Германчууд аливаа зүйлд тооцоотой, асуудалд нягт нямбай хандан, бодит байдлыг харгалзан үзэж, төлөвлөдгөөрөө алдартай. Тэдний энэ сэтгэлгээний онцлог хөгжлийн стратеги, бодлогод нь тусгалаа олж, прагматик үзэл санаа илүү давамгайлж байдаг нь ажиглагддаг. Энэ байдлыг дараах хэдэн зүйлээс төвөггүй олж харах бололцоотой.
Нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засаг(social market economy)-ийн загварт төрийн зохицуулалтыг онцолжээ
Германы Христийн ардчилсан холбоо(CDU) одоогоос 70 жилийн өмнө, дэлхийн II дайны дараа тус улсын анхны ардчилсан сонгуульд "Германд нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх" хөтөлбөрийг боловсруулан өрсөлдөж, ялалт байгуулсан байна. Эл хөтөлбөрийн үзэл санаа нь дайны дараах германы бодит нөхцөл байдалд тохирон ард түмний дэмжлэгийг хүлээснээр түүнийг Үндсэн хуулиндаа тусгаж баталгаажуулсан нь өнөөг хүртэл мөрдөгдөн германы хөгжлийн баталгаа болж иржээ.
Дэлхийн II дайны дараагаар Германы эдийн засаг хямран хүн ард нь сэтгэл санааны хувьд гутрангуй, ажилгүйдэл нэлээд түгээмэл, үйлдвэрчний эвлэлүүд нийгэмд хүчээ авч, нөлөөтэй болсон байв. Энэ нөхцөл байдал нь Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нийгмийн зорилтуудын шийдвэртэй хослуулах, нийгмийн зөвшилцөл хийх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх үндэслэл болжээ.
Германы нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийн хөгжлийн загвар нь нэг талаас эдийн засгийн эрх чөлөөг дэмжин өрсөлдөөнийг чөлөөтэй байлгах, өмчийг хүлээн зөвшөөрч хамгаалах, нөгөө талаар төрийн зүгээс эдийн засгийн бүтэц, тэргүүлэх салбарын чиглэлийн бодлого боловсруулж удирдан чиглүүлэх, ажилгүйдэл, нийгмийн даатгал, халамж, үндсэн хэрэглээний үнийг зохицуулах, нийгмийн баялгийг тэгш хуваарилах зэрэгт анхаарлаа хандуулана төрийн бодлого зохицуулалтаа чиглүүлж ирсэн гэж дүгнэж болохоор байна.
Нийгмийн чиг баримжаатай бодлогоо урт удаан хугацаанд Үндсэн хуулиндаа тусган хэрэгжүүлж ирсэн нь дэлхийд тэргүүлэх хөгжилтэй гүрэн болсон түлхүүр нь гэдэгтэй хэн ч маргахгүй.
Үйлдвэржүүлэх бодлогод экспортыг чухалчилжээ
Германд үйлдвэрийг хөгжүүлэхдээ дотоодын хэрэгцээг хангахыг урьтал болголгүй харин нэмүү өртөг өндөр шингэсэн, экспортын зориулалттай үйлдвэрийн дамжлага, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, эдгээр чиглэлээр хамгийн чанартай боловсон хүчнийг бэлтгэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Дэлхийн хамгийн том 2000 компанийн 53-ынх нь төв Германд байрладаг. Германд үйлдвэрлэсэн “Мерседес”, “Ауди”, “Волксваген” зэрэг авто машин дэлхийд хамгийн сайнд тооцогддог бөгөөд сүүлийн 20 гаруй жилд тус улсад онгоц үйлдвэрлэл, эрчим хүч, хими, эмийн үйлдвэр, мэдээллийн технологи, аялал, жуулчлал, дотор банк, санхүүгийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна.
Засгийн газар нь үйлдвэрийн бүтэц, тэргүүлэх салбарын хөгжил, ирээдүйд гарах төлөвийн талаар салбар бүрийн холбоод болон Үйлдвэрчний эвлэлтэй байнгын яриа хэлэлцээ явуулж, хамтын шийдвэрийг хайж байдаг нь улс оронд тогтвортой, бүтээлч уур амьсгалыг бүрдүүлдэг байна.
Дэлхийн мөнгө, санхүүгийн 2009 оны хямралын үед дотогшоо харсан эдийн засагтай Франц, Итали, Испани зэрэг европын орнууд хямарч байхад, германы бүтээгдэхүүнүүд эрчимтэй хөгжиж буй орнуудад эрэлттэй байж, хямралд өртөөгүй онцлогтой.
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд инновацийг анхаарчээ
Германы Засгийн газраас улс орнуудын ирээдүйн хөгжил нь мэдлэг, тэргүүний техник технологи, инновацийн түвшингээс ихээхэн хамаарна гэж үзэн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний салбарт хөрөнгө оруулалтаа нэмсээр байна. Германы Засгийн газраас “Өндөр технологийн 2010-2020 оны хөтөлбөр”-ийг анх түрүүнд гаргаж хэрэгжүүлж эхэлсэн нь 2011 онд Хановерын олон улсын яармагийн үеэр бодлого боловсруулагчдын анхаарлын төвд орж “Аж үйлдвэрийн IV хувьсгал”-ын эхлэл болжээ.
2016 оны байдлаар ДНБ-нийхээ 2,93 хувийг дээрх салбарт зарцуулж байгаа нь дэлхийн хэмжээнд 3 дугаар (Дани, Швейцарийн дараа)-т орж байна[1].
Гадаад бодлогод прагматизм давамгайлжээ
Германчуудын прагматик сэтгэлгээ нь гадаад бодлогын салбарт хамгийн тод харагддаг. Тухайлбал, Германчууд дэлхийн I, II дайныг эхлүүлж ялагдаад, өөрийн газар нутгийнхаа 1/3-ийг алдан улс, хүн амаа хуваагдмал байдалд хүргэсэн ч нөхцөл, байдлыг бодитойгоор үнэлж, 1970-аад онд БНАГУ, ЗХУ болон бусад социалист оронтой харилцааг хэвийн болгон хамтран ажиллаж, 1990-ээд онд прагматик бодлого явуулсны дүнд хоёр Герман нэгдэх таатай нөхцлийг бий болгож чадсан юм. ХХI зуунд Украйны асуудал, Ираны цөмийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, цагаачлалын зэрэг асуудлаар биеэ даасан, ухаалаг бодлого баримталж, Өрнөд, Өмнөдийн хооронд гүүр болон ажиллаж байна.
Эдгээрийг үндэслэн дүгнэхэд, Германы эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн, гэр бүл болгонд хүргэх, эдийн засгийг инновацид тулгуурлан урт хугацаанд хөгжүүлэх стратегийг тодорхойлон хэрэгжүүлдэг, улс төржихгүй, бусдыг дагахгүй, үндэстнийхээ язгуур эрх ашигт нийцэх гадаад бодлого явуулах зэрэг амьдралаар батлагдсан туршлагаас Монголын нөхцөлд тохирох заримыг авч ашиглах нь монголчуудад тустай байх болно гэж итгэж байна.
…" Хэрэв чамд шийдэл байхгүй бол асуудлын нэг хэсэг нь чи өөрөө" гэсэн үг бий…
Нийтээрээ тунгаах биз ээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа
Холбоотой мэдээ