Монгол бичгийн Урт болон дунд хугацааны хөтөлбөр хаана байна вэ, Ц.Цогзолмаа сайд аа?

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Монгол бичгийн Урт болон дунд хугацааны хөтөлбөр хаана байна вэ, Ц.Цогзолмаа сайд аа?

Монгол бичгийн Урт болон дунд хугацааны хөтөлбөр хаана байна вэ, Ц.Цогзолмаа сайд аа?

Монгол Улс өнөөдөр монгол бичгийн /хуулийн хэллэгээр нь хэлбэл “Үндэсний бичиг”/-ийн тухайд албан ёсны Үндэсний хөтөлбөр буюу стратегийн бодлогогүй урсгалаараа явж байна. Өнгөрсөн он жилүүдэд, эхлээд 1995 онд Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I-ийг тухайн цагийн Улсын Их Хурал 43 дугаар тогтоолоороо батлан зохих ёсоор хэрэгжүүлсэн. Дараа нь мөн л Үндэсний хөтөлбөр II-ыг Ерөнхий сайд С.Баярын толгойлсон Засгийн газар батлан, 2015 он хүртэл ямар нэг хэмжээгээр мөрдөж, одоо хугацаа нь нэгэнт дуусаад гурван жил өнгөрөөд байгаа юм.

Монгол бичгийн тухайд ийнхүү Үндэсний хөтөлбөрийг хэдэнтээ батлахаас гадна Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Боловсролын сайдын тушаал мэт нь үе үе гарч байсан боловч нарийн чанд дагаж мөрдөх, ажил хэрэг болгох нь хангалттай бус байсаар ирсэн нь нууц бус. Иймд, үндэсний хэл соёл, бичиг үсгийн асуудлыг хуулиар зохицуулах цаг нь болсон хэмээх дүгнэлтийг өмнөх парламентын үед М.Батчимэг тэргүүтэй Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд гаргаж, үндэсний хэл, бичиг үсгээ хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх асуудлыг зохицуулсан хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлсэн бөгөөд бид ажлын дэд хэсэгт нь оролцож, зохих хэмжээнд хамтран ажилласан юм.

Энэ дагуу, Монгол Улсын Их Хурлаас 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол хэлний тухай шинэ хуулийг батлан, мөн оны долоодугаар сарын нэгний өдрөөс орон даяар даган мөрдөж эхэлсэн. Уг хуульд, биднийхээр түүхэн шийдвэр хэмээн нэрлэхүйц нэг чухал заалт оруулсан нь гуравдугаар бүлгийн долоодугаар зүйлийн хоёрдох хэсэгт буй: “Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” хэмээсэн заалт болно.

Дурдан буй хуулийн наймдугаар бүлэгт, дээрх заалтын хүчин төгөлдөр болох хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн тусгайлан заажээ.

Тэгвэл, дээр дурдсан, “Монгол хэлний тухай” хуулийн 11.1.2 дахь заалтад чухам юуг, хэрхэн зохицуулсныг доор өгүүлье.

“Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх” хэмээн Засгийн газрын үүргийг тодорхойлж өгчээ. Засгийн газарт нэгэнт боловсрол, соёлын асуудал эрхэлсэн яам гэж байгаа болохоор бид хуулийн энэхүү заалтаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг БСШУСЯ, түүний энэ цагийн сайдаас шаардах нь зүйн доторх хэрэг. Хэрэв энэ хуулийг мэдэхгүй буюу тоохгүй байгаа нөхцөлд ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүнд нь хандахаас аргагүйд тулна.

Хуульд заасан ёсоор, монгол бичгийг албан ёсоор төрийн бичиг болгож, одоо хэрэглэж буй орос бичигтэй хослуулан хэрэглэх 2025 он гарахад зургаахан жил үлдчихлээ. Гэтэл Засгийн газрын “Урт болон дунд хугацааны хөтөлбөр” таг чиг хэвээр. Боловсролын яам маань ийнхүү дуг нойрондоо…

Бид монгол бичгээр ажилладаг, энэхүү бичгийн сүүлийн гуч илүү жилийн ээдрээтэй замыг нэлээд сайн мэддэг, үндэсний бичгийнхээ төлөө санаа чилээдгийн хувьд, Монгол хэлний тухай шинэ хууль батлагдсаны дараахнаас эхлэн зохих санал төслийг боловсруулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийн Ажлын албанд өргөн мэдүүлсэн бөгөөд бас л хоёр жил шахмын хугацаа өнгөрөөд байна. Нэхэн лавлавал, Хэлний бодлогын үндэсний зөвлөл бидний саналыг тусгасан монгол бичгийн урт болон дунд хугацааны хөтөлбөрийн бэлэн болсон төслөө боловсролын яамныхныг хүлээлгүй өргөн барьж, тэдний хийх ажлыг хөнгөвчилж, хөтөлбөрийн нь “яс мод”-ыг босгож өгсөн байдаг. Гэвч бас л хөтөлбөрийн сураг чимээ нам гүмхэн хэвээр өнөө хүрлээ.

“Хүмүүн бичиг” сониноос энэ хичээлийн жилийн эхээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос ярилцлага авахдаа мөнөөхөн хөтөлбөрийн тухай тодруулахад “Боловсролын хүрээлэнгээр судлуулж байна” хэмээсэн хариу өгсөн. Тус хүрээлэнгийнхний “судалгаа” хэр удаан үргэлжлэх, хэзээ дуусахыг хэлж мэдэх хүн алга.

Монгол бичгийн асуудлыг хуульчилсны учир гэвэл, орон даяар, хуулийн этгээд бүр заавал дагаж мөрдөх үүрэгтэй болгож зохицуулсанд буй. Хэрэв биелүүлэхгүй бол төр засгийн бусад шийдвэрүүд шиг чимээгүй өнгөрөөхгүй, зохих хариуцлага тооцдог зарчимтай. Хууль гэж байхын учир, бусад шийдвэрээс хүчтэй байхын шалтгаан нь энэ юм. Хуулиа мөрдүүлдэг эрэг шургаа төр ажиллуулах цаг нь хэзээ юм бол?

Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч, 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” хэмээх 46 дугаар зарлигаа буулгасан нь чухам л цаг үеэ олсон сайн үйлс болжээ. Уг зарлигийн хоёр дахь үндсэн заалтад:

Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталж, 2018 онд багтаан хэрэгжүүлж эхлэх”-ийг боловсролын яаманд үүрэг болгосон нь мөнөөхөн хуулийн заалтыг нэн даруй хэрэгжүүлэхийг тус яаманд дахин анхааруулсан хэрэг. Бүр 2018 оноос хэрэгжүүл гэсэн байгаа юм шүү! Сайд Ц.Цогзолмаа ерөнхийлөгчийн зарлигийг бидэнтэй хамт төрийн ордонд гардан авсан хүний нэг. Тэрбээр 2018 оны зургадугаар сард 369 тоот тушаал гаргаж, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болсон нь зарлигийг дагаж биелүүлж буйн илрэл гэж бид ойлгон хүндэтгэж, “Хүмүүн бичиг” сонинд саяхан бүрэн эхээр нь нийтэлсэн билээ.

Монгол бичгийн урт, дунд хугацааны хөтөлбөрийг БСШУСЯ боловсруулж Засгийн газар батлахын тулд монгол бичгийнхээ төлөө ажиллаж, сургаж, хэрэглээний орчин бүрдүүлэх, компьютерийн стандарт кодыг боловсруулах зэргээр ажилладаг тал бүрийн ажил мэргэжилтнийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, бид бүхний санал онолыг тусгаж байж гаргах учиртай. Үүнийг хүлээж ядаж, басхүү шаардаж байна.

Өнөөдрийнх шиг ийм яст мэлхийн хурдаар гэлдрэн сонгуульт дөрвөн жилээ өнгөрөөж, дараагийн сонгуулиа бодмоглон төрийн ажлыг чангаасаар 2025 оныг дөхүүлбэл монгол бичгээ төрд хэрэглэх бэлтгэлийг хангаж амжихгүй бөгөөд төрийн бичигт шилжих тухай, хуулийн дээр дурдсан заалтыг дахин авч үзэх, дургүй нөхөд нь түүнийг хуулиас авч хаяулахын төлөө ч улайрах, хугацааг нь дахин сунгах зэргээр үндэсний бичгээ хадгалан хамгаалах, хэрэглэхийн дайтай хэрэглэж хөгжүүлэх монгол төрийн алтан аргамж бодлогыг зориуд алдуулах аюулд хүргэж болзошгүй байна.

Б.ЭЛБЭГЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж