Халуун рашаан, хүн орхоодойн нутаг Вэндэн

Хуучирсан мэдээ: 2018.10.27-нд нийтлэгдсэн

Халуун рашаан, хүн орхоодойн нутаг Вэндэн

NEWS агентлаг “СОНИРХОЛТОЙ ГАЗАРЗҮЙ” буландаа хүнд үйлдвэрлэлийн нутгаас аялал жуулчлал, амралт сувиллын дүүрэг болон хөгжиж буй БНХАУ-ын Шаньдун мужийн Вейхай хотын Вэндэн дүүргийг онцолж байна

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж яридаг шиг тус дүүрэг нь 1615 км квадрат газар нутагтай бөгөөд 582 мянган хүн ам оршин суудаг ажээ. Шавар байшингуудаа нураан орчин үеийн дүүрэг болохоор зорьж буй тус дүүрэг хүн амьдрахгүй ч гэсэн байшин барьж, бүтээн байгуулалтын ажлыг ид өрнүүлж байлаа.

Фермерийн аж ахуй, хүнд үйлдвэрлэлийн нутаг гэгддэг байсан Вейхай хотын Вэндэн дүүрэг өнөөдөр аялал жуулчлал, амралтын сувиллын газар болон хөгжиж байна.

Ингэхдээ тэд халуун рашаан, америк хүн орхоодой, мантууг өөрийн брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, бусад хот суурин газраасаа ялгарч байна.

Вэндэн дүүрэг нь гүний халуун рашааны нөөц баялаг ихтэй бөгөөд өндөр чанар бүхий таван халуун рашаантай. Цаг агаарын хувьд жилийн дундаж температур нь 12 градус. Мөн жилийн 365 хоногийн 300 хоног нь цаг агаарын хувьд хамгийн тааламжтай байдаг ажээ. Иймээс тус дүүрэг нь БНХАУ-ын хамгийн сайхан агаартай зуун хотын нэг хэмээн нэрлэгддэг юм байна.

Иймээс ОХУ, Монгол, Казахстан улсын иргэд амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх зорилгоор энэ нутгийг их зорих болжээ.

Одоогоор тус хотын удирдлагууд  4А зэрэглэлийн үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнт газрын нэг болох зорилгоор халуун рашааны амралт, сувиллын газар байгуулахаар ажиллаж байгаа аж.

Энэ тухай Вэйхай хотын Вэндэн дүүргийн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Ван Хайжэн ярихдаа “Вэндэн нь аж үйлдвэрлэлийн салбартаа хүчирхэг бүс нутгийн нэг байсаар ирсэн. Тус бүс нутаг нь автомашины эд анги, цахилгаан механик багаж хэрэгсэл, нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлээрээ алдартай байсан. Харин одоо Вэндэн нь нэг зуун тэрбум юаньтай тэнцэхүйц дэвшилтэт тоног төхөөрөмж, ухаалаг үйлдвэрлэл, цахим мэдээллийн технологи, шинэ эрчим хүч, шинэ эд материал, эрүүл мэндийн үйлчилгээ, орчин үеийн ложистик, өндөр үр ашиг бүхий хөдөө аж ахуйн шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэн бий болгоход голлон анхаарч байна. Бид энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бизнесийн орчныг сайжруулахад анхаарч, инноваци шинэ технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг дэмжин урамшуулах болон өндөр чанартай хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн цогц бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлж байна”.

Вэндэн дүүрэг нь халуун рашаанаас гадна америк хүн орхоодойг нутагшуулсан газар гэгддэг. Анх Канадын эрдэмтэн вэндэн дүүргийн уур амьсгал нь умард америкийн уур амьсгалтай их төстэй байсныг мэдээд энэ нутагт хүн орхоодойн найма ширхэг үрийг суулгаж, тарьж эхэлсэн түүхтэй ажээ. Улмаар энэ нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зорилгоор 1984 онд тариалангийн талбайд туршиж эхэлсэн бөгөөд 1989 онд амжилт олон ийнхүү өнөөдрийг хүртэл Вэндэн дүүргийн иргэд америк хүн орхоодойг тариалж байна. Өнөөдөр Вэндэн дүүрэг нь БНХАУ дахь америк хүн орхоодойн хамгийн том үйлдвэрлэгч.  Тус дүүрэг БНХАУ дахь америк хүн орхоодойн нийт үйлдвэрлэлитйн 60-70 хувийг, дэлхийн үйлдвэрлэлийн 23 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Вэндэнгийн америк хүн орхоодой нь БНХАУ-ын газарзүйн бэлэг тэмдэг бүтээгдэхүүн болсон бөгөөд бүтээгдэхүүний өртөг дөрөв гаруй тэрбум юаньд хүрч, 2017 онд бүс нутгийн брэнд бүтээгдэхүүний өртгийн жагсаалтын гуравт бичигджээ.

Вэндэн дүүргийн хамгийн сонирхол татахуйц брэнд болгосон нэг зүйл нь бол мантуу байлаа. Учир нь, Вэндэн дүүрэг нь мантууг дүүргийнхээ соёлын биет бус өвөөр бүртгүүлжээ. Мантуу нь хятадуудын уламжлалт хоолны зан үйл байсан бөгөөд өнөөдөр үйлдвэрлэл болон хөгжиж, үүгээрээ нутгийн ард түмэн ашиг орлого олж байна.

Аялал жуулчлал, амралт сувиллын бүс нутаг болохоор зорьж буй тус нутаг нь түүх, соёлын алдарт хот ажээ.

Вэндэн бол соёлын арвин баялаг бүхий хот бөгөөд Шаньдун мужийн түүх соёлын алдарт хот юм. Гаутама Буддагийн соёл (Gautama Buddha culture), Таозмийн соёл (Taoist culture), Күнзийн соёл (Confucian culture), улаан өнгөний соёл  (Red culture) зэрэг соёлууд нэгдэн нийлж Вэндэнгийн бүс нутгийн соёлыг бий болгодог тухай нутгийн удирдлагууд ярьж байсан юм.

Мөн нутгийн иргэдийн 100 гаруй жилийн өмнөөс уламжлагдсан ирсэн зан үйл бол Лү хатгамал юм. Хөдөө тосгоны айлын эзэгтэй бүрийн хийж дадсан урлагаас орчин үеийн үйлдвэрлэл болон хөгжүүлж байна. Өнөөдөр Лу хатгамалан бүтээгдэхүүн нь  дээд зиндааны хүмүүсийн хамгийн сонирхон авдаг бүтээгдэхүүний нэг болжээ.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж