“Эр хүн 90 нас хүртлээ үр тогтоох боломжтой"

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

“Эр хүн 90 нас хүртлээ үр тогтоох боломжтой"

“Эрүүл монгол эрэгтэйн эрэлд” цувралын өмнөх дугаарт эрэгтэйчүүдийн хоёр дахь зүрх гэгддэг түрүү булчирхайн талаар “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн захирал З.Цэгмидтэй ярилцсан. Үргэлжлүүлэн бэлгийн сулрал сэдвээр ярилцсанаа хүргэе.


-Бэлгийн сулрал гэж яг юуг нэрлэх вэ. Хэрхэн оношлох вэ?

-Бэлгийн сулрал нь сэтгэл зүй болон сахар, даралт ихсэх зэрэг өвчлөлөөс шалтгаалсан бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт. Мөн төмсгийн дутмагшил байж болно. Өөрөөр хэлбэл, төмсгийн үйл ажиллагаа бүрэн боловсроогүй төрснөөр сахал үс ургахгүй байх, дуу нь бүдүүрэхгүй байх зэргийг даган бэлгийн үйл ажиллагаа сул байх юм. Түүнчлэн эрэгтэй хүн хатуу үгэнд тэсвэр муутай байдгаас эдийн засаг, эр эмийн харилцаа зэрэг олон асуудлаас үүдэн бэлгийн сулралд орж болно. Учир нь, аятайхан эмэгтэйг харах, сайхан харилцаа үүсэх зэрэгт эрэгтэй хүний дотоод шүүрлийн булчирхайг хариуцсан тархинд байрладаг төв сэргэж байдаг. Харин хахир хоолойтой, байнгын шүүмжлэгч хүн нь эрэгтэй хүний тархины төвийг гэмтээдэг. Нэг ёсондоо сэтгэлзүйн гэмтэл үүсч, бие эрхтэн эрүүл боловч бэлгийн сулралд ордог. Мөн өөрийгөө голдог, бусадтай өөрийгөө харьцуулдаг, гутранги хүн бэлгийн сулралд өртдөг. Тиймээс бэлгийн үйл ажиллагаа нь голчлон сэтгэлзүйгээс шалтгаалдаг.

-Бэлгийн сулрал ихэвчлэн хэдэн наснаас үүсдэг вэ. Үүнд юу нөлөөлдөг вэ?

-Ерөнхийдөө 35-аас дээш насны эрчүүдийн бэлгийн үйл ажиллагаа өөрчлөгддөг. Мөн нас ахих тусам өөрчлөлт ихэсдэг. Германд өрхийн эмч нь 35-аас дээш насны эрчүүдэд гормон хэвийн байлгах эм санал болгодог. Харин манайд эрчүүд өөрсдөдөө анхаарахгүй л бол болохгүй. Мөн монгол эрчүүд бэлгийн сулралыг нуух хандлагатай байдаг. Ингэснээр сэтгэл зүйгээ улам хямраадаг. Мөн 35 настай хүн 18 настай байсан үетэйгээ өөрийгөө харьцуулаад байдаг. Энэ нь сэтгэл гутралд оруулж, бэлгийн үйл ажиллагааг улам алдагдуулдаг. Эмчид хандаад зөвлөгөө авбал энэ нь асуудал биш.

-Нас ахих тусам бэлгийн үйл ажиллагаа алдагддаг гэлээ. Ер нь насны онцлогт тохируулан бэлгийн ажлыг долоо хоногт хэдэн удаа хийвэл хэвийн гэж үзэх вэ?

-Хүн бүрийн чалх өөр, байгалиас тэгж заяасан байдаг. Бэлгийн харилцаа нь мэдрэмжээс шалтгаалдаг тул минут болон давтамж, насаар тодорхойлох боломжгүй. Харилцаандаа эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч сэтгэл хангалуун байвал бэлгийн үйл ажиллагаа хэвийн байна гэж үзэх хэрэгтэй. Харин хэн хэнд нь таашаал төрөхгүй байгаа тохиолдолд бэлгийн сулралын тухай ярих хэрэгтэй. Гэхдээ зарим сэтгүүлд 40 настай хүн долоо хоногт хоёр удаа бэлгийн үйл ажиллагаанд орох ёстой зэргээр бичсэн байдаг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл. Эр хүн 90 нас хүртлээ секс хийх боломжтойг анагаах ухаан тогтоосон. Тиймээс 60 нас хүрээд одоо болсон гэж бодох хэрэггүй. Долоо хоногт нэгээс гурван удаа харьцаанд ороод сэтгэл хангалуун явдаг гэр бүл ч байна, 14 хоногт нэг удаа харьцаанд орсноор сэтгэл ханамжтай байдаг гэр бүл ч байна. Хүн бүр өөр гэдгийг ойлголцож, найз нөхөдтэйгөө нөхрийгөө харьцуулж дүгнэх хэрэггүй.

-Эрчүүдийн олонх нь гар хангалга хийдэг гэдэг. Үүний сайн болон муу тал нь юу вэ?

-Гар хангалгыг анагаах ухаан зөвшөөрдөг ч аливаа зүйлийн хэмжээ хэтэрвэл сөрөг нөлөөтэй. Гар хангалга нь гэр бүлээсээ хол байгаа хүний дур хүслээ бууруулах нэгэн арга. Гэхдээ үүний дараа гормоны дараах эм зайлшгүй уух шаардлагатай байдаг. Их хийвэл буруу зуршилд автаж, гар хангалга хийхгүй л бол нойр хүрэхгүй болдог. Мөн хэт их хийх нь бэлгийн сулралд оруулдаг. Учир нь, эрхтэн хөвчирсөн ч бай, үгүй ч бай гар хангалгаар л дур ханадаг болчихдог. Тэгэхээр үүнд анхаарах хэрэгтэй.

-Бэлгийн сулрал хэдий хугацаанд бүрэн эдгэх вэ. Мөн эмчилгээний аргыг эрчүүд их сонирхож байсан?

-Хамгийн түрүүнд эмчид үзүүлэх шаардлагатай. 1998 онд анх эмнэлгээ байгуулах үед хүмүүс манайд үзүүлэхээр ирэхдээ нүүрэндээ масктай орж ирдэг, ихэвчлэн ажлын дараа цаг авдаг байсан. Энэ байдал одоо арай өөр болсон. Үргүйдэл зэрэг шалтгаанаар хандахдаа ичилгүй ирж байна. Харин бэлгийн үйл ажиллагаа алдагдсаныгаа нууж, өөрөө дур мэдэн олон зүйл хэрэглэж байна. Тухайлбал, хавар малын засаа идэж, секс шопоос эм авч байна. Эмчид хандсанаар яг ямар зүйлээс шалтгаалан бэлгийн сулралд өртсөнийг оношилж, сэтгэлзүйн зөвлөгөө, эмэн эмчилгээ хийдэг. Учир нь, цусан дахь гормон бага байвал зориулалтын эм уух шаардлагатай. Бэлгийн сулралыг эмчлэхэд хугацаа ордог. Хамгийн багадаа 10 хоногоос нэг сарын хугацаанд эмчлэгдэнэ.

-Чалх сайжруулах эмийн  олон төрөл байна. Энэ нь сайн уу, муу юу?

-Залуу хүнд хэрэггүй зүйл. Хэрэв хэрэглэхээр бол заавал эмчийн заавраар хэрэглэ. Учир нь, 1998 онд виагра гэж чалх сайжруулах эм худалдаанд гарсан юм. Тухайн үед нуруу нь гэмтсэн, тэргэнцэртэй хүнд зориулан гаргасан байдаг. Гэтэл түүний хувилбарыг секс шопуудаар зардаг. Энэ нь гормонд нөлөөлөлгүйгээр цусан хангамжийг сайжруулах замаар бэлэг эрхтнийг хөвчрүүлдэг юм. Энэ эмийг хэрэглээд байвал дасах үйлчилгээтэй. Харин эмчийн жороор ургамлын гаралтай эм хэрэглэвэл ямар ч асуудалгүй.

-Бэлгийн чалхаа хэрхэн хадгалах вэ. Энгийн зөвлөгөө өгөөч?

-Эрэгтэй хүн бэлгийн чалхаа хадгалахын тулд бэлгийн замбараатай амьдралтай байх хэрэгтэй. Мөн улс орон бүрт бэлгийн чалхыг хадгалах арга байдаг. Монголчуудад хурга, ишигний засаа болон адууны иддэг ургамлууд, монлог 35, норов долоо зэрэг уламжлалт эм сайн. Мөн бэлгийн чалхыг хадгалах хамгийн чухал зүйл нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эрэгтэй эмэгтэй хоёрын харилцаа. Эрэгтэй хүн байгалиасаа магтуулах дуртай байдаг. Хэрэв магтаад, халуун дулаан харилцаатай байвал бэлгийн харилцаа ч сайн байна.

-Өөрт заяасан зүйлийг өөрчлөх нь тохиромжгүй гэдэг. Гэтэл танай эмнэлэг хөвч таслах, бэлэг эрхтэнд бөгж, цагираг суулгах зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Ийм зүйл хийлгэснээр эрэгтэйн сэтгэл ханамжид нөлөөлөх үү?

-Эмэгтэй хүн хөхнийхөө хэмжээнд санаа зовдог бол эрэгтэй хүн бэлэг эрхтнийхээ хэмжээнд санаа зовдог. Гэтэл байгалиас эмэгтэй хүний үтрээг дунджаар 12 см байхаар заяасан байдаг. Ингээд цочрох үед үтрээ нь хоёр дахин агшдаг. Тиймээс эрэгтэй хүнд заавал том эрхтэн байх шаардлагагүй. Бэлэг эрхтнийг томруулах янз бүрийн үйлчилгээ нь зөвхөн үйлчлүүлэгчийн санаачилгаар хийгддэг. Энэ нь эрэгтэйд ч, эмэгтэйд ч таашаал өгдөггүй. Яагаад гэвэл тэр нь гаднын биет. Яаж ч өөрчилсөн байгалиараа байснаас илүү таашаал өгдөггүй. Тухайн хүнд бэлэг эрхтнээ томруулах шаардлагагүй гэж яаж ч тайлбарласан томруулахыг л хүсээд байдаг. Нэг ёсондоо донтчихсон байдаг гэх юм уу даа.

Эрчүүдийн сэтгэлийг зовоодог асуудлаар эмч ингэж ярилаа. Эрэгтэй таны ажил төрөл бүтэхгүй байгаа ч юм шиг, сэтгэл санаа нэг л тогтворгүй, гундуухан алхаж яваа бол эмчийн хэлснээр сэтгэл санаагаа өөдрөг байлгаснаар бэлгийн сулралаас сэргийлж чадах юм байна.  Хамгийн гол нь ичиж, нэрэлхэлгүй, цаг алдалгүй эмчид хандах нь чухал байна.

Дараагийн удаа монгол эрчүүдийн дунд хүрээгээ тэлсээр байгаа үргүйдлийн сэдвийг хөндөх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж