Явган хүний зам, гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Явган хүний зам, гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Явган хүний зам, гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Явган хүний зам, орц гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй. Ирэх онд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж зөвхөн хотын төвд орц гарц нээж чөлөөлөх бус гэр хорооллын гудамж зам, орц гарцыг чөлөөлөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Газрын албанаас аж ахуйн нэгж байгууллагуудын кадастрын тусгал зургийг дахин нягталж хянах ажлыг эхлүүл. Олгогдсон газраас илүү гаргаж барилга байгууламж, хашаа барьсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэсэн үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм. Мөн тэрбээр ирэх хичээлийн шинэ жил эхлэхэд нийслэлийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ өдрийн хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 36375 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21  хоногтой харьцуулахад 87 нэгж буюу 0.2 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1126 үйлдэл бүртгэгдсэн нь 31 нэгж буюу 2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн  хэмжээнд нийт зөрчлийн шинжтэй 18920 дуудлага мэдээлэл хүлээн авсан. Давхардсан  тоогоор 3914 чиглэлд 7851 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа” гэж танилцуулав.

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 5093 дуудлага мэдээлэл хүлээн авч 1261 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 0.7 хувиар өссөн сөрөг үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас “Илрүүлэлт-оргодол-шийдвэрлэлт 2018”, “Аюулгүй бүс-Аюулгүй тээвэрлэлт”, “Дүүрэг”, “Зэвсэг”, “Хяналт-Шалгалт” нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод шөнөдөө 3-6 хэм хүйтэн, өдөртөө 6-9 хэмийн дулаан, салхины хурд 6-9 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 225 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 194, эрэн хайх, аврах ажиллагааны 31 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 202 иргэнийг авран хамгаалж ажиллалаа” гэж танилцуулав.

“Манай газраас өнгөрсөн хугацаанд ЕБС-ын хүүхдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад төрийн өмчийн 120 сургуулийн үдийн цайны хэрэгжилт, үдийн цай хэрэгжүүлэгч 129 аж ахуйн нэгж байгууллага, сургуулийн дэргэдэх цайны газруудын үйл ажиллагааг 3 хяналтын хуудсаар үнэлэхэд 7.1 хувь нь их,  45.1 хувь нь дунд, 47.8 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Үдийн цай хэрэгжүүлэгч нэг байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, 6 аж ахуйн нэгж, 8 иргэнд 8.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулан, 456 зөрчлийг арилгуулсан. Үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, иргэнд 2 удаагийн сургалт зохион байгуулсан” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь явган хүний зам, гарц, гармыг хаан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дүүргүүд ажлын хэсгийг байгуулах, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын нарийвчилсан судалгааг гаргаж Захирагчийн ажлын албанд хүргүүлэх, Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, нэр шилжүүлэх, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх зэрэг захирамжуудыг нэр төрлөөр нь ялгах, хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тодорхойлж, газрын кадастрын мэдээллийн сангийн зурагтай холболт хийх ажлыг эрчимжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын нарын оролцоотой ажлын хэсгийг байгуулах, хувийн Их, дээд сургууль, Коллеж болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сул байгаа сургалтын анги танхимын судалгааг гаргаж, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудыг шилжүүлэн суралцуулах боломжийг судалж танилцуулах, Дулаан, цахилгааны шугам солих, засварлах, авто болон явган хүний зам тавихаар ухсан газруудын шороог тэгшилж, хогийг цэвэрлэж ачуулан хуучин байдалд нь болгох ажлыг зохион байгуулах, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардагдахгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж