АНУ-ын Питсбург хотын еврейчүүдийн сүмд бямба гаригийн өглөө зэвсэгт этгээд халдаж, мөргөл үйлдэж байсан 11 хүний амийг хөнөөж зургаан хүнийг шархдуулжээ. Халдлага үйлдсэн этгээд нь 48 настай Роберт Бауэрс гэгч байсан бөгөөд мөргөлчид рүү гал нээх үеэрээ“Бүх еврей үхэх ёстой” хэмээн хашхирч байжээ. Шинэ мэндэлсэн хүүхдэд нэр өгөх зан үйл үйлдэж байхад нь ийнхүү халдсан байна.
Зэвсэгт этгээд нэг хагас автомат, гурван гар буугаар зэвсэглэсэн байв. Амиа алдагсдын дунд хүүхэд байгаагүй ба шархадсан зургаан хүний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэв. Шархадсан хүмүүсийн дөрөв нь цагдаагийн ажилчид байжээ. Бауэрс халдлага үйлдэхээс нэг цагийн өмнө цахим сүлжээнд “Еврейчүүд манайхныг хядаж байна. Би үүнийг хараад сууж чадахгүй” хэмээн бичсэн байжээ. Түүнийг үзэн ядалтын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хууль бусаар галт зэвсэг ашигласан гэх мэт нийт 29 зүйл ангиар буруутгаж байгаа юм байна. Баривчлагдсаныхаа дараа ч “Бүх еврей үхэх ёстой” гэж хашхирсаар байжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг хэргийн талаар сэтгүүлчдэд ярихдаа “Өнөө үед ийм хэрэг гарна гэж төсөөлөөгүй байх. Гэвч бид өнгөрсөн үеэсээ суралцаж чадаагүй байгаа нь эндээс харагдлаа. Галт зэвсгийн хяналтыг чангалснаар ийм хэргүүдийг зогсоохгүй, хэрвээ сүм зэвсэгт хамгаалалттай байсан бол ийм байдалд хүрэхгүй байх байсан” хэмээн мэдэгдээд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Хэргийн дараа Чикаго, Лос Анжелес, Нью-Йорк, Вашингтон хотуудын цагдаагийн газрууд еврейчүүдийн сүм хийдүүдэд нэмэлт хамгаалалт гаргах арга хэмжээ авсан байна.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ