Арваад жилийн өмнө иргэний дайны хөлөөс ангижирсныхаа дараа Шри Ланка улс “Lonely Planet” хэмээх аялал жуулчлалын алдартай ном хэвлэдэг байгууллагаас 2019 онд аялахад хамгийн тохиромжтой улсаар нэрлэгдлээ. Өмнөд Азид байрлах Шри Ланка улсын онгон дагшин, үзэсгэлэнтэй байгаль, дэд бүтэц, логистикийн сайн бүтэц, зочид буудлын хөгжил зэрэг нь түүнийг аялахад таатай улсаар нэрлэгдэх хүчин зүйлс болсон юм.
Lonely Planet-ийн 2019 оны аяллын ном нь өнгөрсөн мягмар гаригт /2018.10.23/ хэвлэгдсэн бөгөөд тус номын зохиолч Этан Гелбер, “Олон янзын шашин соёл холилдсон, сүм хийд, уран барилга, зэрлэг онгон байгаль, найрсаг хүмүүс энэ улсад бий” хэмээн бичжээ.
Шри Ланка улсын аяллын оргил хэсэг нь “Миннерияа” байгалийн цогцолборт газрын 300 заан, 1000 гаруй жилийн настай Буддын сүм, бурхны баримлууд, цайны талбайгаар аялж, ууланд авирах зэрэг байх болно.
Шри Ланка улсын дотоодын хурцадмал байдал нь 26 жилийн өмнө үгүй болсон бөгөөд тэр цагаас хойш тус улсыг зорин очих жуулчдын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, Шри Ланка улс 2009 онд 447,890 жуулчин хүлээн авсан бол өнгөрсөн жил энэ тоо 2,1 сая болон нэмэгджээ. Шри Ланкын аялал жуулчлалын яамнаас гаргасан тооцоогоор 2020 он гэхэд жуулчдын тоо 4 сая болон өсөх төлөвтэй байгаа юм.
1990 оноос өмнө маш аюултай гэгдэж байсан төмөр замаа засаж, сайжруулсаар байсан нь өдгөө дэлхийн хамгийн чанартай, тохь тухтай төмөр зам болжээ. Хатуу хучилттай зам нь ч бас маш чанартай бөгөөд сүүлийн жилүүдэд орон нутгийн, дотоод нислэгүүдийн тоо эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, Шри Ланкын баруун эрэгт байрлах нийслэл Коломбогоос нөгөө эргийн Баттокалоа руу 45 минут нисээд л оччих юм.
Шри Ланкын аялал жуулчлалын компаниуд далайн эрэгт наран шарлагын газар амрах, завиар зугаалах, ширэнгэн ойгоор аялах зэрэг хөтөлбөрүүдийг санал болгодог.
Тус улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа ч Шри Ланкын хувьд аялал жуулчлалын салбарт шийдвэрлэх хэрэгтэй асуудлууд байгаа юм. Тухайлбал, аялал жуулчлалын салбар нь тус улсын ДНБ-ийн ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа боловч жуулчдын тооноос илүү тэдний Шри Ланкад оруулах хөрөнгө, мөнгө нь илүү чухал билээ. Мөн зочид буудал, зам ихээр тавьж, жуулчдын хөлд дарагдаж байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөө учруулж эхэлж байгаа аж.
Lonely Planet-ийн 2019 оны аяллын номд ийнхүү Шри Ланка улсыг аялахад хамгийн таатай буюу 1-р байранд эрэмбэлсэн бол удаах улсуудад:
– Герман 2-р байр
– Зимбабве 3-р байр
– Киргизстан 5-р байранд болон Копенгаген, Хятадын Шинжаан, Сербийн Nova Sad зэрэг газрууд нэрлэгджээ. Дашрамд дурдахад, Монгол улсын иргэд Киргиз улс руу 90 хоног визгүй зорчдог байна.
Эх сурвалж: The Guardian
Ө.Пүрэвхүү
Холбоотой мэдээ