С.Батболд: Бээжинд хийсэн айлчлал хоёр хотын харилцаанд түүхэн шинэ дэвшлийг авчирлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

С.Батболд: Бээжинд хийсэн айлчлал хоёр хотын харилцаанд түүхэн шинэ дэвшлийг авчирлаа

С.Батболд: Бээжинд хийсэн айлчлал хоёр хотын харилцаанд түүхэн шинэ дэвшлийг авчирлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бээжин хотод албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үр дүнгийн талаар түүнтэй ярилцав.


-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бээжин хотод албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр мөн Бээжин хотод Улаанбаатарын өдрүүд боллоо. Айлчлал ямар үр дүнтэй болсон талаар яриагаа эхлэх үү?

-Улаанбаатар хотын хувьд хоёр хөрш орон ОХУ, БНХАУ-ын нийслэл хотуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирлээ. Өнгөрсөн жилийн 10 дугаар сард Москва хотод айлчилж, тус хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны тодорхой төслүүдийн чиглэлээр ярилцаж, Улаанбаатарын өдрүүдийг зохион байгуулсан. Энэ удаа Бээжин хотод айлчиллаа. Бээжин хотод хийсэн айлчлал хоёр хотын харилцаанд түүхэн шинэ дэвшлийг авчирлаа гэж хоёр тал үзэж байна.  Бээжин хотын дарга Чэн Жининтэй уулзалт хийж үндсэн таван асуудлаар хамтарч ажиллахаар боллоо. Нэгдүгээрт, Бээжин хотынхон сүүлийн арваад жилд агаарын бохирдолтой тэмцэж, агаарын чанарын үзүүлэлтийг сайжруулж чадсан. Иймээс агаарын бохирдлыг бууруулах ажлыг амжилттай зохион байгуулж, хяналт тавьж буй Бээжин хотын туршлагаас хуваалцаж хамтран ажиллахаар боллоо. Хоёрдугаарт, Бээжин хотод тулгамдсан асуудлын нэлээд дээгүүрт замын хөдөлгөөний түгжрэл эрэмблэгддэг. Үүнийг шийдвэрлэхийн тулд авч байгаа арга хэмжээ, зохион байгуулалт, хяналтын талаар ярилцлаа. Энэ асуудлаар хоёр тал ажлын хэсэг гаргаж, хамтран ажиллахаар болж байна. Мөн хотуудын хооронд урлаг соёлын арга хэмжээг нэмэгдүүлэх нь иргэд хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн. Айлчлалын үеэр бид Улаанбаатарын өдрүүдийг зохион байгууллаа. Ирэх 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ үеэр Улаанбаатарт Бээжингийн өдрүүдийг зохион байгуулахаар урьдчилсан байдлаар тохирлоо. Гуравдугаарт, Улаанбаатарт зайлшгүй хэрэгтэй хот төлөвлөлт, замын хөдөлгөөний зохицуулалт, нийтийн тээврийн зохион байгуулалт зэрэг мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэх талаар ярилцлаа.

Дөрөвт, Улаанбаатар хотын бага, дунд орлоготой иргэд, залуучуудад зориулсан орон сууцны шинэ хороолол байгуулах, дэд бүтэц, газрын асуудлыг шийдэхэд Бээжин хотын холбогдох байгууллагатай харилцах санал дэвшүүлсэн.  Тавд, Бээжин хот сүүлийн жилүүдэд нийтийн тээвэртээ цахилгаан, хийгээр ажилладаг төхөөрөмж суурилуулж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэхэд үүнийг харгалзаж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Товчхон хэлэхэд Бээжин хотын даргатай хийсэн уулзалт амжилттай үр дүнтэй боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын соёлын өдрүүд болсон. Улаанбаатар чуулгын жүжигчид, Монгол Улсын соёл, урлагийн нэртэй мастерууд оролцсон бүрэн хэмжээний тоглолт үзүүлж, үүнийг Бээжин хотын удирдлагууд, Соёл, Аялал жуулчлалын газрын ажилтнууд, Бээжин хотод сурч байгаа монгол оюутнууд зэрэг олон хүн үзэж сонирхсон. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийг харуулсан “Өнөөгийн Улаанбаатар” үзэсгэлэн гаргаж толилууллаа. Үүгээрээ Бээжин хотынхонд Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийг харуулж чадсан айлчлал болсон гэж үзэж байгаа.

-Айлчлалын үеэр бас хөрөнгө оруулагчид, бизнесийнхний уулзалт болсон. Хятадын барилгачид нэгэн жарны өмнө Улаанбаатарт Энхтайваны гүүр, Спортын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, зарим зам, гүүр гээд өнөөдөр ч ашиглагдаж байгаа барилга, байгууламжуудыг байгуулсан байдаг. Тэгвэл нэгэн жарны дараа дахин Хятадын барилгачдын гар бие оролцсон зам, гүүр, барилга зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ талын харилцааг өргөжүүлэх чиглэлээр юу ярилцсан бэ?

-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод маш олон барилга байгууламж баригдаж, бүтээн байгуулалт өрнөж байгаа. Сая болсон Бизнес уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүн компаниудыг төлөөлж бизнесийн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон.  Бээжин хотоос 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ уулзалтыг Улаанбаатар хотын захиргаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгууллаа. Хоёр талын төлөөлөл идэвхтэй оролцож, олон илтгэл тавьсан бизнес форум болсон. Монголын талаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийн түлш хэрэглэх төсөл, Улаанбаатар хөгжлийн корпорацийн тодорхой төслүүдийг танилцууллаа. Нөгөө талаас Бээжин хотын хөрөнгө оруулагчдыг Улаанбаатарт хэрхэн татах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа, ямар чиглэлээр хөрөнгө оруулах зэрэг олон асуудал хэлэлцсэн. Форумын үр дүнд зөвхөн хоёр улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төдийгүй хувийн хэвшлүүд хэрхэн хамтарч хөрөнгө оруулж Улаанбаатарт хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, Улаанбаатар хотын өмчтэй аж ахуйн нэгжүүдэд хэрхэн хувь хөрөнгө оруулах зэрэг бүтээн байгуулалтын асуудлуудаар ярилцсан.

Айлчлалын хүрээнд мөн Бээжин констракшн, Чайна констракшн болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа.

Улаанбаатар хотын санаачлагаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум гэсэн том механизм ажиллаж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар, Бээжин хотууд хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ? Мөн 2019 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хот ах дүү хотуудын түвшинд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсны 5 жилийн ой болно. Үүнд чиглэсэн ямар ажил хийх вэ?

-Хоёр тал бие биеийнхээ зохион байгуулж байгаа олон улсын үйл ажиллагаа, санаачлагуудыг идэвхтэй дэмжиж ирлээ. Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг Бээжин хотын удирдлагууд идэвхтэй дэмждэг. Энэ форум бүс нутагтаа нэр хүндтэй механизм болж чадсан.  Өнгөрсөн хавар болсон Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Хурлын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулсан талаар илтгэл тавьсан. Бидний зүгээс Бээжин хотын санаачилгаар зохион байгуулж буй арга хэмжээ, хурлуудад төлөөлөгчдөө байнга оролцуулах бодлого барьдаг. Ингэснээрээ түүгээр дамжуулж хоёр хотын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох шаардлагатай. Мөн цайны зам төслийн хүрээнд болдог арга хэмжээнүүдэд Улаанбаатар хотын төлөөлөгчдийг байнга оролцуулах чиглэлээр ярилцаж байгаа.

-Бизнесийн форум дээр БНХАУ-ын талаас санаачилсан “Нэг бүс, нэг зам” бодлогод Улаанбаатар хот оролцох талаар яригдаж байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Бид бүхэн бүс нутгаас дэвшүүлж байгаа санаачилгуудад идэвхтэй оролцох ёстой. Улаанбаатар хот Зүүн хойд Азидаа бизнесийн хувьд, аялал жуулчлалын хувьд төв хот болно гэсэн зорилт дэвшүүлээд байгаа. Төв хот гэдэг бол тунхаглаад орхих зүйл биш. Тэр хүрээнд БНХАУ-ын талаас санаачилсан “Нэг бүс, нэг зам” бодлогод Улаанбаатар хот оролцоно. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна. Байгаль орчны сайд нарын уулзалтыг хийнэ гэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулна.

-Бээжингийн хот төлөвлөлтийн музейд зочлоход Бээжин хот захиргаагаа хотын зах руу нүүлгэхээр болсон байна. Төр, захиргааны байгууллагуудаа бас захын дүүрэгт шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Бээжин хотоос нэлээд зайдуу нисэх онгоцны шинэ буудал баригдаж ирэх жил ашиглалтад оруулах гэж байна. Улаанбаатар хот ч бас ийм төлөвлөлтөөр хөгжиж, төвлөрлийг сааруулах зорилт тавьсан. Эндээс харахад Улаанбаатар хотын шинэ төлөвлөгөө гаднын томоохон хотуудын төлөвлөлттэй энэ тэнцүү, ижилхэн түвшинд явж байна гэж үзэж болох уу?

-Бээжин хот төвлөрлөө сааруулахын тулд хотын захиргаагаа 60 гаруй км-ийн цаана нүүлгэхээр болсон. Улаанбаатар хотын төлөвлөлт ч ижилхэн явж байгаа. Мөн Бээжин хотын Шүнь-И гэдэг захын дүрэгт худалдааны чөлөөт бүс, гаалийн баталгаат агуулах, цахим худалдааны төв байгуулсныг үзлээ. Улаанбаатар хот одоо Хөшгийн хөндийн  шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн баригдах Аэроситийн төлөвлөлтийг хийж байгаа. Түүгээр дамжуулж хотын төвлөрлийг яаж сааруулж, дагуул хотын төлөвлөлтийг хэрхэн хийх талаар хамтран ажиллахаар санал солилцлоо. Айлчлалын үр дүнд  Улаанбаатар, Бээжин хоёр хотын харилцаа түүхэн шинэ дэвшилд хүрлээ гэж Хятадын тал үнэлсэн.

                                                Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж