УИХ-ын чуулган дээр төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Ирэх арваннэгдүгээр сарын 15-наас өмнө амжиж батлах ёстой төсөв дээр Ерөнхийлөгч болоод зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж буй юм. УИХ-ын 2016 оны сонгуулиас хойших улсын төсөв ерөнхийдөө тойрог усалсан төсөв болж байна. Энэ жил гишүүд “миний долоохон, чиний долоо” гэсэн шүүмжлэл өрнүүлж эхэлсэн нь ирэх 2020 оны сонгууль дөхсөний шинж. Нэг ёсондоо, 2019 оны төсөв бол сонгуулийн төсөв, тиймээс ч гишүүд чичрээд дайрч байна. Зарим нь ил шулуухан чиний тойргийнх их минийх бага гэсэн гомдол ч гаргаж буй. Төрийн тэргүүний зүгээс ирэх оны төсөвт хориг тавьж магадгүй байгаа бөгөөд гишүүдийн мөнгө таван тэрбум хүртэл өссөнийг чуулганы индэр дээрээс шүүмжилсэн. Ингээд 2019 оны төсвийн төсөлд дээр улстөрчид ямар байр суурь илэрхийлж байгааг хүргэе.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
-Барилгын зураг төсөвтэй, төсөвгүй маш олон барилга барихаар тусгасан байна. Манай өнөөгийн тогтолцоо буюу 76 тойргийн асуудал бий. Би тойрогтоо ямар нэг юм хийхийн тулд, мөнгө хуваарилуулахын тулд Сангийн яам, Ерөнхий сайдаа “огцруулна” шүү гээд л дарамталж эхэлнэ. Энэ бол өнөөгийн бодит тогтолцоо. Тэгээд Ерөнхий сайд нь мөнгө хуваарилна. Би энэ талаар маш тодорхой хэлсэн. Н.Энхбаяр 2000-2004 онд Ерөнхий сайд байхдаа нэг намын 72 гишүүнээс бүрдсэн УИХ-ыг бүрдүүлсэн байсан. Гишүүд нь бодлого, үйл ажиллагааг нь эсэргүүцээд эхлэнгүүт нэг, нэг сая төгрөг тойрогт нь өгч байсан юм. Одоо энэ мөнгө таван тэрбум төгрөгт хүрч. Энэ бол бодит байдал. Сонгуулийн болон тойргийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
-Төсвийн алдагдал 2018 онд 2.4 их наяд байсан. Харин ирэх онд 1.9 их наяд болж буурсан. Үүнээс 1.3 тэрбум төгрөг нь гадаадын зээл тусламж байх юм. Энэ хөрөнгийг дээр дурьдсан Төв цэвэрлэх байгууламж, Нефть боловсруулах үйлдвэр барих, Улаанбаатар-Дархан чиглэлийн, Налайх-Чойрын чиглэлийн автозамыг шинэчлэхэд зарцуулна. Үлдсэн 500 тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох замаар зохицуулна гэж үзэж байгаа.Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохоор тооцсон. Харин ХНХЯ-наас Хүүхдийн мөнгийг авах хүсэлт ирүүлсэн бүх өрхөд олгох санал ирүүллээ. Энэхүү саналын дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА:
-УИХ-ын гишүүд тойрогтоо очиж иргэд, орон нутаг, аймгийн удирдлагуудтайгаа уулзаж, санал сонссон. Одоо Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг дээр ойлголцолд хүрээд явж байна. Тойрогтоо гишүүд таван тэрбум төгрөг аваад, АН-ын гишүүдийн тойрогт мөнгө өгсөнгүй гэсэн яриа гарсан. Таван тэрбум төгрөг гишүүдийн мөнгө биш. 76 жижиг тойрогтой. Тойрог бүрт өөрийн онцлог, бэрхшээлүүд бий. Тойргийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор төсөвт таван тэрбумыг суулгаж байгаа. Орон нутгийн удирдлагуудтай ярилцаад шийднэ. Түүнээс биш УИХ-ын гишүүн хуваарилалтад нь оролцохгүй. Гүйцэтгэлд нь хяналт тавих ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:
-Энэ удаагийн төсвийг сэтгэлийн хөөрлөөр, 2020 оны сонгуулийн амлалтын төсөв болгож батлахаар оруулж ирснийг Ардчилсан намын бүлэг туйлын хариуцлагагүй үйлдэл гэж дүгнэж байна. Монгол Улсын Их хурлын өнгөрсөн бүх хугацаанд баталж байсан төсвөөс хамгийн муу төлөвлөгдсөн бөгөөд иргэдэд ээлгүй төсөв болсон гэж үзэж байна. Монгол улсын 2019 оны төсвийн төлөвлөлт, зарцуулалтын бодлого, баримталсан зарчим нь иргэдийн амьдралын чанарыг бодитойгоор дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах чиглэлд ямар нэгэн дорвитой өөрчлөлт гаргахгүй, шинэчлэл хийгдэхгүйгээр төлөвлөгджээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
-"Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд гол чухал нөлөө үзүүлнэ. Улс орны төсөв батлах эгзэгтэй үед аудитын байгууллагын дүгнэлт маш чухал. 2019 оны улсын төсвийн төслийн аудитын дүгнэлтэд дурдсан нэлээн өөдрөг төсвийн төсөл боловсруулжээ гэдэгтэй санал нэг байна. Төсвийн төслийг харахад маш олон мөрөөдлийн жагсаалт гаргасан. Өнгөрсөн жил л гэхэд улсын төсөвт өмч хувьчлалаас 150-160 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн ч энэ нь хэрэгжээгүй төрийн өмчит компаниуд өнөөдөр алдагдалтай ажилласан хэвээр байгаа. Мөн тонн нүүрсийг уурхайн амнаас 68 ам.доллараар борлуулж байгаа. Гэтэл төсөлд 80 ам. доллараар зарна хэмээн оруулж ирсэн байх жишээтэй. Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ ирэх жилүүдэд буурах таамаг бий. Мөн Монгол Улс өнгөрсөн жил 28 сая тонн нүүрс борлуулсан байхад энэ жил 40 сая тонныг зарна гэсэн нь хэт өөдрөг төсөөлөл болжээ. Үүнтэй би санал нийлэхгүй байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:
-Гишүүд хувьдаа таван тэрбум төгрөг авч байгаа асуудал огт байхгүй. Жишээ нь, миний тойрогт нэг сургууль, цэцэрлэг, авто гарааш баригдахаар 2018 оны төсөвт суугдсан. Хотын захиргаанаас тендер нь зарлагдаж хийгддэг ажил учраас энэ жил газар чөлөөлт нь нээгдэж 2018 оны төсөвт суусан мөнгө нь ирэх оны төсөв дамнан суугдаж байгаа юм. Би өөрийнхөө тойрогт сургууль, цэцэрлэг бариулахын тулд таван тэрбум төгрөгийг хөөцөлдөж авсан л гэсэн үг. Ерөнхийдөө төр бизнест оролцохгүй гэсэн үгээр хааж 2019 оны төсөвт томоохон бүтээн байгуулалтын ажлууд тусгагдаагүй. Мэдээж сургууль, цэцэрлэг, зам барих нь сайн хэрэг. Гэхдээ ойрын хугацаанд үр ашгаа өгөх зүйлд төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулж, зээл тусламжаар орж ирж байгаа мөнгийг үр ашигтай зарцуулах асуудал үндсэндээ орхигдсон. Тухайлбал, Улаанбаатар хот руу хандсан хөрөнгө оруулалтуудаас сургууль, цэцэрлэгийг хасаад харвал бараг тэг байгаа.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД
-Ерээд оноос хойших хамгийн дампуу хариуцлагагүй төсөв. Энэ жил түүхий эдийн үнэ өссөн тул их л өөдрөг төсөөлөлтэй төсөв өргөн барьсан байна лээ. 20 орчим сая тонн нүүрс экспортолдог байсан бол ирэх онд 40 гаруй сая тонныг экспортолно гэжээ. Ийм өөдрөг төсөв биелэхгүй байх магадлал өндөр гэдгийг Төрийн аудит хэлээд байгаа. Дэлхийн эдийн засаг сайхан болно гээд байна. Энэ жил эхэлсэн худалдааны дайн өргөжиж ирэх жил дайн болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп батлан хамгаалахаас бусад салбарын сайд нарыг төсвөө таван хувь танах үүрэг өгсөн. АНУ ерөнхийлөгчийн засаглалтай учраас сайд нар нь хасаад л явна. Гэтэл манайд төсвөө 11 их наяд болгосон сайд нар нь “үгүй” гээд сууж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ