УИХ, Засгийн газрын гишүүд цагдаа, тагнуулд шалгагдана

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

УИХ, Засгийн газрын гишүүд цагдаа, тагнуулд шалгагдана

УИХ, Засгийн газрын гишүүд цагдаа, тагнуулд шалгагдана

Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг “Долоо хоногийн тойм” буландаа онцолж байна.


Засгийн газар огцрох болзлыг хангалаа

Жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) -ийг хөгжүүлэх зорилготойгоор олгодог жилийн гурван хувийн хүүтэй зээл эрх барьж буй намын УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компанид очсон нь илчлэгдэж, нийгэмд дуулиан тарьж байна.

Хэвлэлүүдийн дэлгэж тавиад буй баримтаар Засгийн газрын гурван гишүүн, УИХ-ын дөрвөн гишүүний хувьцааг нь эзэмшдэг болон хамаарал бүхий компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл олгогджээ. Үүнд:

Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатарын  “Эпато анарваан” ХХК нь 1,2 тэрбум төгрөгийн зээл,

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1,4 тэрбум төгрөгийн зээл,

УИХ –ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,

УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөг,

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК-д 950 сая төгрөг

УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын “Хүннү” ХХК -д 950 сая төгрөгийн зээл тус бүр олгогджээ.

Мөн Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК тус сангаас хөнгөлөлттэй зээл авсан байна.

Ардчилсан намаас хийсэн мэдээллээр бол эрх баригч намынхнаас дээрх сангаас зээл авсан гишүүдийн тоо 40 гарч мэдэх бөгөөд мөнгө угаасан ч байж болзошгүй аж. Иймээс энэ асуудлыг цагдаа, тагнуулын байгууллагаар шалгуулна, мөн хэргийг шалгаж шийдвэрлээгүй цагт ирэх оны улсын төсвийн хуулийг хэлэлцэх боломжгүйгээ мэдэгдлээ.

Жил гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар сайд нартаа тендер хуваарилж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэргээр огцорч байсан бол энэ удаад У.Хүрэлсүхийн танхимын сайд нар ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдсоноороо ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн төдийгүй эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр огцрох болзлоо хангалаа.

Байлдааны онгоц унасан нь цуурхал болов

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд энэ сарын 26-нд ОХУ-ын байлдааны онгоц унасан тухай мэдээлэл сошиалд цацагдав. Гэвч энэ нь цуурхал буюу ташаа мэдээлэл байлаа.

Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар дээрх мэдээллийг шалгахад нотлогдоогүй. Газар дээр нь очиж шалгахад тухайн онгоц унасан гэх газарт нь автомашины дугуй шатаж байсан юм.

Г.Доржзодов 60 тэрбумын бичлэг устаагүйг зарлав

Төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгох тухай яриаг баримтжуулж, бичлэг хийсэн гэдэг Г.Доржзодов энэ сарын 26-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Дөрвөн жилийн турш шуугиж байгаа эл бичлэгийн эх хувьд устсан гэдэг зүйл сүүлийн үед яригдах болсон тул түүнд тайлбар хийж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ уг бичлэгийг эх хувь устаагүй, хадгалагдаж байгааг мэдэгдсэний зэрэгцээ Авлигатай тэмцэх газрынхан харин эл хэргийг шалгах явцдаа нотлох баримт болгон авсан бичлэгийг өөрчилж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн гэж тайлбарласан юм.

Энэ асуудалд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог тайлбар хийсэн. Тэрбээр “Иргэн Г.Доржзодовын хийсэн мэдэгдэл худлаа байсан гэдгийг хэлмээр байна.  2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр Ардчилсан нам, МАХН хоёр субъектээс 60 тэрбумын асуудлаар холбогдох дуу дүрсний бичлэгтэй материалуудыг АТГ болон Цагдаагийн байгууллагад ирүүлсэн байдаг. Хавсаргаж ирсэн материалыг АТГ хүлээж аваад шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн. Түүнээс биш Г.Доржзодовын ярьж байгаа шиг  АТГ хуурамч бичиг баримт бүрдүүлж шинжилгээнд хүргүүлсэн зүйл ерөөсөө байхгүй” гэж няцаав.

Төрийн банкны экс дарга нарыг баривчлав

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 23-нд Төрийн банкинд баривчилгаа явуулж, С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг саатуулав.

Тэднийг мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татан саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Нийслэлийн прокурорын газраас тэднийг яллагдагчаар татан, нэг сарын хугацаагаар цагдан хорих саналыг шүүхэд ирүүлснийг хүлээн авсан байна. Шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.

Саатуулагдсан дээрх хүмүүсийн нэг нь Төрийн банкны салбарын эрхлэгчээр, хоёр нь хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан бөгөөд чөлөөлөгдсөн байжээ.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж