Б.Лакшми: Хэт өөдрөг төсөвтэй байгаа үед төв банк бодлогын хүүг бууруулах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Б.Лакшми: Хэт өөдрөг төсөвтэй байгаа үед төв банк бодлогын хүүг бууруулах боломжгүй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.


-Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэлд инфляцийг 8 хувьд тогтворжуулах, дунд хугацаанд 6 хувь болгож бууруулахаар тусгасан. Энэ зорилтод хүрэх боломж хэр түвшинд байна вэ?

-Инфляцийн хувьд 8 хувийн зорилтоо бараг хангачих байх гэж харж байгаа. Гэхдээ энэ нь гадаад хүчин зүйлсээс нэлээд хамааралтай. Тэгэхээр инфляцийг зорилтот түвшинд барихад хэд хэдэн сорилт тулгарах болов уу. Нэгдүгээрт, төсвийн төслөөр орлогыг нэлээд нэмэгдүүлсэн. Төсвийг алдагдалтай батлахаар байгаа. Яагаад алдагдалтай баталж байна вэ гэхээр эмч багш нарын цалинг нэмэгдүүлэх, тэтгэврийг нэмэгдүүлэх гэх зэрэг гол шалтгаан байгаа юм. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь инфляцид шууд нөлөөлөх эрсдэлтэй. Хоёрдугаарт, 2019 оны төсвийн төсөөллийг харахад маш их хэмжээний бүтээн байгуулалт хийхээр харагдаж байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхийн хэрээр эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ өснө. Тэр хэрээр инфляцид нөлөөлнө. Гуравдугаарт, гадаад хүчин зүйлсүүд нөлөөлөхөөр байгаа. Хятад болон Америкийн худалдааны дайны нөлөө байна. Бид бараг бүхий л бараа, бүтээгдэхүүнээ гаднаас худалдаж авдаг. Энэ утгаараа гадаад зах зээл дэх сөрөг нөлөө нь манай улсад орж ирэх валютын хэмжээг багасгаж, гадагшлах валютыг нэмэгдүүлэх нөлөөтэй. Энэ байдал инфляцид бас л сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тэгэхээр энэ мэт нөхцөл байдлаас хамааралтайгаар инфляци төсөөлснөөс арай өндөр гарах эрсдэл бий.

-Эрсдэлээс хамгаалахын тулд төв банк, Засгийн газар 2019 онд хэрхэн ажиллах хэрэгтэй вэ?

-Засгийн газрын 2019 оны төсвийн төсөөллийг харвал маш өөдрөг төсөөлөл байгаа. Наад зах нь нүүрсний экспортын хэмжээ түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрэхээр төсөөлсөн байгаа. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлого уялдаатай байх ёстой. Инфляцийг бага түвшинд, тогтвортой барихын тулд Сангийн яам, Монголбанк хамтарч ажиллахаас өөр аргагүй. Тэгэхээр төсвийн хэт өөдрөг байгаа өнөөгийн төсөөллийг Монголбанкны хувьд бодлогын хүүг бууруулах боломжгүй. Харин ч эсрэгээрээ бодлогын хүүг эсрэгээрээ нэмэгдүүлэх нөхцөл үүсэх магадлал өндөр байна. Нөгөө талаас эдийн засгийн өсөлт маань сэргээд эхэлсэн гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Эхний хагас жилийн байдлаар 6.3 хувийн өсөлттэй гарсан. Гэхдээ бид богино хугацааны амжилтдаа ташуурч болохгүй. Урт хугацааны нөхцөл байдлаа харах ёстой. Тухайлбал, чанаргүй зээлийн хэмжээ өссөөр байна. Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 3 орчим их наяд төгрөгт хүрчихлээ. Мөн арилжааны банкуудын нөхцөл байдлыг харвал 2017 онд банкны систем 249 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 2 дугаар улирлыг авч үзвэл ердөө 32 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байгаа. Энэ нь санхүүгийн зах зээлийн маш бага хувийг эзэлж байгаа банк бус санхүүгийн салбарын ашгаас ч бага тоо юм. Тэгэхээр санхүүгийн зах зээлд тодорхой хэмжээний эрсдэл байна. Үүнийг тогтворжуулах шаардлагатай гэдэг дүр зураг харагдаж байгаа юм. Ер нь инфляцийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг асуудал бий. Төсөв маш их тэлж байгаа үед Монголбанк бодлогын арга хэрэгслээрээ эдийн засагт эргэлдэж буй мөнгийг бууруулах арга хэмжээ авна. Үүний тулд бодлогын хүүг өсгөнө. Бодлогын хүүг өсгөснөөр банкуудын зээл олголтыг бууруулна.

-2019 оны хувьд гаднаас орж ирж болзошгүй шокийг зөөлрүүлэх, болзошгүй эрсдэлд бэлэн байхын тулд одооноос авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын арга хэрэгслийг хэрхэн тодорхойлж болох вэ?

-Мэдээж төв банкны хувьд гадаад шокоос хамгаалагдахын тулд валютын нөөцөө л нэмэгдүүлэх шаардлагатай. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд сүүлийн 5 жилийн хугацаанд манай Монгол Улс жилд дунджаар хэчнээн хэмжээний бараа, бүтээгдэхүүн гадаад улсаас импортолсон талаар судалгааг тусгаж өгсөн байсан. Үүнд үндэслээд Монгол Улсын гадаад валютын нөөцийн хувь хэмжээг 6.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэж тусгасан байна билээ. Энэ бол маш зөв алхам. Манай улсын хувьд ихэнх бараа, бүтээгдэхүүнээ гадаадаас импортолдог, дээр нь уул уурхайгаас хамааралтай эдийн засаг. Ийм эдийн засгийн хувьд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, их хэмжээнд байлгаснаар гадаад зах зээлээс хамааралтай эмзэг байдлаа бууруулах боломжтой юм. Тэгэхээр гадаад шокийн эсрэг Монголбанк талаасаа хийж чадах ганцхан ажил нь гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх. Монгол Улсын хувьд харин экспортоо нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой.

-Ханшийн хувьд Монголбанкийг интервэнц хийж, ханшаа барихгүй байна гэх шүүмжлэлийг их хэлж байгаа. Богино хугацаанд ханшаа чанга байлгасан нь дээр юм уу, урт хугацаанд валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар ханшаа тогтвортой байлгах нь чухал уу?

-Гадаад зах зээлээс хамааралтай, импортлогч улсын хувьд ханшийг байнга тогтмолт байлгана гэдэг боломжгүй л дээ. Тийм хэмжээний хангалттай нөөц бидэнд байхгүй. Хоёрдугаарт, манай улсын валютын зах нь хүмүүсийн богино хугацааны хүлээлтэд их өртөмхий, эмзэг байдаг. Ханш өснө л гэх юм бол хүмүүс маш хурдан доллар худалдаж аваад, нөөцлөхийг боддог. Тэр хэрээр ханшдаа нөлөөлөөд эхэлдэг. Энэ утгаараа ханшийн талаарх асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Монголбанкны хувьд бүгдийг зэрэг хийж чадахгүй. Инфляцийг онилж байгаа бол давхар ханшийг онилох боломжгүй гэсэн үг. Өнөөгийн нөхцөлд Монголбанк инфляцийг онилсноороо эдийн засгийг бүхэлд нь тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлдэг.

-Ер нь Монголбанк ханшаа барьж чадсангүй гэдэг шүүмжлэл өрнөсөөр л байна. Ханшийг зөвхөн Монголбанк хариуцах ёстой гэдэг ойлголт байх шиг байна. Энэ талаар таны бодлыг сонсоё?

-Ханшийг тогтвортой байлгах нь өнгөц харахад Монголбанкны үүрэг мэт боловч маш олон хүчин зүйлээс хамаарч байгаа шүү дээ. Нэгдүгээрт, хүлээлтээс их хамаарна. Хоёрдугаарт, Их хурлын гишүүн чуулганы танхимд ямар мэдэгдэл хийж байгаагаас хүртэл хамаарна. Тэгэхээр ханш зах зээлийн зарчмаараа, эрэлт, нийлүүлэлтээрээ тогтдог. Монголбанк тэд, эд байлгана гээд тогтоочихдог зүйл биш.

-Их хурлаар мөнгөний бодлого хэлэлцэж байгаа үед гишүүд монголбанкны ерөнхийлөгчийг огцруулъя, хариуцлагагүй ажиллаж байна гээд л мэдэгдэл хийж байна. Нэг талаас хувь гишүүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байх л даа. Гэхдээ их хурлын гишүүд ойр ойрхон ийм мэдэгдэл хийх нь зохистой юу?

-Монголбанк хараат бус үйл ажиллагаа явуулах мандаттай. Хуулиараа Монголбанкны Ерөнхийлөгчийг 6 жилээр томилдог. УИХ-ын сонгуулийн 4 жилийн циклээс зөрүүлж, 6 жилээр томилохоор оруулж ирсэн нь төв банкны хараат бус байдлыг л хангах гэсэн зорилготой юм. Гэвч УИХ энэ жишгээ дагаагүй, өөрсдөө хуулиа зөрчсөөр ирсэн. Хоёрдугаарт, УИХ дээр ч тэр бид ихэнхдээ богино хугацааны амжилтыг хүлээгээд байдаг. Жишээ нь Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд томилогдонгуутаа ханшаа барих, эдийн засгаа тогтвортой байлгах гэдэг ч юм уу. Гэтэл эдийн засаг гэдэг зүйлээ цогц систем гэдэг утгаар нь хардаггүй. Зөвхөн нэг хүний хийх ажил, хариуцлага юм шиг харах тал бий. Хоёрдугаарт, төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнүүд богино хугацаанд үр дүн нь харагддаггүй. Наад зах нь 2-3 жил болж байж, үр дүнгээ өгдөг. Гэтэл их хурал маань богино хугацааны амжилтыг шаардаад байдаг. Энэ оны эхэнд төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуулиар төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлж чадсан гэж харж байгаа. Тухайлбал, төв банкны ерөнхийлөгчийн дангаар шийдвэр гаргадаг байдлыг хязгаарлаж, хамтын шийдвэр гаргалтын зарчмыг нэвтрүүлж өгсөн.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж