан бол тэр хүн, түүний нам л УИХ-д суудалтай болох бөгөөд түүний өрсөлдөгч Б, В, Д нэр дэвшигчид өгсөн иргэний санал тооцогддоггүй, гээгддэг. Эдгээрийг тооцогдоогүй саналын илэрхийлж буй үзэл бодол УИХ-д тусгагддаггүй, төлөөлөл нь хууль батлахад оролцож чаддаггүй. Энэ байдал эцэстээ хоёр том нам бүхий тогтолцоо руу аваачдаг. Шинэ эсвэл жижиг нам Засгийн газрыг хамтран байгуулах тооны суудал авах боломж үгүй болно. Улмаар асуудлыг олон намын зөвшилцлөөр бус олонх болсон нэг нам дангаар олонхоороо түрий барьж шийдэх хандлага хүчтэй ажиглагддаг. Түүнчлэн нэр дэвшигчийн тойргоос сонгогддог учраас зөвхөн тойргийн явцуу сонирхолд хэт автах магадлал өндөр юм. Мөн хэн тойрогтоо хэр их байшин барьсан, зам зассан, хөрөнгө оруулалт хийсэн бэ гэдгээр сонгогдох хандлагатай учраас зөвхөн мөнгөтэй хүмүүс ялах магадлал өндөр болж, сонгууль мөнгөнөөс илүү хамааралтай болдог. Зөвхөн баячууд эсвэл баячуудаас мөнгө авч барьцаалагдсан хүмүүс УИХ-д нэр дэвшиж ялдаг болбол улс төрийн шийдвэр гаргалтад цөөн баян хүн дийлэнх иргэдээс илүү нөлөөтэй болж иргэний улс төрийн тэгш байдал зөрчигдөхөд хүрнэ. Түүнчлэн 76 жижиг тойрогт хуваарилж сонгууль явуулбал нутаг нуга, хамаатан садан, танил тал зэрэг жалга довны үзлийн хүчтэй нөлөөнд сонгууль явагдахад хүрнэ. Энэ бүхний эцэст УИХ-ын сонгууль Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх тухай улс төрийн намуудын бодлогын уралдаан бус хамгийн популист, хамгийн их халамж амласан, хамгийн баян, хамгийн их олонд танигдсан, нас тогтсон эрэгтэйчүүд хоорондын өрсөлдөөн болж хувирна.
ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ: ЖИЖИГ МАЖОРИТАР СИСТЕМ ОДООГИЙН ГИШҮҮДЭД Л АШИГТАЙ
-Жижиг 76 тойргоор өрсөлдвөл ухралт болно. Мажоритар системийн нэг муу тал нь тухайн жижиг тойрогтоо олон ноёд, вангууд, үүсчихдэг . Тэр ноёд нь цөөхөн сонгогчтой учраас тэдэнд бэлэг сэлт тараах, ямар нэг байдлаар амлалт өгөх зэргээр тархийг нь угааж сонгогчдыг өөртөө татна. Энэ нь ноёдын цуглаан шинжтэй болдог. Жижиг мажоритар систем хэнд ашигтай вэ гэхээр одоогийн гишүүдэд л ашигтай.
МУИС-ИЙН УЛС ТӨР СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР С.МӨНХБАТ: СОНГУУЛИЙН ПРОЦЕССОО ТУНГАЛАГ ИЛ ТОД БОЛГОХ ЁСТОЙ
-Сонгуулийн аль ч тогтолцоо эерэг болон сөрөг талтай. 100 хувь давуу талтай тогтолцоо гэж байхгүй. Тухайн улс орон өөрийнхөө онцлогт тохируулаад аль сонгуулийн тогтолцоог хэрэгжүүлэх эсэхээ сонгодог. Өнөөдөр улс төрийн намууд нь бүрэн гүйцэт төлөвшөөгүй цаашлаад Үндсэн хуулиа өөрчлөх, төрийн тогтолцоогоо өөрчлөх зэрэг асуудал яригдаж байна. Энэ бүхэн улс төрийн намууд нь төлөвшөөгүйг харуулж байгаа юм. Төлөвшихөд цаг хугацаа хэрэгтэй. Сонгогчдын улс төрийн боловсрол өндөр, нөгөө талд төр түмнийхээ төлөө зүтгэх мэдлэг чадвартай бие хүнийг сонгоход мажоритар систем үйчилдэг. Мажоритар системийн сул тал нь гэвэл сонгогчдын санал гээгддэг. Гэхдээ өнөөдөр дэлхийд ардчиллын нүүр царай болж байгаа АНУ сонгуулиа мажоритар системээр явуулсан нь мөн л сөрөг талтай. Нийт сонгогчдын олонхын санал авсан Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ мэтчилэн улс орон бүр сонгуулийн системээ янз бүрээр хэрэглэж байна. Манай өнөөгийн нөхцөлд жижиглэсэн мажоритар систем нь зөв болов уу гэж хувьдаа харж байна. Хэрэв мажоритар томсгосон тойрог руу орвол энэ нь ямар эрсдэл дагуулдаг вэ гэхээр мөнгөтэй, бэл бэнчинтэй, томоохон улс төрчид тоглох боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, тухайн том тойрогт хүрч ажиллах хүн хүч, хөрөнгө санхүүгийн нөөц шаардагдах нь тодорхой. Тийм учраас мөнгөтэй улстөрчид л орж ирдэг. Дээрээс нь томсгосон олон мандаттай тойрогт нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг. Энэ нь явсаар нэг намын гишүүд дунд үл итгэлцэл бий болж улмаар нам дотроо хагарал бий болдог. Мөн сонгогчдын санал гээгддэг. Одоогийн нөхцөлд манайд жижиглэсэн мажоритар систем тохиромжтой. Сонгуулийн систем гэхээсээ илүүтэй сонгуулийн үйл явцаа үнэн зөв, шударга, хуулийн дагуу ил тод явуулах уу гэдэгт л анхаарах ёстой. Эхлээд бид сонгуулийн систем рүүгээ буруугаа хэлэхээс илүүтэй сонгуулийн процессоо тунгалаг ил тод болгох тал дээр анхаарч ажилламаар байгаа юм.
Сонгуулийн системээ сонгоно гэдэг нь аль нам тухайн сонгуульд ялах уу гэдэг рүү чиглэгдэх бус тухайн системийг сонгосноор манай оронд ардчилсан сонгууль яаж төлөвших үү, сонгогчдын оролцоо хэрхэн нэмэгдэх үү, төлөөллийн ардчилал яаж бэхжих үү гэдэг сонгогчдын суурь төлөвшлийг бий болгоход чиглэгдсэн сонгуулийн системээ сонгох нь зохистой гэдгийг эрх баригч намд сануулъя.
Холбоотой мэдээ