Бэтэг өвчнөөр 1-15 насны хүүхдүүд өвчлөх нь их байна

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Бэтэг өвчнөөр 1-15 насны хүүхдүүд өвчлөх нь их байна

Бэтэг өвчнөөр 1-15 насны хүүхдүүд өвчлөх нь их байна

Монголчуудын дунд бэтэг өвчний эрсдэл өндөр байна. Бэтэг өвчин нь зоонозын өвчний төрөлд хамаардаг. Өөрөөр хэлбэл, мал амьтнаас хүнд халдварладаг өвчин гэсэн үг. Шүлхийн халдварт дарлагдаад байгаа Монгол Улс бэтэг өвчинд ч анхаарах цаг болоод байна. Тухайлбал, 2017 онд Монголчууд албан ёсоор бэтэг өвчний тархалтын судалгаа хийжээ. Мөн онд 17 тохиолдол ирүүлж оношилсон гэнэ. Монголчууд 64.5 сая толгой малтай, хүн амын 40 хувь нь малчид. Энэ утгаараа малтай тогтмол харьцдаг иргэд олонтой улсад зоонозын өвчин, тэр дундаа бэтэг халдварлах эрсдэл өндөр. Мөн нохойн ялгадсаар дамжин бэтэг өвчний халдвар гадаад орчинд тархдаг байна. Харин хүнд халдахдаа бохир гараар дамжин амаар халдварладаг гэнэ. Тиймээс шүлхийн дараа бэтэг өвчинд анхаарах цаг болжээ. Ингээд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн бэтгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Агиймаатай цөөн хором ярилцлаа.


Бэтэг өвчин хэдий хэр хугацаанд илэрдэг вэ?

-1940-1950-аад оны үед хийсэн судалгаагаар Монгол Улс бэтэгт баригдсан байсан гэдгийг гаднын эрдэмтэд нотолсон байдаг. Үүнээс хойш социализмын үед хүн, мал руу чиглэсэн цогц арга хэмжээг авч бараг бэтэг өвчнийг устгасанд тооцож байсан. Гэтэл сүүлдээ зах зээлийн харилцаа руу ороод  нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдсөнөөс болоод өвчний гаралт ч нэмэгдсэн. Бэтэг өвчин хүнд халдварлалаа гэж бодоход элгэнд зонхилон байрладаг. Улмаар элэг уйланхайтай болдог. Цаг хугацаа өнгөрөх тусам элэгний уйланхай томорно. Бэтэг өвчин нь  зовуурь багатай өвчин учраас мэдэгдэхгүй яваад л байдаг. Ихэнх хүмүүс өөр оношоор эмнэлэгт хандаад, эхо үзлэгт хамрагдах үедээ л элгэн дээр уйланхайтай гэдгээ мэддэг. Тэгээд санаандгүй мэдэхдээ аль хэдийн цаг алдсан байдаг. Элэгний уйланхай нь томрох тусам хажуугийн эд эрхтнээ дараад өөр бусад зовууриуд үүсээд яалтчгүй мэс заслын хагалгаагаар авах шаардлага үүсдэг. Учир нь томорсон уйланхай бусад эд эрхтэндээ нөлөөлөх эрсдэлтэй.  Илрэх хугацаа нь 5-15 жил.  Хамгийн их зонхилон дээрх өвчин гарч байгаа нь хөдөө орон нутгийн хүмүүст  илэрдэг. Учир нь алс хол хөдөө мал дээр байгаа малчид эмнэлгийн тусламж үйлчилгээг төдийлөн сайн авч чаддаггүй. Үзлэг шинжилгээнд хамрагддаггүй учраас хожуу үедээ оношлогдоод байна.

-Насны хувьд хэдий хэр насны хүмүүс өвчилдөг вэ? 

-Мэс заслын хагалгаанд орсон хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд. Бага насны хүүхдүүд тэр дундаа 1-15  насны хүүхдүүд байгаад байгаа юм. Тэгэхээр л хүүхэд залуучуудад чиглэсэн сурталчилгаа эрүүл мэндийн боловсролыг олгох хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

Энэ чиглэлд хийсэн судалгаа байдаг юм болов уу?

– Таван хошуу мал дундаа ямаанд бэтгийн тархалт их байгаа. Ямааны дунд бэтэг өвчин 9.2 хувийн тархалттай байна. Мөн мал нядалгааны газарт судалгаа хийхэд нийт нядалж байгаа малын дунд бэтгийн тархалт 3.5 хувь гарсан. Энэ хэмжээгээр хүнд халдварлах эрсдэл өндөрт тооцогдож байна. Мэс заслын тохиолдлууд 100 мянган хүн амд 1.4 гэсэн тохиолддог. Мэдээ мэдээллийн тогтолцоо нь боловсронгуй болж чадахгүй байна. Яагаад гэхээр хүмүүс өвчний эрт үед  эмнэлэгт ханддаггүй.  Эрт илрүүлдэггүй. Хэзээ хойно эмнэлэгт ханддаг.

Тэгвэл бэтэг өвчинтэй хэрхэн тэмцэх ёстой вэ? 

-Бэтэгтэй тэмцэхэд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Биднээс их зүйл шалтгаална, адаглаад гараа угаадаг байх хэрэгтэй. Нохойтой зөв харьцах хэрэгтэй, нохой, мал хоёроо эрүүл байлгах хэрэгтэй гэдэг чинь эзэн хүний асуудал. Нохойндоо чиглэсэн туулгаа хийж байна уу, нохой нь эзэнгүй сул явж байна уу? нохойгоо зөв хооллож байгаа эсэх дээр анхаарах нь зөв. Нийслэлд хийсэн судалгаануудаас харахад гэр хорооллын айлуудын хашаанд гурваас дөрвөн нохой байж байх жишээтэй. Бүх нохой дайвар бүтээгдэхүүнээр хооллолдог. Чанаж болгож өгч байна уу гэхээр түүхий өгчихдөг. Тухайлбал, Монголчууд мал нядлахдаа гэдэс дотор нь байгаа уйланхайг шууд л нохойд хаяж өгдөг. Ингэснээр нохой бэтгийн халдвар авч, тэр халдвар хүнд дамжих эрсдэлтэй.  Нохой, мал аль аль нь эрүүл байх хэрэгтэй.  Нохойндоо нэг удаа туулга өгөөд зүгээр болчихгүй. Яагаад гэвэл эргэн тойронд байгаа малууд ч өвчилсөн байж болно шүү дээ. Тэгэхээр бид бүгдээрээ л нохойгоо хорхойгүйчүүлж малаа вакцинжуулах хэрэгтэй. Энийг малчид ч ард иргэд ч ойлгомоор  байна.

Төр засгаас ямар арга хэмжээ аваасай гэж хүсэж байна  вэ?

-Төрөөс олон янзын хөтөлбөрүүд  хэрэгжүүлж байна л даа. Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр, хавдрын эрт үзлэг илрүүлгийн хөтөлбөр гэхчлэн. Харин энэ хэдэн хөтөлбөрийг хооронд нь уялдуулж өгмөөр байна. Мэдээж, хавдрын үзлэг хийгээд явж байхад бэтгийг илрүүлж л таараа.  Эрт илрүүлж чадсан бол эмээ л уулгамаар байна. Эрт үедээ илрүүлчих  юм бол альбендазол эмээр эмчилчихдэг. Альбендазол  эмийн хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Ихэнхдээ бэтэг  өвчнөөр эмзэг бүлгийн хүмүүс өвддөг учраас энэ эмийг үнэгүй  болговол бүр л сайн.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж