Нью-Йорк дахь Олон улсын харилцааны ёс зүйн Карнегийн консулын ахлах судлаач, нэрт тоймч, эрдэмтэн Александр Гоерлахтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт анх удаа Монгол Улсад зочлохдоо ардчиллын ирээдүй, популизмын улмаас ардчилалд тулгарч буй сорилтуудын талаар улс төрийн намуудын дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулж сонирхолтой лекц уншсан нь анхаарал татсан юм.
-Эрхэм зочин Таныг Монголд анх удаа ирж байгаа гэж сонссон. Ирсэн өдрөөсөө эхлээд Монголын улс төрийн болон сэтгүүл зүйн хүрээнд анхаарал татсан, сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Юуны өмнө надтай ярилцаж буй News агентлагт баярлалаа. Хамгийн нөлөөтэй мэдээллийн сайт гэсэн мэдээлэлтэй байсан учраас их баяртай байна. Зорьж ирсэн ажлууд, зохион байгуулсан арга хэмжээнүүд маань нэлээд үр дүнтэй байлаа. Сонирхолтой хүмүүстэй танилцаж, ардчиллын талаар ярилцаж санал бодлоо хуваалцсандаа сэтгэгдэл өндөр байна.
-Улс төрийн намуудын төлөөлөлтэй дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. Ямар дүр зураг харагдсан бэ?
-Улс төрийн намуудын төлөөлөл, мөн улстөрчидтэй уулзаж мэдээлэл солилцож эхний байдлаар дүгнэлт хийгээд үзэхэд товчхондоо, ялангуяа ардчиллын тухайд Монгол Улс шийдвэрлэх мөч дээрээ байна. Тэгш бус байдал гол асуудал болчхож гэсэн дүгнэлтэд хүрлээ.
-Тухайлбал?
-Амьжиргааны түвшин, мөн хотын захын гэр хорооллын иргэдэд хүрч буй төрөл бүрийн үйлчилгээний хүртээмж чанарын хувьд маш тод ялгаа харагдлаа. Монгол Улсын хувьд тэгш бус байдал маш өргөн хүрээнд тархжээ. Тиймээс улс төрийн намуудын хувьд энэ чиглэлд анхаарлаа хандуулж үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд эхний байдлаар хүрээд байна.
-Сүүлийн өдрүүдэд популист хандлагын талаарх таны яриа анхаарал татсан. Тухайлбал, Европт популист хандлагын сүүлийн үеийн ямар томоохон жишээг та дурдаж болох вэ?
-Европын хэмжээнд болон АНУ-д улстөрчдийн зүгээс олон нийтийг хэт туйлшруулах хандлага идэвхжиж байгаа нь ажиглагдах болсон. Тухайлбал, цагаачлалын асуудлаас болоод хэсэг бүлэг хүмүүсийг эсвэл цөөнхийг буруутгах үйл явц газар авах болсон.
-Үүнд нь хэвлэл мэдээллийнхний оролцоо, нөлөө хэр байна?
-Популист үзлээр асуудалд ханддаг буюу ийм аргыг сонгосон улстөрчдийн хувьд хэвлэл мэдээллийнхэн №1 дайсан нь болж байдаг. Тийм ч байх ёстой. Яагаад гэвэл хэвлэл мэдээлэл бол ардчиллын тулгуур зарчмыг нийгэмд хэрэгжүүлэх гол үүрэгтэй, олон нийтийн санаа бодлыг, олон ургальч үзлийг дэлгэрүүлж, ард түмэнд хүргэж байдаг. Тэд бодит байдлыг л мэдээлдэг, сурвалжилдаг. Тиймээс популизмыг дэвэргэх биш хязгаарлах гол хүчин зүйл нь болж байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс ч хуурамч мэдээллийг буруутгаж хязгаарлах арга хэмжээ авч байна. Популизмыг эрхэмлэдэг улстөрч мэдээлэл тарааж байхад хэвлэл мэдээллийнхэн олон эх сурвалжаас мэдээлэл авдаг байх зэргээр олон талын үзэл бодлыг тусгаж мэдээллийг тэнцвэржүүлэгч, олон нийтийн санаа бодлыг тогтворжуулагч үүргээ сайн биелүүлэх нь чухал юм.
-Монголд сошиал сүлжээний улс төрийн үйл явцад үзүүлж буй нөлөөлөл улам идэвхэжсээр байна. Та энэ талаар ямар дүгнэлтэд хүрэв?
-Би Монголын тухайд тодорхой, өргөн хүрээнд судлаагүй байгаа болохоор олон зүйлийг хэлж чадахгүй. Хүмүүстэй уулзаж, санаа бодлыг нь сонсоход хэвлэл мэдээлллийн хараат бус байдалд санаа зовнисон, улстөрчид хэвлэл мэдээллийнхнийг хянадаг, мөнгө төлөөд хүссэн мэдээллээ гаргуулдаг, тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хаанаас орлого олж оршин тогтноод байна вэ гэдэгт санаа зовдог юм байна. Энэ бол ардчилал, тэгш бус байдалтай холбоотой нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал мөн. Түүнчлэн “саналаа худалдах” гэдэг үзэгдлийн талаар нэлээд мэдээллийг өгсөн. Энэ ч мөн адил ардчилалд маш хортой зүйл гэдгийг нэмж хэлмээр байна. Монголд ирээд удаагүй байгаа тул авсан мэдээллийнхээ хүрээнд яаран дүгнэлт хийхэд эрт байгаад хүлцэл өчье.
-Цахим популизм буюу олон нийтийн сүлжээг популистууд ашиглах нь хэр үр дүнтэй байдаг вэ. Хэрэглэгч үүнд хэрхэн хандвал зохистой вэ гэдэг талаар өөрийн санаа бодлоо хуваалцана уу?
-Урьд нь хэвлэл мэдээлэл платформын үүрэг гүйцэтгэдэг байсан. Түүгээр дамжуулж мэдээлэл тархдаг, хэлэлцүүлэг явуулдаг, наад зах нь камер хүртэл үнэ цэнэтэй, ховор байлааг. Одоо бол дэлхийн хаана ч нөхцөл байдал өөрчлөгдсөн. Олон нийтийн сүлжээ гэдэг зүйл гарч ирж бараг хүн бүр камертай, хүссэн мэдээллээ өөрөө олж аваад зогсохгүй бусадтай хуваалцах боломжтой болсон. Олон нийтийн сүлжээнд мэдээлэл тарааж байгаа хүн хоёр үүрэгтэй болсон нь харагдаж байна. Эхнийх нь иргэнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлэх, хэлэлцүүлэгт оролцох, саналаа өгөх мэтээр оролцож болно. Нөгөө талаараа хэрэглэгч болж байгаа юм. Энэ хүн Д.Трампын тухай мэдээллийг хүлээн авлаа, цааш нь тараалаа. Түүнд дахиад ийм өөр мэдээгээ явуулъя гээд “ашиглагдах” тохиолдол түгээмэл байдаг. Өөрөөр хэлбэл, сошиал хэрэглэгч иргэний үүргээ ч биелүүлж, популистуудын хэрэглэгч ч болчхож байна гэсэн үг. Үүнийгээ л сайтар ялгаж салгаж авч үзэх учиртай.
-Ирэх Ням гаригт /2018.10.28/ Герман улсын Хессен мужийн сонгууль болно. (Ярилцлагыг аравдугаар сарын 26-ны Пүрэв гаригт хийсэн болно.ред) Дэлхий нийтээр Ангела Меркелийн карьерийн талаар сонирхож байна. Үүнтэй холбоотойгоор Германы хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн сүлжээнийхэн үүрэг, оролцоо нь ямар байгаа талаарх сониноос дуулгаж болох уу?
-Мэдээлэл сайтай байна шүү. Ингэж асууна гэж бодсонгүй. Германы 16 мужийн нэг, Хельсон мужийн парламентын сонгууль болох гэж байна. Одоохондоо Консерватив нам, Ногоон нам хамтран эрх барьж байгаа болохоор энэ сонгуульд нэлээд ач холбогдол өгч байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэн эрх барих байх гэсэн таамагтай байна.
-Ярилцсанд баярлалаа. Тун удахгүй дахин дэлгэрэнгүй ярилцана гэж найдаж байна.
Холбоотой мэдээ