ЭХЭМҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

ЭХЭМҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж байгаа нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил болоод байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ГССҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын III эмнэлэг, Амгалан амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг 12 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Өргөө амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлыг хүлээн авлаа.

Эмнэлгүүдийн гадна талбайн тохжилтын ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Авто машины зогсоол хоёр дахин нэмэгджээ

Өргөө амаржих газрын тохижилтын ажлын хүрээнд 150 авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам хийсэн байна. Өмнө нь 80 орчим машины зогсоолтой байсныг 150 болгон нэмэгдүүлжээ. Тоосжилт ихтэй, зохион байгуулалтгүй, замбараагүй байсныг зураг төслийн хүрээнд шинэчлэн хийсэн болохоор зөв зохион байгуулалттай болсон гэдгийг тохижилтын ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөллүүд хэлж байв.

Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан “Манай эмнэлгийн гадна талбай замбараагүй, зохион байгуулалт маш муу байсан. Одоо бол үйлчлүүлэгчид амрах талбайтай, 150 машины зогсоолтой болсон. Ирж үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамж маш өндөр байгаа. Бидний зүгээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхандаа талархаж байгаагаа илэрхийлье” хэмээж байлаа.

ЭХЭМҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, НЗДТГ, УБЗАА иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бий болгох чиглэлд анхааран ажиллаж байна. Үүний нэг жишээ бол өнөөдрийн бидний хүлээн авч буй бүтээн байгуулалтын ажил юм. ЭХЭМҮТ-ийн 1100 ажилтан, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, түүгээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл, аюулгүй нөхцөл байдлыг хангах, авто машинаа байршуулахаас эхлүүлээд алхах гишгэх газар бүхнийг шаардлага хангасан хэмжээнд хүргэхийн төлөө энэ бүхнийг хийсэн. Энэ бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжлэх болно” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гуравдугаар шатлалын эмнэлэг болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хоёрдугаар шатлалын эмнэлэг, төрөх эмнэлгүүдийн тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгана гэсэн томоохон зорилго тавин ажилласан. 2016 оноос хойш 14 эмнэлгийн тохижилтын ажлыг хийсэн. Нийт 18 эмнэлгийн тохижилтыг хийнэ. Иргэд бухимдалгүй, түгжрэлгүй, тохилог орчинд үйлчилгээ авах хэрэгтэй гэсэн зорилт тавин ажилласан. Энэ ажил нийслэлийн иргэдийн талархалыг хүлээсэн ажил болоод байна. Монгол Улсын хаанаас ч түргэн хугацаанд ирж үйлчлүүлж болохоор орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн нисдэг тэрэгний буух талбайтай болсноороо онцлог. Мөн ГССҮТ, ХӨСҮТ-үүд нисдэг тэрэгний буух талбайтай болсон байгаа” хэмээлээ.

Тохижилтын ажлыг хүлээн авах арга хэмжээний үеэр ЭХЭМҮТ-ийн хамт олноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарт талархалаа илэрхийлж, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж