Швейцарт төвтэй цахилгаан тоног төхөөрөмжийн “АВВ” компанийн Хятад дахь үйлдвэрт роботууд хүний тусламжгүйгээр шинэ роботыг бүтээх боломжтой болсон байна.
Роботын гараар бүтээгдэх роботыг 2020 оноос эхлэн Шанхайд үйлдвэрлэх бөгөөд бүтээгдэхүүнээ Хятадад болон Азийн бусад орнууд руу экспортлохоор төлөвлөж байгаа аж. Хятад нь “АВВ” компанийн хувьд Америкийн дараа орох хоёр дахь том зах зээл юм.
“Шанхай хот орчин үеийн технологийн үсрэнгүй хөгжлийн дэлхий нийтийн чухал бааз суурь болох болно” хэмээн тус компанийн захирал Улрих Шписсхофер төслийн танилцуулгын үеэр хэлжээ. Сүүлийн жилүүдэд Хятад улсын роботын зах зээл тасралтгүй өргөжин тэлсээр байгаа бөгөөд 2017 онд дэлхий даяар нийт зарагдсан роботуудын 1/3-ийг нь Хятадын зах зээл дээр борлуулсан байна.
АВВ компанийн Шанхай дахь үйлдвэрт ажиллах роботыг Юми гэх бөгөөд түүнийг робот үйлдвэрлэхэд шаардлагатай илүү нарийн үйлдлийг хийх чадвартай болгохын тулд программыг нь хөгжүүлсээр байгаа ажээ.
АВВ-ээс гадна Германд төвтэй KUKA хэмээх робот үйлдвэрлэдэг компани ч бас хоёр жилийн өмнөөс Хятадын роботын зах зээлд өрсөлдөж байгаа бөгөөд Хонгконгод үйлдвэр нь байрладаг байна.
АВВ компанийн роботууд нь автомашин болон цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх үйл ажиллагаанд туслахаар дагнан бүтээгддэг юм. Гэхдээ тэдний Шанхайд байгуулах үйлдвэрт роботуудын үйл ажиллагааг хянах, программ суулгах, хөгжүүлэх үүрэг бүхий олон ажилчдыг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн АВВ компанийн захирал хэлжээ.
Эх сурвалж: Ройтерс агентлаг
Ө.Пүрэвхүү
Холбоотой мэдээ