Сингапур улсад бүтэн долоо хоногийн турш үргэлжилсэн эмэгтэй теннисчдийн WTA Finals буюу чансааны шилдэг найман теннисчдийн өрсөлдөөн болж өндөрлөлөө. Тэмцээний аваргаар Украин улсын 24 настай залуу теннисчин Е.Свитолина шалгарав. Тэрбээр тэмцээний аваргын төлөө өнгөрсөн онд Америкийн их дуулга тэмцээний аварга АНУ-ын теннисчин С.Стефэнстэй тоглож 3:6, 6:2, 6:2 харьцаатай хожсон бөгөөд 2013 онд С.Уилльямс WTA Finals тэмцээнд ганц ч хожигдолгүйгээр аваргын цомыг хүртснээс хойш таван жилийн дараа тус тэмцээнд Е.Свитолина ганц ч хожигдолгүй түрүүлж байна. Цомыг хүртсэн Украин бүсгүй “Гайхалтай байна. Би энэ долоо хоногийн тэмцээний гүйцэтгэлдээ маш их сэтгэл хангалуун байна” гэжээ.
Тэмцээний аварга Е.Свитолинад цомыг талбайн теннисний домогт тамирчин Билли Жин Кинг гардуулан өгсөн байна. WTA Finals буюу эмэгтэй теннисчдийн шилдгийн шилдгүүдийг тодруулдаг тус тэмцээнд 1972 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд анхны аваргаар нь Америкийн К.Эверт тодорч байсан. Тус тэмцээнд Америк теннисчид хамгийн олон буюу 17 удаа түрүүлж байсан бол Украин теннисчин түрүүлсэн анхны тохиолдол болж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ