Түмэн жилдээ жаргалтай байг

Хуучирсан мэдээ: 2015.01.24-нд нийтлэгдсэн

Түмэн жилдээ жаргалтай байг

Заримдаа нэг гоё дуу сонсохоор сэтгэл цэлмэх шиг л болдог. Хүмүүс юу гэх нь хамаагүй ээ, би лав зохиолын дуу сонсох дуртай. Бас хааяа рок дуунд дурлана. Бүр заримдаа хип хопоор амьсгалана.  Уртын дууны шуранхай сонсох мэдрэмж, сонгодгуудын эгшиг, хилийн аялгуу, би юу хүснэ түүний сонсох дуртай. Бусдад таалагдахын тулд би зохиолын дуу сонирхдоггүй гэж худлаа хэлэхгүй.

Энэ сарын 26-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Түмэн жилдээ жаргалтай байг” тоглолтоо хийхээр зэхэж буй Л.Болдбаатар аавын тухай олон сайхан дуунуудыг ардынхаа чихэнд хоногшуулж чадсан юм.

…Аавынхаа тухай ярихад бага нас минь дурсагдана аа
Адуу мал, найр наадмын үнэр ханхийх шиг санагдана аа
Хараад л баймаар, дагаад л явмаар, яриаг нь сонсоод л баймаар
Хан буурал аавынхаа тухай яриад л суумаар аа …
… Хүрээд л очмоор, хүүрнээд л суумаар, хүү чинь эрхлээд л саатмаар

Хүний дээд аавынхаа тухай яриад л суумаар аа… гэх дуу чухам үнэнийг өгүүлж айраг шимэнгээ аавынхаа тухай яриад л суумаар тийм нэг гэгээлэг, бас гэгэлзсэн сэтгэгдлийг эрхгүй төрүүлдэг. Аавынхаа тухай ярихад бага насны дурсамж зэрэглээн дундаас өндөлзөж, уурга даялсан адуучин, уртын дууны шуранхай, айргийн амт, гэзгээн сүлжсэн хөх өвгөдийн сүрдмээр бас  хайрламаар тийм сайхан дүр сэтгэлд буух. Аавыгаа дагадаггүй хүүхэд ховор. Аавынхаа тухай яриад суухад хараад л баймаар, дагаад л явмаар, яриаг нь сонсоод л баймаар мөнөөхөн сайхан дүр сэтгэлд ургаад л ирнэ. Хааяа санаа алдмаар, сайхан аавынхаа мөрийг түшмээр, эрхлээд суумаар ийм л дүр зураг нүдний өмнө жирэлзэнэ. Амьдралын сайхныг, ажиллахын сайхныг, дурсахуйн сайхныг, дууны сайхныг аавууд бий болгодог.  Тийм ч учраас тэнгэрлэг сайхан аавын хүү СТА Лосолын Болдбаатар аавын тухай сайхан дуунуудыг цээжнийхээ гүнээс амилуулж, сэтгэлд хоногшуулж чадсан учраас өнөөдөр тэнгэрлэг аавуудын магтуу болон дуурсаж байна. Миний Монголын тэнгэрлэг сайхан аавууд “Түмэн жилдээ жаргалтай байг ээ”.

Б.ХУЛАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж