Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд UB

Төрсөн өдрийн мэнд UB

Балгас болсон барилгыг нураахаас эхлээд замбараагүй газар олголтыг цэгцлэх амаргүй ч, нийтийн эрх ашгийн төлөө эхлүүлсэн зоримог шийдвэрээ эцсийг нь хүртэл хэрэгжүүлж, ажиллахыг хотынхноос хүсье.

Улаанбаатар хот өнөөдөр 379 насныхаа ойтой золгож байна. Суурин соёл иргэншилд шилжсэн он цагаар хөөвөл нэгэн зууныг ардаа хийх нь ээ.

Улсын нийслэлд өнөөдөр 1.4 сая хүн амьдарч байна. Хүн ам өсөхийн хэрээр гэр хороолол хаяагаа тэлж, агаар, хөрсний бохирдол чинээндээ тулан, төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих шаардлага тулгарсныг энэ оноос шийдвэрлэж эхлээд байна. Тухайлбал, Засгийн газраас хүчин чармайлт тавьж, хот ч зүтгэсний хүчинд БНХАУ-аас олгож буй хөнгөлөлттэй зээлээс 300 сая ам.долларыг төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад зарцуулахаар болж, ажил эхэллээ.  Өдөр бүр төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг халдваргүйжүүлж, үнэр дарах ажлыг ч хийж байна. Энэ ажлын үр дүнд Улаанбаатар хотын өмхий үнэр бас ч гэж дарагдлаа.

Автомашины түгжрэлийг сааруулахын тулд гүүрэн зам барихаар шийдвэрлэсэн нь томоохон бүтээн байгуулалтын түүчээ болов. Эл төслийн хүрээнд Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр гүүр болон Сонсголонгийн 289.4 урт гүүр шинээр барих ажлууд эхэлсэн.  Эдгээр зам, гүүр ашиглалтад орсноор нийслэлчүүдийн өмнө тулгараад байгаа автомашины түгжрэлийг 40 хувиар бууруулах бололцоотой болно.

Хаяа тэлэн томорч буй гэр хорооллыг барилгажуулахын тулд дэд бүтцийн төв төслийг хэрэгжүүлэхээр зураг төслийн ажил эхлүүлсэн нь өнөөдөр дуусах шатандаа оржээ.

Мөн утааны голомтод байгаа өрхүүдийг орон сууцанд ороход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хотоос орон сууцыг дэмжих сан байгуулсан нь яндангийн тоог 87-гоор бууруулжээ. Хэдийгээр энэ тоо чамлахаар харагдаж болох ч эхлэл байгаа ажил цааш өргөжихөд илүү олон айлыг утааны бүсээс гаргаж, орон сууцжуулах бололцоо байгаа нь харагдана.

Сургууль, цэцэрлэг хүрэлцдэггүйгээс нэг ангид 40-60-уулаа, зарим сургууль гурван ээлжээр хичээллэдэг олон жилийн гачлан ирэх жилээс өөрчлөгдөх нь ээ.

Энэ жил Улаанбаатар хотод улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр 18 мянга 880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөлийн барилга, таван сургуулийн спорт заалны барилга, 9345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, бага сургууль барих ажлыг эхлүүлжээ. Энэ онд долоон цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Харин одоо иргэдээс хүсэх зүйл бол хотдоо цэмцгэр амьдрах соёлд суралцах. Хаа таарсан газраа хог, нус цэрээ хаяхгүй байхаас хот хот шиг болж хөгжихөд иргэн таны оролцоо хамгаас чухал.

Улаанбаатарчууддаа нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж