Макро зохистой бодлогын талаарх судалгааны үр дүнг тайлагнав

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Макро зохистой бодлогын талаарх судалгааны үр дүнг тайлагнав

Макро зохистой бодлогын талаарх судалгааны үр дүнг тайлагнав

Монголбанк БНСУ-ын Төв банк хооронд гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж буй “Мэдлэг солилцох түншлэл” хөтөлбөрийн хоёр дахь  удаагийн уулзалт өнөөдөр эхэллээ.

Монголбанк БНСУ-ын төв банк хооронд 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу тус банкнаас хэрэгжүүлдэг “Мэдлэг солилцох хөтөлбөр”-т Монголбанк хоёр дахь жилдээ оролцож байгаа юм. Энэ хүрээнд 2017 онд тус банкны санхүүжилтээр хоёр улсын мэргэжилтнүүд “Хямралыг удирдах системийг Монгол Улсад хөгжүүлэх” сэдвээр хамтарсан судалгаа хийсэн бол 2018 онд “Санхүүгийн тогтвортой байдал: Байгууллагын шинж чанар ба Макро зохистой бодлогын хэрэгжилт” сэдвээр судалгаагаа үргэлжлүүлж,  үр дүнг өнөөдөр тайлагналлаа.

Семинарыг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үг хэлсэн юм. Тэрбээр “Хоёр дахь удаагийн энэхүү уулзалтын өмнө бид хамтран нэлээн өргөн хэмжээний судалгаа хийсэн. Энэ жилийн Төрийн мөнгөний бодлого дотор макро зохистой бодлого томоохон байр суурь эзэлж байгаа. Ялангуяа, Мөнгөний бодлогын хорооноос хамгийн сүүлд гаргасан шийдвэр нь макро зохистой бодлоготой холбоотой. Ийм хэмжээний шийдвэрүүд гаргахад гадаад улс орны туршлага, хэрэгжүүлсэн арга хэрэгслүүд нь ямар үр дүнд хүрсэн, ямар ач холбогдолтой, хэр хурдан үйлчилсэн гэх мэт зүйлсийг судалсны үндсэн дээр гаргасан. Тэр тусмаа БНСУ-ын судалгааг нэн тэргүүний, туршлага судлах ёстой судалгаа гэж харж байгаа. Тиймээс ч хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна” гэсэн юм.

Тэгвэл тус семинарт оролцож буй БНСУ-ын Төв банкны Олон улсын харилцааны газрын Дэд захирал Ки Сун Жан энэ үеэр хэлсэн үгэндээ  Монгол Улсын төв банктай 2016 оноос хойш хамтран ажиллаж байгаагаа юуны өмнө онцлоод, энэ удаа тус төв банкнаас  хэрэгжүүлсэн “Санхүүгийн тогтвортой байдал: Макро зохистой бодлогын үр нөлөөний талаар” судалгаа нь Монголбанкинд тус дэм болж, мөнгөний бодлого, макро зохистой бодлогын үйл ажиллагаанд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

БНСУ-ын Төв банк бодлогын зөвлөгөө өгдөг энэхүү хөтөлбөрөө Лаос, Вьетнам, Камбож зэрэг зургаан оронд хэрэгжүүлдгийн нэг нь манай улс юм.

“Мэдлэг солилцох түншлэл” буюу “Knowledge Partnership Program” хөтөлбөр нь төв банкуудын хамтын ажиллагааг дэмжих, БНСУ-ын туршлагад үндэслэн хөгжиж буй түнш орнуудын санхүүгийн зах зээлийн хөгжил, макро эдийн засгийн бодлогын шийдвэр гаргалтад шаардлагатай техник туслалцаа, бодлогын зөвлөгөөг өгөх, улмаар бүсийн санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилготой юм.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж