Их аварга Хакүхо 33 дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.25-нд нийтлэгдсэн

Их аварга Хакүхо 33 дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдрийн барилдаанд ёкозүна Какурюу М.Анандыг давснаар Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүллээ.

Ийнхүү тэрээр сүмо бөхийн түүхэнд дэх бүх цаг үеийн хамгийн олон түрүү хүртсэн бөхөөр тодорч, өнөөдрөөс эхлэн хэний ч очиж үзээгүй шинэ замаар алхаж байна. Хакүхо аварга сүмо бөхийн хамгийн олон түрүүлсэн бөхөөр тодорч буй энэ башёд мөн нэг ч уналгүй, бүх өрсөлдөгчдөө ялж түрүүлсэн юм..

Хакухо М.Даваажаргал Эзэн хааны цомыг 33 дахиа хүртсэний дараа ордонд шууд ярилцлага өгөхдөө,

“Тайхо аваргын 32 түрүүг давж ачийг нь хариулж чадсандаа баяртай байна. 13 дахь өдөр түрүүлчихсэн учраас үзэгчдээсээ уучлалт гуйя. 15 өдөр нэг ч өдөр амралгүй зүтгэсэн. Бурхан намайг хүлээн зөвшөөрсөн учраас ийм амжилтад хүрлээ гэж бодож байна. Одоо өөр зорилго байхгүй, зодог тайлдаг ч юмуу гэж бодсон. Одоо сайхан амраад дараагийн зорилгоо олно оо. Хүчирхэг эрийн ард ухаантай эмэгтэй байдаг юм шүү гэж хэлмээр байна. Намайг дэмжиж байсан ухаантай эхнэртээ баярлалаа. Тайхогийн амжилтыг тооны хувьд давсан ч сэтгэлзүйн хувьд болоогүй байж магадгүй гэж бодож байна” гэлээ.



Монголын бусад бөхчүүдийн хувьд Хацу башёг ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж Хацу башёг 11 даваа, 4 унаатай, ёкозүна Какурюү М.Ананд 10 даваа, 5 унаатайгаар өндөрлүүллээ. Энэ башёд хоёр ч япон озэкиг давж чадсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8 даваа, 7 унаатайгаар өндөрлүүлж, цол хүртэх нь тодорхой боллоо. Тэрүнофүжи Хацу башёд онцгой сайн барилдсан тул Канто-шо буюу дайчин барилдааны шагнал хүртсэн юм. Харин Ичиножёо А.Ичинноров 6 даваа, 9 унаатайгаар тэмцээнийг дуусгаж, секивакэ цолоо алдах нь тодорхой болов. Тамаваши Мөнх-Оргил тун сайн барилдаж, 10 даваа, 5 унаатайгаар өндөрлүүлсэн бол Кёкүтэнхо 5 даваа, 10 унаатайгаар өндөрлөв.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж