“ДЭЛХИЙН ЗӨН” 500 МЯНГАН АМ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

“ДЭЛХИЙН ЗӨН” 500 МЯНГАН АМ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Байгалийн гамшгийн улмаас хүнд нөхцөлд байгаа малчдад зориулж “Дэлхийн зөн” олон улсын байгууллага 500 мянган ам долларын тусламж үзүүлэх болжээ.  
    Тус байгууллагын Зүүн бүсийн захирал, хатагтай Д. Дюпа 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа энэ тухай хэлэв.
    Гамшгийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа үе шаттай арга хэмжээг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага өндрөөр үнэлж байгааг хатагтай Д.Дюпа онцлон тэмдэглэсэн байна.
Байгалийн гамшигт өртсөн малчид, тэдний гэр бүл, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад чиглэсэн олон ажил хийж байгааг Шадар сайд М.Энхболд танилцуулж, амьжиргааны эх үүсвэргүй болсон малчдыг малжуулах, хоол хүнс, эд материал, сэтгэл санааны тусламж, дэмжлэгээ үргэлжлүүлэн  ажиллаж байгааг тэмдэглэв.  
“Дэлхийн зөн” олон улсын байгууллага Говь-Алтай, Ховд аймагт хүнсний аюулгүй байдлын талаар цогц судалгаа хийснийг Д.Дюпа товч танилцуулав. Мөн нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 7500 өрхийг хамарсан судалгаа хийснээ нийтэд танилцуулахаар болжээ.
Олон улсын болон Монголын хүүхдүүдийн төлөө, тэдний эрх ашгийг хамгаалах, өсч хөгжих боломжийг нь нэмэгдүүлэх, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын үйл ажиллагааг улам бүр ашиг тус, хүртээмжтэй болох үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь “Дэлхийн зөн” олон улсын байгууллага үнэлж Монгол Улсын Шадар сайд М.Энхболдыг Хүндэтгэлийн медалиар шагнасныг хатагтай Д.Дюпа гардуулав.
Шадар сайд М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Үдийн цай” хөтөлбөр, хүүхэд, гэр бүлд мөнгөн тэтгэмж олгох ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, хэрэгжүүлсэн зэрэг олон ажлыг нь “Дэлхийн зөн” олон улсын байгууллага ийнхүү үнэлжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж