Өнөөдөр Европ тивийн Альпийн нурууны бүсэд байдаг Австрийн Зёльден дахь цанын баазад уулын цанын гиант слалом төрлийн уралдаанаар эхлэж байна. Өчигдөр 2018-2019 оны уулын цанын дэлхийн цомын өмнөх форум болж алдартай тамирчид, ОУ-ын цанын холбооны албаны хүмүүс, хэвлэл мэдээлэл, цанын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч пүүс компани болон багш, дасгалжуулагчид чуулжээ.
Тус форумын үеэр ОУ-ын цанын холбооны ерөнхийлөгч Швейцар улсын иргэн Ж.Каспер 2026 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй улсуудын тухай мөн олимпийн наадамд багтаж буй уулын цанын ирээдүйн тухай ярьсан бол ОУ-ын цанын холбооны албаны дарга А.Скаардал болон М.Валднер нар энэ улиралд зохион байгуулагдах тэмцээн уралдааны тухай мэдээлэл хийжээ. Ялангуяа тус холбооны уралдаан хариуцсан захирал тамирчдын тоног төхөөрөмжийн шинэчлэл, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэж ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Мөн ОУ-ын цанын холбооны өмнө тулгарч байгаа бас нэгэн асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, үүнийгээ дагаад хиймэл цасны үйлдвэрлэлийн тухай авч хэлэлцсэн байна.
Энэ улиралд уулын цанын дэлхийн цомын нийт 41 уралдаан 21 газарт зохион байгуулагдана. Улирлын эхний гараа Австрийн баруун нутгийн Зёльденд гиант слалом (их туг сүлжих) төрлөөр эхлэх бол улирлын сүүлийн гараа Баруун Европын Пиренейн хойгийн Пиренейн ууланд орших Андоррагийн вант Сольеду цанын баазад даунхилл, гиант слалом, слалом, супер гиант слалом төрлийн уралдаануудаар өндөрлөнө. Харин уулын цанын 2019 оны ДАШТ ирэх 2 сард Шведэд болно.
Эмэгтэй төрөлд өнгөрсөн улирлын дэлхийн цомын аварга АНУ-ын 23 настай ирээдүй гэгдэж буй М.Шиффрин, Германы В.Ребенсбург, Л.Вонн, Т.Вайратер, Л.Гут нарын шилдэг бүсгүйчүүд байгаа бол А.Свиндаль, Х.Янсруд, М.Хиршер, А.Пентюро нарын тэргүүтэй шилдэг эрчүүд өрсөлдөхөд бэлэн болоод байна.
Б.БЯМБАБАЯР