Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жайр Болсонаро ялалт байгуулж, Бразил улсын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Армийн офицер асан, барууны үзэлтэй улстөрч Жайр Болсонаро нэгдүгээр шатны сонгуульд хамгийн олон санал авч, зүүний улстөрч Фернандо Хаддадтай хоёрдугаар шатанд шалгарч үлдээд байсан юм. Саналын хайрцгийн 88 хувийг тоолсны дараа 63 настай Болсонаро 55.7 хувийн санал авсан нь сонгуулийн үр дүнг тодорхой болгожээ. “Олон арван жилийн дараа Бразилын жинхэнэ үнэт зүйлсийг төлөөлөх ерөнхийлөгчтэй болох боломж та бүхний гарт байна” хэмээн тэрбээр бямба гаригт твиттер хуудсандаа бичиж байв.
Болсонаро есдүгээр сарын эхээр сонгуулийн ажиллагааны үеэр гэдсэндээ хутгалуулж, гурван долоо хоног эмнэлэгт хэвтсэн юм. Эмнэлэгт байх хугацаандаа цахим сүлжээгээр сурталчилгаагаа явуулсаар байсан.
Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа “Миний байгуулах төр эрх чөлөө, үндсэн хуулийг хамгаалагч төр байх болно. Энэ бол нэг намын уриа биш. Нэг хүний үзэл бодол биш. Энэ бол бурхны өмнө өгч буй тангараг. Та бүхэнд баярлалаа. Хамтдаа Бразил улсыг өөрчилцгөөе” хэмээжээ.
Жайр Болсонаро өөрийгөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай харьцуулж байсан удаатай. Мөн түүний үзэл баримтлалыг дагадаг гэдгээ хэлж байсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: ISRAELNATIONALNEWS
Холбоотой мэдээ