Татварын хөнгөлөлт ба эргэлзээтэй асуултын хариу

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Татварын хөнгөлөлт ба эргэлзээтэй асуултын хариу

Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг сум, дүүргийн татварын албадад авч эхлээд байна. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор татварын хөнгөлөлтийн материалыг бүртгэж хүлээн авдаг билээ. Урьд өмнөх жилүүдэд хүмүүс материалаа оройтуулж, хугацаа тулгаж өгснөөс дараалал үүсч, татарын албаны ачаалал ихэсч байсан бол энэ жилийн хувьд иргэд эртнээс материалаа бүрдүүлж эхэлснийг дүүргүүдийн татварын албаныхан хэлж байна.

Энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд 2014 онд орон сууц худалдан авсан, шинээр хувийн орон сууц барьж байгуулсан болон татвар төлөгч өөрөө юм уу үр хүүхдүүд нь их дээд сургуульд суралцаж буй бол татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Урьд өмнөх жилүүдэд энэ төрлийн хөнгөлөлтийг эдэлж эхэлсэн иргэдийн хувьд үргэлжлүүлэн хөнгөлөлтөө авах боломжтой. Давтан хамрагдаж буй хүмүүсийн хувьд мэдээлэл сайтай байдгийн дээр бүрдүүлэх материал ч харьцангуй цөөрдөг онцлогтой. ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд анх удаа хамрагдаж буй иргэдийн хувьд асууж тодруулах зүйл олон тохиолддог. Тиймээс нийтлэг тохиолдож буй зарим асуултын хариултыг Татварын ерөнхий газраас бэлтгэн вэбсайтдаа байршуулжээ. Тэдгээрээс сийрүүлэн уншигчдадаа хүргэе.


Малчид татвар төлсөн тохиолдолд  хөнгөлөлтөд хамрагдана

-Хувь хүний “Өөрийн орлого”-д ямар орлогууд багтах вэ. Татвар төлсний дараах орлогыг нотлох баримтад  ямар, ямар  баримтыг оруулах вэ?

– Өөрийн орлогод дараах орлогуудыг хамруулна. Үүнд:                     

1.Цалин хөлс, шагнал урамшуулал, түүнтэй адилтгах орлого                   

2.Үйл ажиллагааны орлого                                                                           

3.Бэлэглэлийн орлого                                                                                              

4.Хөрөнгийн орлого                                                                                     

5.Хөрөнгө борлуулсаны орлого

 

-Малаас гаралтай бүтээгдхүүнээ борлуулж, үйл ажиллагааны орлогоосоо татвар төлсөн малчин хүн  орон сууц худалдан авах, эсвэл хувьдаа орон сууц барьсан бол 30.0 сая төгрөгтэй тэнцэх орлогыг татвараас чөлөөлөх үү?

– Малчин, мал бүхий этгээд мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулж, орлого олсон тохиолдолд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд  заасны дагуу үйл ажиллагааны орлогод тооцон, мөн хуулийн  18 дугаар зүйлд зааснаар албан татвар ногдох орлогоос хасагдах зардлуудыг хасч татвар ногдуулна. Гэхдээ  малчин, мал бүхий этгээд малын гаралтай бүтээгдэхүүнээс олсон орлогоосоо татвар төлсөн байх шаардлагатай. Татвар төлсөн тохиолдолд хөнгөлөлт, чөлөөлөлтийг бусдын адил хөнгөлөлт эдэлнэ.

– Төрийн байгууллагын ажилтан орон сууц худалдан авсан тохиолдолд орлогын эх үүсвэртээ малаа зарсан орлогоо оруулж болох уу. Хэрэв оруулбал ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

– Мал бүхий этгээд өөрийн өмчлөлд байдаг малаа зараад үйл ажиллагааны орлогоо тайлагнаж, татвараа төлсөн бол орлогын эх үүсвэрт нь оруулж тооцно. Харин татвар төлөөгүй тохиолдолд эх үүсвэртээ оруулах боломжгүй юм.

-Банкинд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг наториатаар баталгаажуул гэхээр банк өгдөггүй. Иймд гэрчилгээний хуулбар дээр банкинд байгаа гэсэн тэмдэглэл хийлгэж, тамга даруулж болох уу?

-Банкинд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг заавал нотариатаар баталгаажуулж татварын албанд өгнө.

-Ажиллаж байгаа байгууллагаас авсан зээлээ цалингаараа төлж байгааг өөрийн орлого гэж үзэх үү?

-ХХОАТТХ-ийн 8.1.1-д цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод татвар ногдоно гээд 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдсэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод татвар ногдохоор зааж өгсөн. Иймээс өөрийн орлого гэж үзнэ.

 


Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг нөхөж авч болох уу?

-Бакалаврын төвшинд боловсрол эзэмшиж мургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж байсан иргэн өөр мэргэжлээр бакалавраар суралцах үед дахин хөнгөлөлт эдлэх үү?

– ХХОАТХуулийн 24 дүгээр зүйлийн 24,7-д заасан “суралаж байх хугацаандаа…” гэж заасныг үндэслэн ажил хөдөлмөр эрхлээд оройгоор болон эчнээгээр сурч байгаа аливаа тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Мөн хоёр дахь мэргэжлийн сургууль, магистр, доктор гэх мэт дахин суралуаж байгаа үед энэ хөнгөлөлтөд хамрагдахгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Хоёр сургуульд зэрэг сурдаг оюутанд хөнгөлөлтийг хоёр сургуульд төлсөн төлбөрөөр нь тооцох уу?

-Тухайн оюутан бакалаврын түвшинд хоёр сургуульд зэрэг суралцаж байгаа тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг  баримтаар нотлогдох зардлын хэмжээгээр тооцон эдэлнэ.

-Сургалтын хөнгөлөлтөд хамрагдах баримт бүрдүүлэхэд зарим сургуулиуд төлбөрийн баримт хурааж авчихаад мөнгө төлсөн гэсэн тодорхойлолт өгдөг. Тодорхойлолтыг төлбөрийн баримтанд тооцох уу?

-ХХОАТТХуулийн 24.6-д баримтаар нотлогдох төлбөр хэмээн заасан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.4-т заасан “анхан шатны баримт” гэж гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог гэж заасан. Иймд төлбөр төлснийг нотлох баримтад банкны хуулгыг хамааруулж ойлгохоор байна. Иймээс сургуулийн тодорхойлолт шаардлага хангахгүй.

-Урьд онуудын сургалтын төлбөрөөр хөнгөлөлтөд хамрагдаагүй бол нөхөн хамрагдаж болох уу?

-Суралцаад төгссөн болон одоо дээд курст сурч буй оюутнуудын өмнөх жилүүдийг нөхөн татварын хөнгөлөлт олгохгүй. Учир нь ХХОАТТХуулийн 24.6-д “элсэн суралцаж байгаа”, 24.7-д “суралцаж байх хугацаандаа” хөнгөлөлт авч болно хэмээн заасан байна.

-Нэг гэрийн хоёр хүн тус тусдаа хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж болох уу?

– Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтад төлсөн, баримтаар нотлогдох төлбөр гэж заасан бөгөөд тус хуулийн нэгдүгээр зүйлд тус хууль нь хувь хүний орлогод албан татвар ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар заасан байдаг учир тус тусдаа төлсөн нэг гэрийн хоёрын сургалтын төлбөр хөнгөлөлтөд хамрагдана.

– Тусгай дунд боловсролтой, эмнэлэгт сувилагчийн ажилтай эмэгтэй бакалварын түвшинд өдрийн ангид сурч байгаа. Байгууллагаас цалин авдаг хүн хөнгөлөлт эдлэх үү?

-Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн суралцагчийг хөнгөлөлтөд хамруулахаар заасан. Иймд  сувилагч эмэгтэй хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо татвар төлж, мөн сургалтын төлбөрөө төлж байгаа тохиолдолд уг хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж