"Ирэх онд хоёр удаа цалин нэмнэ"

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

"Ирэх онд хоёр удаа цалин нэмнэ"

"Ирэх онд хоёр удаа цалин нэмнэ"

Төрийн албаны тухай хууль санаачилсан гишүүдийн нэг, ажлын хэсгийн ахлагч  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй уулзаж, “өлгийдөн” авсан  хуулийн онцлог хийгээд  хууль хэрэгжсэнээр нийгэмд бий болох өөрчлөлт, хүлээлтийн талаар ярилцлаа.


-Ирэх оны эхнээс хэрэгжих Төрийн албаны тухай хууль урьд өмнө нь батлагдсан хуулиудаас ямар ялгаатай талаар яриагаа эхэлье?

-Энэ удаагийн Төрийн албаны тухай хууль бол гурав дахь удаагаа шинэчлэгдэн батлагдсан хууль юм.  Анхны хууль 1994 онд батлагдаж байсан бол 2002 онд шинэчлэн найруулсан, 2008 онд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин 2017 оны арванхоёрдугаар сард батлагдсан хууль бол гурав дахь хууль нь юм. Бид 2016 оны сонгуульд оролцохдоо төрийн албыг тогтвортой, хариуцлагатай, төрийн албан хаагчдын дархлааг бий болгоно гэж сонгогчдодоо амласан. Энэ амлалтаа биелүүлэх үүднээс тэр ондоо ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг хуулийн төслийг 2017 оны хоёрдугаар сард УИХ-д өргөн бариад 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлагдсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийн гол концепци бол төрийн албыг тогтвортой байлгахад чиглэгдсэн. Өнөөдөр төрийн алба тогтворгүй, улс төрөөс хараат байна. Хоёрдугаарт хариуцлагын тогтолцоог нэлээд сайн тусгаж өгсөн.

Төрийн албыг улс төрөөс, улс төрийн албан тушаалтнаас хараат бус болгох зорилтын хүрээнд  төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, тус зөвлөлийн гишүүдийн тоог тав байхаар хуульчилсан. ТАЗ-д Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын санал болгосон гишүүд байхаас гадна төрийн албан хаагчид дотроосоо сонгодог утгаар томилогдсон хоёр гишүүнтэй болж байгаа. Даргыг нь УИХ-аас сонгох бус тус зөвлөлийн гишүүд дотроосоо сонгодог болж байгаа. Ийнхүү төрийн алба төв байгууллагаасаа эхлэн шинэчлэгдэх юм.

-Төрийн албаны тухай хуулийг дагалдан гарах дүрэм, журмыг УИХ, Засгийн газар, ТАЗ-ийн түвшинд боловсруулж байгаа. Эдгээр дүрэм журам яг хэдийгээр батлагдан гарах вэ?

-Төрийн албаны хуульд зааснаар  47 дүрэм, журам дагалдан гарна. Хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг Засгийн газар, ТАЗ, Удирдлагын академи зэрэг байгууллагууд бүтэн жилийн хугацаанд хангаж байгаа. УИХ-аар батлагдах есөн журмын төсөл бидний гар дээр ирчихсэн байна. Ойрын үед Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Эдгээр журам батлагдсанаар хууль хэрэгжих хөрс тавигдана. Үлдэж буй журам, дүрмийг арваннэгдүгээр сардаа багтаагаад гаргах боломжтой гэж үзэж байгаа.

-Аливаа хуулийг батлахын өмнө тал бүрээс хэлэлцэн боловсруулдаг хэдий ч хууль батлагдсаны дараа бусад хуультай зөрчилдөх, ойлголтын зөрүү үүсэх, үүнээс үүдэн хууль хэрэгжилтэд сөрөг нөлөө гарах нь бий. Төрийн албаны тухай шинэчлэн баталсан хууль  тийм бэрхшээлгүйгээр батлагдаж чадсан уу?

-Амьдрал баян. Хуулийг хэрэгжүүлэх явцад болохгүй зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулиа хэрэгжиж эхлэхээс нь өмнө өөлөх биш хэрэгжүүлж үзээд аль болох бүтэх талаас нь анхаарах ёстой.

-Төрийн албаны тухай хууль зөвхөн төрийн хаагчдад хамаатай мэтээр хүмүүс ойлгодог. Тэгвэл энэ хууль  иргэн бүрт  хамааралтай гэдгийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Төрийн албаны тухай  хууль нь 190 гаруй мянган төрийн албан хаагчдад үйлчилнэ. Тэр дундаа төрийн жинхэнэ албан хаагчдын гол харилцааг зохицуулж өгч байгаа. Үүнд 50 гаруй мянган албан хаагч хамааралтай гэсэн үг. Төрийн үйлчилгээний албан хаагчид болон төрийн тусгай албан хаагчдын хувьд  зарим харилцааг  салбарын хуулиар нь  зохицуулдаг  тал бий.  Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд,  соёл, батлан хамгаалах хуулиар зохицуулдаг харилцаа нэлээд бий.

Түүнчлэн Төрийн албаны тухай хууль бол Монголын засаглалыг сайжруулахад чиглэсэн хууль. Бид 2030 он хүртэл хөгжүүлэх тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгээ баталж гаргасан улс. Тэрхүү хөгжлийн бодлогод  засаглалыг сайжруулах том бүлэг зорилт багтсан. Засаглалыг сайжруулахын тулд эхний ээлжинд хийх зүйл бол төрийн албыг тогтвортой, хариуцлагатай, шударга, иргэддээ үйлчилдэг болгох юм. Энэ агуулгаар нь үзвэл төрийн алба сайжрах аваас өгөөж нь иргэдэд  л мэдрэгдэж, засаглал нь сайжирсан чадавхтай төрийн албатай болно.

ШИНЭ ХУУЛЬ ЭРГЭЖ ҮЙЛЧЛЭХГҮЙ

-Хууль хэрэгжээд эхлэхээр төрийн албаны сонгон шалгаруулалтын шаардлага, тэр хэрээр төрийн албанд орох босго өндөрсөж байгаа. Тэгэхээр шинэ хууль хэрэгжихээс өмнө сонгон шалгаруулалтад орсон, албан тушаалд томилогдсон  хүмүүс оны дараа дахин шалгаруулалтад орно гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, хууль эргэж үйлчлэх үү?

-Хууль эргэж үйлчлэхгүй. Одоогийн хуулиар сонгон шалгаруулалтад орсон, албан тушаалд томилогдсон хүмүүсийн шалгалтын дүн, томилгоо ирэх онд хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн үг. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлсний дараа, тухайлбал 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр аль нэг яамны Төрийн нарийн бичгийн даргын сул  орон тоо гарлаа гэж бодоход шинэ хуулинд заасан шаардлага хангасан, шалгаруулалтын дагуу  томилогдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл,  Төрийн захиргааны тэргүүн зэргийн албан тушаал болох  яамдын Төрийн нарийн бичгийн дарга гэхэд л төрд 16-гаас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдаад эхэлнэ.

-Дахин тодруулаад асууя.  Жишээ  татсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга  нар л  гэхэд  өөр өөр шалгуур,  шаардлагын дагуу томилогдсон болж таарах нь ээ дээ. Энэ онд томилогдсон нь одоо үйлчилж буй хуулиар,  ирэх онд томилогдох хүн нь шинэ хуульд заасан шаардлага хангасан байх ёстой юм байна, тийм үү?

-Тэгж ойлгож болно. Одоогийн шалгаруулалт, томилгоо одоогийн дагаж мөрдөж буй хуулийн хүрээнд үйлчлэх бол шинэ хууль хэрэгжиж эхлэх хугацаанаас хойшхи бүх харилцааг зохицуулна. Шинээр хэрэгжих Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар болоод мэргэжлийн байгууллагууд хамтран улсын хэмжээнд төрийн байгууллагууд, албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийсэн. Мөн энэ оны төгсгөл рүү төрийн албан хаагчдын үйл ажиллагааны түвшинг үнэлэх  юм.  Ингэснээр төрийн алба улам чадавхжина.

-Тогтвортой шударга төр, төрийн албатай болох зорилго үеийн үед байсан. Харамсалтай нь төрийн албыг тогтворгүй болгож, төрийн албан хаагчдыг итгэл үнэмшлийг үгүй хийдэг нэг хүчин зүйл бол үүрэг гүйцэтгэгч, түр орлогч нар юм. Шинэчлэн баталсан төрийн албаны хууль хэрэгжсэнээр  төрийн алба  үүрэг гүйцэтгэгч, түр орлогч нараас  салах боломжтой юу?

-Түр үүрэг  гүйцэтгэгчдийн тухайд шинэ хуульд маш нарийн зааж өгсөн.  Дэд даргатай байгууллагуудын хувьд даргын эзгүйд дэд дарга  үүрэг гүйцэтгэнэ, өөр хэн ч үүрэг гүйцэтгэхгүй. Дэд даргагүй байгууллагын хувьд даргатайгаа хамгийн ойр албан тушаалтан, нэгжийн удирдлага нь  даргаа орлоно.  Гаднаас үүрэг гүйцэтгүүлэх ойлголт огт байхгүй болсон.  Үүрэг гүйцэтгэгчийг засгийн газраас ч томилох эрхгүй. Тиймээс түр орлон гүйцэтгэгчийн асуудал бүрэн цэгцэрнэ.

УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН  ХИЙХ ТОМИЛГООГ БАГАСГАНА

-Төрийн албанд түр ажиллахын хэрээр төсөвт ч асар их ачаалал үүрүүлж байгаа. Хууль бусаар томилогдсон этгээд цалингаа аваад ажиллаж байтал хууль бус халагдсан хүн шүүхдээд ажилгүй хугацааныхаа цалинг авчихдаг. Үүнээс үүдэн нэг албан тушаалд хоёр хүн цалинжуулсан дайтай алдагдал гарч байгаа байдал ч арилна гэж ойлгож болох нь ээ?

-Тийм тохиолдол бий. Энэ бусармаг байдлаас улсын төсөвт, татвар төлөгчдөөс төвлөрүүлсэн мөнгөнд л үргүй зардал нэмэгдэж байгаа. Тиймээс шинэ хуулинд энэ асуудлыг нарийн тусгасан.  Хууль бус шийдвэрээс үүдсэн хохирлыг  шийдвэр гаргасан албан хаагч хувиараа төлж барагдуулахаар хуульчилсан. Таны жишээ татсанчлан хэн нэгнийг хууль бусаар халсаныг  шүүхээс, эсвэл  Төрийн албаны зөвлөлөөс тогтоовол ажилгүй байх хугацааны цалинг  шийдвэр гаргасан удирдах албан тушаалтан хувиасаа төлөх болно гэсэн үг. Энэ мэтчилэн эд хөрөнгийн хариуцлагаар цэгцлэх нь зөв юм.

Нөгөөтэйгүүр энэ хуулийн бас нэгэн том концепци бол улс төрийн албан тушаалтнуудын хийх томилгоог багасгах юм. Суманд л гэхэд Тамгын газрын дарга, сургуулийн захирал, эмнэлгийн ерөнхий эмч, клубын эрхлэгч гэх мэт хүмүүсийг улс төрийн албан тушаалтнууд томилж байгаа. Улсын хэмжээнд 150 гаруй төрлийн албан тушаалын томилгоог улс төрийн албан тушаалтнууд шийдэж байна. Энэ жил эхлэлийг тавьчихаад байгаа. Хэд хэдэн УИХ-ын гишүүд санаачлан орон нутаг дахь хөдөлмөр, халамж, цаг уур байгууллагуудын удирдлагыг улс төрийн албан тушаалтнууд томилдог байсныг болиулсан. Хойшдоо  бусад нэр бүхий  томилгоог төрийн захиргааны томилгоо болгохоор судалж байна. Ингэснээр төрийн албан дахь улс төрийн нөлөө буурна гэж харж байгаа.

-Дэд дарга гэж дураар томилдог албан тушаал бий. Ялангуяа томоохон агентлаг, газрууд  хоёр болон түүнээс дээш дэд даргатай болчихоод байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Ер нь хэдэн албан хаагчтай байж   дэд дарга томилох эрх үүсдэг вэ?

-Шинэчлэн баталсан хуулинд тэр  байгууллага, тэдэн албан хаагчтай байж дэд дарга томилно гэж тодотгосон  зүйл заалт тусгагдаагүй. Цаашдаа бол Засгийн газраас улсын хэмжээний төр захиргааны байгууллага, төрийн албаны орон тооны бүдүүвч, хязгаарлалтыг  нарийвчлан тогтоож өгнө.  Ингэхгүйгээс байгууллагууд орон тоог дураараа нэмж байгаа тохиолдол бий. Эцсийн дүнд төсөвт л хүндрэл үүснэ.

 2019 оны улсын төсөвт Сангийн яамнаас оруулж ирж буй зөв чиглэл бол төрийн албан хаагчдын  нэгдсэн тоо бүртгэлийг явуулна, ажлын байр тус бүр дээр цалинг  нэгдсэн системд оруулах санал гаргасан явдал юм. Ингэснээр тоо бүртгэл, ажлын үр дүн, гүйцэтгэл сайжрах ач холбогдолтой. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуульд урьд өмнө тусгагдаагүй бүлэг асуудал байгаа.  Энэ нь төрийн албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийг сайжруулахтай  холбоотой 13 дугаар бүлэг юм. Энэ бүлэгт төрийн албан хаагчдын ажлыг хэрхэн төлөвлөх, гүйцэтгэлийг яаж зохион байгуулах, үр дүнг хэрхэн тооцох, дүгнэсний дараа урамшуулал, хариуцлагын тогтолцоог яаж хэрэгжүүлэх тухай хуулинд тодорхой тусгаж өгсөн.

ИРЭХ ОНД ЦАЛИНГ ХОЁР УДАА НЭМНЭ

-Төрийн албан хаагчдын тухайд цалин хангамж, зэрэг дэвийн урамшуулал болгон 36 сарын цалинтай дүйцэх тэтгэмж тойрсон асуудлыг ихэд сонирхож байна. Тэд эерэг өөрчлөлт хүлээж байгаа нь анзаарагдаж байна л даа?

-Төрийн албаны шинэ хууль хэрэгжсэнээр төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалал одоогийн түвшингээс дээрдэнэ. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоор заасан. Орой, үдшийн цагаар болон амралтын өдрүүдэд ажилладаг ч илүү цагийн хөлс олгодоггүй гэсэн гомдол маш их гардаг. Үүнийг хуульчлан олгодог болж байна.

Түүнчлэн  улс төрийн албан тушаалтнаас бусад албан хаагчдын хувьд тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж авахаар хуульчиллаа. Багш, эмч нараас бусад төрийн үйлчилгээний албан хаагчид энэ тэтгэмжийг авдаггүй байсан. Одоо бол төрийн үйлчилгээний албан хаагчид бүгд тэтгэмж авдаг болно. Мөн төрд удаан жил ажилласны нэмэгдэл олгодог болж байна.  Гэхдээ Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор сүүлийн хоёр заалт 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

-Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх үү?

-2019 оны тухайд төрийн албан хаагчдын цалинг хоёр удаа 20 орчим хувиар нэмнэ. Нэгдүгээр сарын 1, аравдугаар сарын 1-нд цалинг нэмэгдүүлэхдээ ажлын  ачаалал, үр дүнгээс хамааруулан ялгавартайгаар нэмэгдүүлэхээр байгаа. Эрүүл мэндийн салбарт гэхэд сувилагч нар, мэс засал, төрөх, яаралтай тусламжийн ажилтнууд, боловсролын салбарт бага анги, цэцэрлэгийн багш нарт ахиу хэмжээний нэмэгдэл оногдох жишээтэй.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
17
ХахаХаха
11
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж