Туркийн Истанбул хотноо дэлхийн хамгийн том онгоцны буудлын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.10.29/ болж байна.
Хар далайн эрэг дээр байрлах нисэх онгоцны шинэ буудал нь одоогоор бүрэн ашиглалтад ороогүй байгаа боловч бэлэн болсон хэсгүүдээ өнөөдрөөс эхлэн ажиллуулахаар төлөвлөсөн нь энэ юм байна. Одоогийн байдлаар, тус нисэх онгоцны буудал нь жилд 90 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай байгаа бөгөөд 3750, 4100 метрийн урттай нисэх болон буух хоёр талбай нь ашиглалтад орж байгаа аж.
Харин арван жилийн дараа гэхэд тус онгоцны буудал бүрэн баригдаж дуусах юм. Бүрэн ашиглалтад орсныхоо дараа нисэх буудлын нийт талбай нь 7690 га газар болон өргөжиж, жилд 200 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай, нисэх болон буух гээд нийт зургаан талбайтай болох юм.
Нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зохицуулагч Кадри Самсунлу, “Энэ онгоцны буудал Ази-Европыг холбох хамгийн чухал төв байх болно” гэж хэлжээ.
Онгоцны буудлын дотоод заслыг Турк, Исламын уран барилгаас санаа авч хийсэн бөгөөд алтан зул цэцгийн хэлбэртэй агаарын хөдөлгөөний хяналтын цамхаг нь 2016 оны олон улсын архитекторуудын уралдаанаас шагнал авчээ.
Бүх нислэгийн компаниуд хоёр сарын дараа гэхэд нисэх онгоцны шинэ буудал руугаа нүүж дуусах юм. Харин одоо ашиглагдаж байгаа Ататурк хэмээх гол нисэх онгоцны буудал нь жилд 64 сая хүнд үйлчилж байгаа бөгөөд нисэх онгоцны шинэ буудал нээгдсэнтэй холбогдуулан онгоцны үзэсгэлэн зохион байгуулах, хувийн онгоцнуудад үйлчлэх зэргээр зорилгоо өөрчлөх аж.
Турк улсын нийт нисэх онгоцны буудлууд нь энэ жилийн эхний есөн сарын байдлаар 164 сая хүнийг хүлээн авсан бөгөөд тэдгээрийн 31 хувийг Ататуркийн олон улсын нисэх онгоцны буудал хүлээн авчээ.
Нисэх онгоцны шинэ буудлаас хамгийн эхэнд хөөрөх онгоц нь “Туркиш Эйрлайнс” байх ажээ.
Нисэх онгоцны шинэ буудлын нээлтийн үйл ажиллагаа нь Туркийн Бүгд Найрамдахчуудын өдөртэй давхцаж байгаагаараа онцлог болж байна. Туркийн Бүгд Найрамдахчуудын өдөр нь жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийн нэг цагт эхэлж, 35 цагийн турш үргэлжилдэг уламжлалтай бөгөөд энэ жил Бүгд Найрамдах Турк улс байгуулагдсаны 95 жилийн ой болж байгаа юм байна. Тус ойн баярын арга хэмжээнд Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, гадаадын 50 гаруй төлөөлөгч, сайдууд болон бусад дээд түвшний төлөөлөгчид оролцож байна.
Эх сурвалж: Daily Sabah