Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зориулалттай зээл зохих эздэдээ биш УИХ-ын гишүүдэд хамаатай компаниудад олгогдсон нь илчлэгдсэн явдал сүүлийн өдрүүдийн улс төрийн том шуугиан байлаа. ХХААХҮЯ-ны бүтцэд байдаг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 950 саяас нэг тэрбум 400 сая төгрөг хүртэлх зээлийг эрх баригч МАН-ын гишүүд эрх мэдлээ ашиглан авч өмнө нь өөрөө удирдаж байсан, эсвэл гэр бүлийн гишүүн, ойр дотын хүмүүсийнх мэдэлд байдаг компанид өгсөн баримт дэлгэгдсэн.
Монгол улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болно, төмөр зам барина, малын махаа экспортолно, эдийн засгаа солонгоруулна зэрэг мөрөөдлөө ярьсаар тэр нь одоо орчин цагийн үлгэрийн төрөлд хамаарах шахсантай адил жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэсэн яриа үлгэр биш юмаа гэхэд улстөрчдийн олны өмнө хэлдэг амны уншлагын нэг болсон зүйл. Аль 1990-ээд оны дунд үеэс Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хөгжүүлнэ хэмээн ярьсаар байгаа ч, хөрөнгө хуваарилагдсаар байгаа ч хөгжсөн нь үгүй. Энэ хооронд олон улстөрч, эрх мэдэлтэн жижиг, дунд үйлдвэрийг амжилттай сайн хөгжүүлж, улс орны эдийн засгаа өөд нь татсан улс орноор чамгүй олон удаа газар дээр очиж үзээд ч хөгжөөгүй юм. Гадаадын зээл хөтөлбөр орж ирж байсан эхэн үедээ хэрэгтэй хүнд нь хүрээд, зорилгоо биелүүлж байсан ч эдийн засаг тэлж, төсвөөс хумсалж амьдрагчид төрд шигдсэн үеэс улстөрчдийн халаасны мөнгөний халхлагдсан хувилбар болон хувирсан нь ийнхүү гэрэл цохигдож байгаа нь энэ.
УИХ-ын гишүүн Б.Батзориг, Х.Болорчулуун, Г.Солтан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Учрал нарын нэр энэ зээлтэй холбогдоод байгаа ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнгөрсөн Баасан гаригт хийсэн мэдээллээр өнөөгийн УИХ-ын олонх болох МАН-ын гишүүдийн 80 хувь нь холбогдохоор байгаа ажээ. Сөрөг хүчин Ардчилсан нам энэ асуудалд тохирох арга хэмжээ авах шаардлагыг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Ийм сайхан боломж гарч байхад дуугүй суух нь сөрөг хүчний хувьд алдас болох тул Ардчилсан намын бүлэг дуу хоолойгоо илэрхийлэх нь зөв ч жижиг дунд үйлдвэр буюу ЖДҮ гэсэн тодорхойлолттой зээл Ардчилсан намыг эрх барьж байх үед ч тараагдаж, улс төрийн зорилгоор ашиглагдаж байсан нь нууц биш.
ЖДҮ-ийн зээл яагаад улстөрчдийн шүлсийг гоожуулаад байна вэ гэвэл хүү нь ердөө гурван хувь, харин жирийн иргэн бизнес хийх зээлээ 30 хувийн хүүтэй авч байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан нотлогдоогүй мэдээллээр зээлээ дамлан зээлж, хүүгийн зөрүү дээр тоглосон байх магадлал бий. ЖДҮ-ийн зээл авах нөхцөл, шаардлагыг хангасан жирийн бизнесмен энэ зээлийг авахын тулд зуучилсан, зөвшөөрөл өгч гарын үсэг зурсан, банкны салбараас гаргасан гээд шат шатанд нь зохих хувийг өгдөг, эдийн засгийн үр ашигтай төслийг нь эдгээр шат дамжлагад байгаа хүмүүс булааж авч өөрийн бизнес болгодог гээд нийгмийн сүлжээгээр цацагдаж байгаа мэдээллийг мухарлахыг иргэд хүсч байна.
Гэвч үнэн хэрэгтээ асуудал аль нэг намынхан олуулаа зээл авсандаа биш, тэрбум тэрбумаар тоологдох их хэмжээний зээл авсандаа биш. Нийгмийн шударга ёс алдагдсанд байна. Эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүст нийгмийн шударга бусаар илүүтэй хуваарилагдаж, төрийн дэмжлэг хэрэгтэй хүмүүст очихгүй байна.
Энэхүү зээлд хамрагдсан эрхэм гишүүний эхнэр нярайн асаргаа сувилгааны эмнэлэг нээсэн л байна шүү дээ гэсэн хэдэр жиргээг төрийн алба хашиж байсан жиргээч бичжээ. Мэдээж хүүхдийн эрүүл мэнд, нярайн асаргаанд анхаарал хандуулж болохгүй гэсэн үг биш, энэ сангаас гарах зээлийг ямар зориулалтаар, ямар хүмүүс, аж ахуйн нэгжид өгөх ёстой вэ гэсэн зорилгоосоо хазайсан, эрхэм гишүүний гэр бүлд энэ зээлгүй бол хоосон хонохооргүй байсан нь тодорхой. Нөгөө талаар энэ эмнэлэг нь мөнгөө төлөөд асаргаа авч чадах бядтай хэсэгт зориулагдсан, төрийн эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй байгаа жирийн иргэд тэр эмнэлгийн үйлчилгээний зардлыг дааж чадахгүй. Хөрөнгөлөг хэсэгт зориулсан тансаг зэрэглэлийн бизнес сүүлийн жилүүдэд цэцэглэж, эдгээр тансаг үйлчилгээг хүртэгчид, тансаг эд барааг худалдан авагчид нь төрөөс хумслагчид болсон.
Нэг орон сууцтай хоёр орон сууцтай болж, хоёр машинтай нь гурван машинтай болж, нэг бизнестэй хоёр дахь бизнесээ эхлүүлж, энэ л хүрээнд хөрөнгө хуваарилагдаж, үлдсэн нь төрийн халамж, цалингийн зээлээр амьдралаа залгуулдаг хоёр туйлд хуваагдсан байдлыг улам өдөөж байгаагаараа ЖДҮ-ийн зээлийг хууль бусаар олгосон, авсан бүгд хариуцлага хүлээх учиртай. Хөрөнгөтэй нэгнийх нь хөрөнгө улам арвижиж, хөрөнгөгүй нэг нь улам ядуурч байгаа нийгмийн ангалыг үүсгэж байгаагаараа ЖДҮ-ийн дуулиан ноцтой үр дагавартай.