Эрүүл мэндэд олон талын ашиг тустай лууван нь барилгын салбарт ч бас тустай ногоо ажээ. Тухайлбал, лууванг ашиглан цементийг бэхжүүлж, барилгын салбар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг багасгах боломжтой судалгааг Их Британий Ланкастарын их сургуулийн судлаачид хийжээ. Тэд байгальд ээлтэй барилгын материалыг олж нээхийн тулд янз бүрийн хүнсний ногоог цементтэй хамт холигчид хийж, бэхжилтийн чанарыг нь шалгаж үзжээ. Эцэст нь лууван цементийн бат бөх байдлыг 80 хувиар нэмэгдүүлдэг болохыг олж мэдсэн байна.
Цементийн зуурмагт лууван нэмж хийснээр хожим нь цууралт гарахаас сэргийлж болох юм. Мөн олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр цемент нь дэлхийн нийт нүүрс хүчлийн давхар ислийн ялгарлын долоон хувийг дангаараа эзэлдэг аж.
Луувангийн 80 гаруй хувь нь ус байдаг боловч эслэг ихтэй учраас маш тогтвортой, бат бөх шинж чанартай байдаг юм. Эслэг нь модонд бас агуулагддаг ч түүнийг хүнсний ногооноос ялган авах нь илүү амархан байдаг аж. Түүнчлэн барилгад ашиглах эслэгээ луувангаас ялган авсныхаа дараа үлдэгдлийг нь бордоо болгон ашиглах боломжтой зэргээрээ байгаль орчинд тун ээлтэй санаа гэнэ.
Тус судалгааг хийсэн баг цаашид чихрийн манжинг барилга барихад ашиглаж болох эсэхийг судалж байгаа юм байна. Учир нь элсэн чихрийг ялган авч, үйлдвэрлэсний дараа маш их манжин дэмий хаягдаж байдаг ажээ.
ЭХ СУРВАЛЖ: РОЙТЕРС АГЕНТЛАГ
Ө.ПҮРЭВХҮҮ