“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр /2018.10.29/ “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн таван жилийн хугацаанд Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийг нягталж, буруутай этгээдэд хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Х.Батдэлгэр:
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг өнгөрсөн Баасан гаригт болсон. Гэтэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн шуугианаар далимдуулж маш чухал заалтыг аваад хаячихлаа. Өмнө нь хуулийн тавдугаар заалтад “бичил бизнес эрхлэгч” гэж зааж өгсөн байсан. Үүнийг аваад хаячихлаа. Мөн С.Чинзориг сайд өөрийнхөө яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн сантай нийлүүлээд авчихлаа. Энэ нь бидний гар хөлийг тайрсантай адилхан боллоо. Өөрөөр хэлбэл, бичлээс жижиг рүү, жижгээс дунд руу дэвших боломжгүй болж байгаа юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Удвалцэцэг:
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эрх мэдэлтнүүдийн хувийн компанид зориулж боловсруулжээ. Энэ хуулийн тавдугаар заалтад “ЖДҮ эрхлэгч нь тодорхой шаардлага хангаагүй тохиолдолд ажилтны тоог голлох үзүүлэлт болгоно” гээд оруулчихсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн компани орлого олохгүй байсан ч хамаагүй зөвхөн ажилтны тоог голчилж үзнэ гэсэн утгатай юм. Өнөөдөр тавхан ажилтантай ч 60,70 тэрбумын орлого олдог Засгийн газрын нэг сайдын хувийн компани бий. Иймэрхүү компаниуд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тэрбум тэрбумаар зээл аваад байна. Гэтэл яг ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа ЖДҮ эрхлэгчид зээл авч чадахгүй байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд:
-ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгийг тендерийн наймаачид хуваагаад авчихдаг. Тиймээс энэ сангийн дарга, төсөл сонгон шалгаруулах хорооны хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулмаар байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхтөр:
-ЖДҮ-ийг дэмжих зээл зорилтод бүлэгтээ хүрэхгүй байна. Энэ онд 134 жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгосон ч улстөрчид эрх мэдэл албан тушаалаа ашиглаад хуваагаад авчихсан. Нам дагасан нөхөд төрд орж, дарга болохыг хүсдэг шалтгаан нь хулгай хийх, хууль бусаар баяжих зорилготой байдаг юм байна.
Өнөөдрийн хэвлэлийн хурлаар дамжуулж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл эзэндээ очиж чадахгүй байгааг шүүмжлэв. Тэд энэ сангийн сүүлийн таван жилийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтэй байгаа аж. Мөн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдэд хариуцлага тооцох, эрх мэдлээ ашиглаж авсан зээлийг эргэн төлүүлэх зэрэг шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.