Чамайг үдэж өгье , намар аа!

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Чамайг үдэж өгье , намар аа!

Чамайг үдэж өгье , намар аа!

Бүүдгэр саарал намрын сүүлчийн өдрүүд.  Нар тэнгэрийн хаа нэгтээ нуугдчихсан мэт.  Хайж олоод хамгийн дулаахан, богинохон өдрүүдэд нь яг одоо л саатмаар. Саяхан л нар, намар хоёр айлсаж байсансан. Гэвч одоо хуанлийн хуудас намрын сүүлчийн өдрүүдийг заажээ.  Баяртай намар минь. Цав цагаахан өвлийг угтахын тулд чамайг үдэж өгье.

Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэврээч дээ, навчис минь!/Д. Урианхай – Намрын навчинд өргөх шүлэг/

Гэртээ хоргодон хоргодон буцах нутгийн тэр бүсгүй шиг намар навчисандаа хоргодох мэт, үгүй ээ, навчих намартаа хоргоддог байх. Яагаад гэвэл тэд намрын зүрх нь юм.  Намаргүй навчич, навчисгүй намар гэж байдаггүй. Тиймдээ ч зүрхэн навчис намрын  хамгийн гоё гоёл нь байдаг. Бүхий л хүчээ шавхан моддоос зүүгдэх навчис өрөвдмөөр. Гэвч энэ бол тэдний тавилан, цагийн жам юм.  Цаг нь ирэхээр хүн ч бас дурсамжааса, амьдралаас зүүгдэн зүүгдэн буцдаг.  Моддоос зүүгдэн унаж буй навчис бол хүн, амьдралаас зүүгдэн одож буй хүмүүн бол намрын навчис юм.

Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ! /Д. Урианхай – Намрын навчинд өргөх шүлэг/

Хүйтэн салхи үлээж жавартай өвлийг угтах өдрүүд. Намар, өвлийн энэ зааг яагаад ийм бүүдгэр бас уйтгартай байдаг юм бол. Тэсхийм хүйтэн биш тэгээд бас дулаахан биш.

Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм – цас
Агуу их амьдрал – нулимас
Агуу их үхэл – намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь /Л. Өлзийтөгс – Моддын дээр цас орно

Намрын сүүлчийн өдрүүд яагаад ийм гунигтай байдаг юм бол. Буцаж байгаа болохоор тэр ч байж мэднэ. Буцаж, одож байгаа бүхэн гуниг дагуулдаг. Хайр ч бас. Хачин нам гүм энэ өдрүүд бол хаврыг, зуныг, намрыг, өвлийг үгүйлсэн цаг хугацааны нэгээхэн хэсэг.  Цаг хугацааны яг ийм хэсэгтээ хүмүүс саатаад амьдралаа эргэж хардаг.

Хүмүүний тэрхүү сэтгэлийн гунигийг үргээх  мэь өвөл үй түмэн цаасан шувуудтайгаа ирнэ. Хүүхэд байхдаа өвчинд шаналсан өнчин охинд  зориулж өрөвдсөн сэтгэлээр цаасан шувуу хийдэг байлаа. Цаасан шувуу шиг цас. Цас бударсан өвлийн тэр өглөө цагаахан хийгээд гоёмсог харагддаг.  Орчлон бүхэлдээ гялалзах мэт ондоо мэдрэмж төрдөг тийм өдрүүд олон гэж үү.  Цав цагаахан өвлийн төлөө  намарт баяртай гэхдээ гунигладаг бил үү.

Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных …
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр
Агуу их үхэл – намар… Агуу их марталт өвөл… /Л. Өлзийтөгс – Моддын дээр цас орно/

Зуныг үргэлж сануулахын тулд орчлонд өвөл болдог байх. Өвлийн тэр цас намрын навчисны нулимс байх. Яг хүний амьдрал шиг. Хүүхэд цагаа дурсахын тулд бид хөгширдөг.  Хөгшрөлт гэдэг надаас одож буй хүүхэд нас минь юм. Цаг хугацаан дурсамж бол бидний нүүрэн дээрх үрчлээсүүд.  Би  тийм учраас хөгшдийн нүүрэнд суусан үрчлээсийг ажиглах дуртай. Тэнд олон, олон дурсамжууд нь нуугдсан байдаг болохоор.

Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар /Б. Ичинхорлоо – Зуун намар/

Ув улаахан дарс ширээн дээр. Бүсгүйн улаан уруул мэт. Бүүдгэр энэ өдрүүдэд сэтгэл хөглөх улаахан дарс минь. Уруул шиг навчисын төлөө, уулзалгүй удсан дурсамжуудынхаа төлөө, учрах өвлийн төлөө, зуун намар зуун намрын төлөө энэ улаахан дарсыг өргөе.

Б.БАТ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж