Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2018.10.26/ боллоо. Хэлэлцүүлгийг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр удирдаж, шашны урсгалын төлөөлөл санал бодлоо илэрхийллээ.
Сүүлийн үед Монгол Улсад шашны маш олон урсгал орж ирэх болсон. Тэрхүү урсгалуудаас гадна буддын, христийн шашин гэх мэт шашин нь татвар төлдөггүй, хуулиар зохицуулагддаггүй учраас Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг Засгийн газар санаачилжээ. Энэ хуулийн төсөлд шашны урсгалууд ТУЗ-тэй байх, татвар төлдөг байх, өөрсдийн гэсэн өмч хөрөнгөтэй байх зэрэг олон зүйлийг тусгасан байна.
ЭНЭ ТӨСӨЛ БОЛ НООРОГ ГЭДГИЙГ ОЙЛГООРОЙ
Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Энэ хуулийн төсөл бол ноорог юм. Одоогоор албан ёсны хууль болж гараагүй учраас шашны төлөөлөл уужуу тайвнаар хүлээн авч, санаа бодлоо илэрхийлээрэй. Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн хулгай хийх гээд байгаа юм байхгүй. Хуулийг боловсруулсан ажлын хэсэгт аль нэг шашны байгууллагын төлөөлөл оролцоогүй. Яамны мэргэжилтнүүд сууж байгаад энэ төслийг боловсруулсан. Ингээд эхний ээлжинд ноорог төсөл боловсруулаад та бүхэнд танилцуулж байна. Хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудаар хуулийн төслөө залруулна. Үүнээс гадна шашны урсгалыг зохицуулах хоёр зөвлөл байх ёстой болов уу гэж бодогдлоо. Нэг зөвлөл нь Ерөнхийлөгчийн дэргэд, нөгөө зөвлөл нь Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэд байвал тохиромжтой болов уу. Дан ганц Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөл байгуулна гэхээр Монгол Улсын ерөнхийлөгч шашны байгууллагыг шалгаад яваад байж болохгүй. Олон улсад улсаа төлөөлдөг цорын ганц хүн, Монгол төрийн тэргүүн, эв нэгдлийн илэрхийлэгч учраас шашны асуудалд оролцоод байх нь зохимжгүй. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн яам дэргэдээ шашны урсгалыг зохицуулах зөвлөлтэй
баймаар санагдаж байна” гэсэн юм.
КАТОЛИК ШАШНЫХАН ЯМАР Ч ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Хэлэлцүүлгийн явцад католик шашин өөрийн гэсэн хуультай, түүнийгээ дагаж мөрддөг учраас өнөөдрийн хэлэлцүүлж байгаа хуулийн төслийг дагахгүй гэдгээ илэрхийлэв. Үүнээс гадна бөө мөргөл, лам хуварга гэсэн үг өгүүлбэр ороогүй, зөвхөн номлогчид гэсэн нэр томьёолол оруулсанд төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байв. Эцэст нь ОХУ-ын хуулийг хуулаад тавьчихсан байна, монголчуудын шашны онцлогт тохироогүй орчуулгын төсөл байна гэх мэт шүүмжлэл гарав. Ингээд хэлэлцүүлэгт ирсэн төлөөлөгчдийн байр суурийг хүргэж байна.
МОНГОЛЫН МУСУЛЬМАН НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН К.САЙРААН:
Шашин бол эмзэг асуудал. Тиймээс хууль гаргах шаардлагатай. Хуулийн төсөлд тусгасан шашны байгууллагын өмч, татвар, ТУЗ-ийн асуудлыг чамбайруулах шаардлагатай.
МОНГОЛЫН ЭВАНГЕЛИЙН ЭВСЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.АРИУНБОЛД:
-Өнөө үеийн шаардлагад нийцсэн, нэлээд нарийн зүйлийг тусгасан төсөл болсон байна. Шашны байгууллагын гол төлөөллийг тодорхойлж, үзэл баримтлалыг нь тусгуулах саналтай байна.
АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГИЙН ОРЧУУЛАГЧ В.ДҮГЭРМАА:
-Хуулийн төсөлд бүлэг гэдэг ойлголтын талаар тусгажээ. Монгол Улсад ямар ч бүлэглэл ороод ирэх боломжтой. Тиймээс зохицуулах нь зөв. Өнөөдөр шашны төлөөлөл маш олон санал хэлж байна. Харин христийнхэн бол нууж хаах зүйлгүй. Иргэн хүний итгэл дээр тулгуурлаж явдаг юм.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт маш олон төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний ихэнх нь Монгол Улсын хөрсөн дээр буусан хууль батлах ёстой гэдгийг сануулж байлаа. Тухайлбал, хөдөө сумын хийдэд хоёр, гуравхан лам суудаг. Ийм тохиолдолд лам нарын тоо цөөн байна гэж үзээд сүм хийд биш гэж үзэх үү. Энэ мэт учир дутагдалтай заал олон байна гэдэг шүүмжлэл гарч байлаа. Мөн татвар төлөх, ТУЗ-тэй байх зэргийг маш сайн судалж байж хуулийн төсөлд тусгахыг хүссэн юм.
Холбоотой мэдээ