“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн талаар бид мэдээлсэн. Хэрэг явдлын талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай, удирдлагын төвийн утсанд аравдугаар сарын 24-нд шөнө ийм харамсалтай хэрэг бүртгэгджээ. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ өндөр барилгаас доош унасан байдалтай олдсон талаар анхны дуудлага ирсэн байдаг. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхны дүгнэлт гаргаад байгаа аж. Гэхдээ талийгаачийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна гэдгийг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Уг хэрэг Хан-Уул дүүрэгт байрлах К Н апартмент хотхонд гарсан бөгөөд түүнийг 11 давхраас түлхэж амь насанд нь халдсан гэдэг мэдээллийг үгүйсгэлээ. Мөн амиа алдах үед нь ар гэрийнхэн нь хамт байсан гэх мэдээлэл байгаа юм.
Ч.Чамин-Эрдэнэ эмээтэйгээ амьдардаг байжээ
Хуулийн байгууллага урьдчилсан байдлаар талийгаачийг амиа хорлосон байж болзошгүй гэж үзсэн бол ар гэрийнхэн нь хэргийн урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзжээ. Мөн талийгаач Ч.Чамин-Эрдэнийн эмээ нь түүнийг бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй. Бүх шинжилгээг хийлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Талийгаач нь эмээтэйгээ амьдардаг байжээ.
ЦЕГ: Хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас зуурдаар амиа алдсан Ч.Чамин-Эрдэнэтэй холбоотой дараах мэдээллийг ирүүллээ.
Уг мэдээлэлд "2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 хороонд барилга дээрээс хүн унасан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд тус өдрийн 17:25 цагт ирсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж гүйцэтгэж ажилласан. Тус байранд оршин суух хаягтай 22 настай, эмэгтэй, "Ч" унаж нас барсан байсныг тогтоож, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ