Д.Батбаатар: Захиргааны ерөнхий хууль том дэвшил болсон

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Д.Батбаатар: Захиргааны ерөнхий хууль том дэвшил болсон

Д.Батбаатар: Захиргааны ерөнхий хууль том дэвшил болсон

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатартай уулзаж, Захиргааны ерөнхий хуульд оруулах гэж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Хуулийн төсөлд хоёрхон заалтыг өөрчилж байгаа ч тэрхүү заалт нь Засгийн газрыг захиргааны хэргийн шүүх хянах ёсгүй гэдэг агуулгаар оржээ. Харин та энэ өөрчлөлтөд хэрхэн хандаж байна вэ?

-Захиргааны хэргийн шүүх хуулиар харьяалуулсан нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн Цэц болоод бусад шүүхэд харьяалагдах маргаан байвал хянан шийдвэрлэдэггүй. Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаасаа хойш дагнасан шүүхийн хувьд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр хянаж, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол хүчингүй болгох зэргээр эрхийг нь сэргээсээр ирсэн. УИХ-аас 2015 онд баталсан Захиргааны ерөнхий хууль 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байна. Засгийн газар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг дээд байгууллага буюу хуулийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэгтэй, мөн төрийн захиргааны төв  болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажилладгийн хувьд дээрх хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ёстой гол байгууллага.

Захиргааны ерөнхий хууль үндсэндээ гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааг зохицуулж байгаа гол хууль учраас уг хуулийн үйлчлэх хүрээнээс Засгийн газар, түүний харьяа агентлагуудыг гаргачихаар тухайн хууль маань бараг шаардлагагүй болно. Саяхан л Захиргааны ерөнхий хууль батлан гаргасан нь эрх зүйт төрийн хувьд том дэвшил болсон талаар бүгд л ярьж байсан шүү дээ.

Хэргийн харьяаллын тухайд Захиргааны ерөнхий хууль үүнийг зохицуулдаггүй, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Урьд нь 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө энэ асуудлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулж байсан. Харьяаллыг жагсаалтын зарчмаар буюу Засгийн газар, түүний яам, агентлаг гэх зэргээр хариуцагч байгууллагыг нэрлэн зааж байсан. Харин Захиргааны ерөнхий хууль, түүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар дээрх жагсаалтын зарчим үндсээрээ өөрчлөгдсөн. Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх захиргааны байгууллага гэдгийг нэрлэн зааж биш, тухайн байгууллагын шинжээр нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд байхаар тодорхойлсон. Тиймээс төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газрыг шүүх Засгийн газар гэдэг утгаар нь биш, тодорхой шинжээр нь захиргааны байгууллагад хамаарна гэж үзээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд зарим шийдвэрийг нь хянаж байгаа. Гэхдээ шүүх Засгийн газрын шийдвэр болгоныг харьяалан хянадаггүй. Гагцхүү иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан тохиолдолд тухайн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулж байвал нэхэмжлэл гаргасан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбогдуулан хянаад хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байвал нэхэмжлэлийг хангах, эдгээр нөхцөл байдлын нэг нь үгүйсгэгдвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байдлаар шийдвэрлэдэг. Ийм төрлийн Засгийн газрын шийдвэр маш цөөхөн. Үүнээс бусад ялангуяа Засгийн газар улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаггүй.

-Захиргааны хэргийн шүүх ер нь Засгийн газартай холбоотой хэдэн маргаан шийдвэрлэсэн байдаг вэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хууль бус шийдвэрээс болж хохирсон хэдэн иргэний эрх ашгийг шүүх хамгаалсан нь сонин байна?

-Яг нарийн тоог санахгүй байна, өнөөгийн байдлаар захиргааны хэргийн шүүхүүд анхан шатны журмаар жилдээ 2000 орчим захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг. Энэ дотроос Засгийн газар хариуцагчаар татагдсан хэрэг тийм олон биш 10 дотор л байдаг. Үүнээс нэхэмжлэл хангагдах нь тавь орчим хувь. Нарийн тодорхой тоог шүүхийн тайлангаас харж болно.

-Захиргааны ерөнхий хуульд ямар зорилгоор өөрчлөлт оруулах гээд байгаа гэж та харж байна вэ?

-Үндсэн хуульд заасан эрх бүхий субъектээс хуулиа санаачлаад түүнийг нь хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд УИХ хэлэлцэж байгаа тохиолдолд зорилгыг нь би тодорхойлох утгагүй. Хууль тогтоогчоос хүрсэн үр дүнгээсээ ухарсан шийдвэр гаргана гэж бодохгүй байна.

-Цэц энэ асуудлаар 2005 онд дүгнэлт гаргаад Засгийн газрыг захиргааны шүүхийн харьяалалд байх ёсгүй гэсэн юм билээ. Цэцийн дарга хавар энэ тухай шүүхэд бичиг хүргүүлсэн байсан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэрийг шүүх дагах ёстой юм биш үү?

-Цэцийн энэ дүгнэлт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалттай холбогдон гарч байсан. Тухайн хууль одоо хүчингүй болсонд тооцогдсон. Шинээр болон урьд үйлчилж байсан хуулиа хүчингүй болгоод дахин шинэчлэн гаргана гэдэг нь Үндсэн хуулиар тунхагласан зорилгодоо хүрэх гэсэн, урьд зохицуулаагүй харилцааг зохицуулах, эсхүл алдаатай, тодорхой бус зохицуулалттай байсан бол түүнийгээ залруулж, тодорхой болгох зорилгыг агуулдаг байх. Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоохоор тунхаглаж, эрх зүйт төрийн үндсийг бүрдүүлж өгсөн л юм бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу Засгийн газар зарим шийдвэрийнхээ тухайд захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар оролцоно гэж ойлгож байна. Жишээ хэлэхэд, Үндсэн хуулийн Цэцийн дээрх дүгнэлтээр Засгийн газраас гадна Сонгуулийн ерөнхий хороог захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас гаргасан. УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг шинээр батлан гаргасны дагуу захиргааны хэргийн шүүх дээрх Цэцийн дүгнэлт гарснаас хойших УИХ-ын сонгуультай холбоотой Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрүүдийн талаарх маргааныг харьяалан хянан шийдвэрлэсээр ирсэн, үүнийг хэн ч буруу гэхгүй л байна. Түүний нэгэн адил Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинээр батлагдаж мөрдөгдсөн үеэс Засгийн газрын зарим шийдвэртэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн үндсэн дээр харьяалан шийдвэрлэж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Энэ асуудлаар миний хувийн бодол ийм байна.

-Засгийн газрын шийдвэрийг Цэц, эсвэл иргэний шүүх хянаж болох юм шиг харагдаад байгаа. Захиргааны шүүх хянахын давуу тал нь юу юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн Цэц нь Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргана. Түүнээс биш, Үндсэн хуулиас бусад хууль тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргахгүй. Тэгэхээр Засгийн газрын Үндсэн хуулиас бусад хууль зөрчиж гаргасан хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулж, сэргээлгэх боломжгүй болно. Энд Засгийн газар өөрөө эсхүл УИХ хүчингүй болгох боломжтой гэх боловч тодорхой нэг асуудлаар хэн нэгэн этгээдийн субьектив эрхтэй холбоотой гаргасан шийдвэрээ Засгийн газар өөрөө эргээд хүчингүй болгох, тэрхүү асуудлыг нь тэр бүр УИХ хэлэлцээд байх боломж хэр байх бол. Ердийн харьяаллын буюу иргэний хэргийн шүүхээр хянуулахын тухайд түрүүн таны дурдсан Цэцийн дүгнэлт гарсны дараа Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх хянаж л байсан. Гэхдээ УИХ-аас Монгол Улсад захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хянадаг захиргааны хэргийн дагнасан шүүхийг байгуулах шаардлагатай гэж үзэж хууль гаргаад уг шүүхийг байгуулаад 14 жил болсон, тодорхой эерэг үр дүнд хүрсэн. Энэ хугацаанд төрийн захиргааны байгууллагууд дан ганц захиран тушаадаг, тэр нь дандаа үнэн зөв байдаг биш, аливаа шийдвэр гаргахдаа хуулийг дээдэлдэг, иргэдийн эрхийг хөндөхөөр бол оролцоог нь хангадаг, хэрвээ хууль зөрчсөн бол тухайн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, эрхээ сэргээлгэж болдог гэсэн итгэл иргэдэд бий болоход нэлээд түлхэц болсон гэж боддог. Энэ нь ч жилээс жилд захиргааны хэргийн шүүхэд хандах иргэдийн тоо нэмэгдэж байгаагаас харагддаг. Ганцхан шүүх гэлтгүй ямар ч ажил мэргэжлийг тухайн чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай этгээд гүйцэтгэх нь илүү үр дүнтэй байдгийг иргэд маань хэлүүлэлтгүй мэдэх байх.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж