Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр /2018.10.28/ эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Ганбаатарын Одбаяр шагналт тавдугаар байрыг эзэллээ.
73 кг-ын жинд нийт 42 бөх барилдсанаас Г.Одбаяр “А” хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар Чех, Азербайжаны бөхчүүдийг ялсан ч ОХУ-ын Могушков Мусад ялагджээ. Г.Одбаяр дагах барилдаанд Узбекистаны Тураев Хикматиллохыг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Шведийн Масиас Томмид дийлдэн шагналт тавдугаар байр эзлэв.
Г.Одбаяр өнгөрөгч есдүгээр сард Азербайжанд болсон ДАШТ-д мөн шагналт тавдугаар байрт орсон билээ.
Абу Дабигийн “Их дуулга” тэмцээнд 61 орны 345 (эрэгтэй 212, эмэгтэй 133) жүдоч өрсөлдөж байна. Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв. Өнөөдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Тэмүүлэн барилдана.
Холбоотой мэдээ