Засварт орох Үндсэн хууль тойрсон үзэл бодлууд

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Засварт орох Үндсэн хууль тойрсон үзэл бодлууд

Засварт орох Үндсэн хууль тойрсон үзэл бодлууд

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх тухай  намууд болон улстөрчид байр суурь болон үзэл бодлоо илэрхийлсэн болсон.  Үндсэн хуулийг бүр үндсээр нь өөрчилж Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, эсвэл  тодорхой “завсар” хийж, парламентын засгаа төлөвшүүлэх үү гэх талцал улс төрийн хүрээнд үүсэх шинжтэй. Ингээд улстөрчдийн байр суурийг хүргэе.  


 ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА /Намрын чуулганд хэлсэн үгнээс/

Би улс төрчид, ард түмэндээ хандан уриалж байна. Улс төрийн тогтолцоогоо оновчтой, цэгцтэй, ил тод, иргэдэд өгөөжтэй болгон өөрчлөх хариуцлагатай бөгөөд гарцаагүй хийгдэх ёстой энэ үйлст нэгдэхийг бүгд эвлэлдэн нэгдэхийг та бүхнээс хүсье. Реформоос хожих тал нь ард түмэн, хохирох нь төрийн эрх мэдлийг ашиглаж баяжсан олигархи цөөнх байх болно. Бусдын хийж чадсаныг бид чадах ёстой. Хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтийг тусгаж, шинэчлэлтийг хурдтай хийж чадсан нийгмүүд л хөгжил дэвшилд хүрдэг. Нийгмийн сорилт, шалгарлыг даван туулсан бусад ард түмний жишээнээс бид бүтээлчээр суралцах ёстой.Эрх мэдэл горилсон, тулга тойрсон хэрүүл тэмцлээ орхиж, тогтолцооны реформыг зоригтойгоор нэн даруй эхлүүлэх нь Монгол Улсын, Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцнэ.

 УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД /Намрын чуулганд хэлсэн үгнээс/

Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх олонхи нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах Ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй.

 УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА /МАН/

Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2024 оноос хэрэгжүүлэхээр ярьж байна. Хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай санал асуулга явуулсан. Давхардсан тоогоор сая гаруй хүний санал иржээ. Тодорхой саналууд ирээд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Хуулийн өөрчлөлтийг хэдийд хэлэлцэх вэ гэдгийг ярилцах ёстой байх. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд явж байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр өнгөрсөн хугацаанд 40 гаруй хуульд өөрчлөлт оруулж байжээ. Аливаа асуудалд хандахдаа улсын эрх ашгийн төлөө нэн түрүүнд шийдвэр гаргах хэрэгтэй. Манайх шиг хүн ам цөөтэй улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй гэж үздэг. Энэ бол дарангуйллыг бий болгоно гэж би хувь хүнийхээ хувьд үзэж байна.

 УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД /АН/

Үндсэн хуулийг шинэчлэн баталъя гэвэл 1992 оны зарчмаар явах ёстой. Тэгтэл өнөөдөр тийм байж чадахгүй байна. Хуйвалдааны зарчмаар Монголын төрийн тогтолцоо, бие даасан улс байхын эсрэг заалтуудыг л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулах гээд байгаа учраас би эсэргүүцэж байгаа юм. Авлигажсан,хаалттай, мафижсан тогтолцоо руу орж, ард түмний гэсэн  тодотголтой  заалтуудыг   авчихвал урт настай байж чадахгүй Хэн дуртай нь эцэг хуулиа өөрчлөөд байх юм бол Монгол Улс Үндсэн хуульгүй улс болно. Үндсэн хуульгүй болсноор хууль ёсгүй, дур зоргоороо шийдвэр гаргаж, дуртай даргын шийдвэр Үндсэн хуулиас дээгүүр байх энэ тогтолцоог бий болгож байгаа юм. Монгол Улсыг сүйрүүлэх бодлогыг өнөөгийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийх гэж байна.

ХУУЛЬЧ Х.ТЭМҮҮЖИН:

Монголын тэргүүн баячуудын нэг болсон, төрийн эрх мэдлийн оргилд гарсан хүмүүс өөрсдийн үйл ажиллагаагаа “тогтолцооны гажиг байжээ” гээд энэ улс орны үндсээр тоглох санаачлага гаргаад сууж байна. Энэ тогтолцоог хамгийн сайн ашигладаг, гэхдээ улс төрөө хуульгүй юм шиг хийдэг нөхөд гэнэт өөрсдийнхөө буруу, муу муухайг “Тогтолцооны гажиг байсан” гэж хэлээд Ерөнхийлөгчийн засаглалтай болох, өөсдийнхөө эрх мэдлийг улам бүр нэмэх тухай ярьж байна. Энэ нь өнөөдрийн нэг хоёр хүний үйлдэл биш. Бүтэн тогтолцооны буруу ч биш.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж