Амиа алдсан Саудын Арабын сэтгүүлчийн тухай одоогоор олон нийтэд цацагдсанаас илүү мэдээлэл, нотолгоо Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганд байгаа хэмээн өчигдөр /2018.10.26/ Туркээс мэдэгдлээ.
Туркийн ерөнхийлөгч амиа алдсан сэтгүүлчийн цогцос болон түүнийг алах тушаалыг хэн өгснийг олон нийтэд зарлахыг Саудын Арабаас шаардсан аж. Истанбул дах Саудын Арабын консулын газар аравдугаарсарын 2-ны өдөр түүнийг хөнөөсний дараа цогцсыг нь зөөхөд Туркийн хүмүүс тусалсан нь тодорхой байгаа юм.
“Сэтгүүлчийг амиа алдахаас хэдхэн цагийн өмнө Саудын Арабаас 15 хүнтэй тусгай багийнхан Истанбулд ирсэн нь аль хэдийн тодорхой болсон. Харин тэднийг хэн явуулав?” хэмээн Эрдоган асуужээ.
Саудын Арабын зүгээс гэрлэлтээ бүртгүүлэх гэж консулын газарт орсон сэтгүүлчийг ажлаа дуусгасныхаа дараа консулын газраас эсэн мэнд гарч яваад золгүй байдлаар амиа алдсан хэмээн мэлзэж байсан юм. Гэвч өнгөрсөн Пүрэв гарагт /2018.1025/ түүний үхлийг зохион байгуулалттай аллага байсан гэж арга буюу хүлээн зөвшөөрч, хэрэгт холбогдсон байж болох 18 хүнийг баривчилсан гэх бөгөөд тэдний хэн болохыг ил болгоогүй байгаа аж. Эрдоган энэ тухай, “Саудын Араб хэргийг шийдэж, буруутай хүмүүсийг нь шийтгэж чадахгүй бол гэмт хэрэгтнүүдийг бидэнд шилжүүлж өг” хэмээн хариу хэлжээ.
Туркийн зүгээс сэтгүүлчийн аллагын хэрэгтэй холбогдох 3,500 цагийн бичлэгийг сонсож шалган, 750 хүнээс бүрдсэн багийг хэрэг дээр томилон ажиллуулж байгаа аж.
Маргааш /2018.10.28/ Саудын Арабын прокурор Истанбулд ирэх юм. Түүний хэлснээр хэрэгт сэжиглэгдэж байгаа 18 хүнийг Сауди-Туркийн хамтарсан баг байцаасан байна.
Эх сурвалж: Independent.co.uk
Ө.Пүрэвхүү