УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.29/-ний өдөр боллоо. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, тус бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монгол Улсын 2019 оны төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийг төлөвлөхдөө малын гаралтай түүхий эдийг боловсруулах болон аялал жуулчлалын чиглэлд түлхүү анхаарал хандуулах шаардлагатайг онцолжээ.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралдаад оролцож, сүүлийн үед иргэдийн анхаарлыг татаад байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хэрэв хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдвол хууль хяналтын байгууллагад шалгуулах хүртэл арга хэмжээ авна. Цаашдаа “Ийм бусармаг үйлдэлтэй эвлэрэхгүй” гэдэг байр суурийг илэрхийлжээ.
Түүнчлэн Сангийн яамнаас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлаар шалгалт оруулсан байна. Шалгалтын дүн гарсны дараа сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулах аж.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-2019 оны төсөвт тойрог бүрт 5-10 тэрбум төгрөг суугдсан нь ямар учиртай юм бэ?
-Төсөв хэлэлцэх үеэр би 76 жижиг тойргийн зовлон их байна гэж хэлж байсан. Яагаад гэвэл тойрог бүрт шийдэх асуудал их байдаг. Сургууль, цэцэрлэг, зам харгуй гээд энэ бүхэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан учраас тодорхой хэмжээний хөрөнгө санхүү тойргуудад суугдаж байж бид амласан амлалтууд, дэд бүтцийн ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнтэй уялдуулан аймаг орон нутгийн удирдлагуудтай тохиролцож, УИХ дээр ярилцсаны үндсэнд тойрог бүрт тодорхой хэмжээний хөрөнгө төсөвт суугддаг. Өөрөөр хэлбэл, тойрогт хийгдэх ажлын ач холбогдлоос нь хамаарч хөрөнгө суугддаг. Гэхдээ үүнийг гишүүн бүр миний мөнгө гээд бариад яваад байгаа зүйл байхгүй.
-Анх дөрвөн гишүүний нэр ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж холбогдсон. Гэвч АН-ын зүгээс МАН-ын 40, 50 гишүүн ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж мэдээлсэн. Яг хэчнээн УИХ-ын гишүүн ЖДҮ-ийн сангаас зээл авсан юм бэ?
-ЖДҮ-ийн сангаас хэд хэчнээн хүн зээл авсан тухай асуудал өнөөдрийн бүлгийн хурлаар яригдаагүй. Сангийн яамнаас шалгалтын дүн гарсны дараа уг асуудал тодорхой болох байх. ЖДҮ-ийн сангаас 40-50 хүн зээл авсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичихээс илүүтэй байгаа бол баримтуудаа гаргаж тавих ёстой. Баримтад тулгуурлаж ярих нь зөв болов уу. Бидэнд нэг том дутагдал бий. Нийгэмд энэ төрлийн том асуудал дэгдэхээр үүнийг дагасан улс төр гардаг. Энэ нь улмаар таавар оньсого мэт яваад байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр бид нэгэнт гарсан асуудлыг төгс шийдэж чадахгүй байгаатай холбоотой.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийн сангаас гишүүдэд зээл авч өгч байсан гэдэг нь үнэн үү?
-Тэмээ, туулай хоёр бие биенийхээ сэтрэхийг гайхна гэдэг байх хэрэггүй. ЖДҮ-ийг дэмжих сангаас ямар ямар зээл аваад зориулалтын дагуу ашиглаж уу гэдэг нь гол асуудал.
-Д.Хаянхярваа дарга та ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэдэг мэдээлэл үнэн үү. Үүнд хариулт өгнө үү?
-Би ЖДҮ-ийн сангаас зээл аваагүй. Надад 10 тэрбум төгрөгийн зээл аваад хийх ажил байхгүй. Гишүүний хувьд над руу ЖДҮ-ийн төслөөс зээл авъя гэж ханддаг аж ахуй нэгжүүд байдаг. Би ХХААХҮЯ-д албан бичгээр хандаж, ийм ийм компанийг хуулийн дагуу хэрэв боломжтой гэж үзвэл дэмжиж өгнө үү гэж албан бичиг хийж өгдөг. Түүнээс бус хүчээр тулгалт хийдэггүй. Хэрэв миний гар, хөлийн бичиг үсэгтэй компаниуд ЖДҮ-ийн сангаас зээл авсан бол хуулийн дагуу шалгуурыг нь хангасан компаниуд байх ёстой.
-Өмнөх Засгийн газрыг огцруулсан үндэслэл нь концессын асуудал байсан атал одоо концессууд нь буцаад ороод ирсэн. Үүний цаана ямар ашиг сонирхол байна вэ?
Би дээр хэлсэн. Бид асуудалд хөнгөн хуумгай ханддагийн илрэл. Нэгэнт гэрээ байгуулаад хийчихсэний дараагийн асуудал нь тухай концесс хууль ёсны дагуу шударга болсон эсэх төлөвлөгдсөн бүх зүйл нь хуулийн дагуу явагдсан уу, гүйцэтгэсэн ажил нь чанартай юу гэдэгт л анхаарлаа хандуулах ёстой. Түүнээс биш өмнөх засгийн газар энэ концессоос болж огцорсон гээд аваад хаячхаж болохгүй.
Холбоотой мэдээ