Монголын жүдо бөхийн холбооноос залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Х.Цагаанбаатарыг халах шийдвэр гаргажээ. Тэрбээр 2016 оны дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтын дараа дээрх албан тушаалд томилогдсон юм. Одоогоор түүнийг ямар үндэслэлээр халагдсан нь тодорхой бус байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудсаар бухимдлаа илэрхийлсэн байна.
Олимпийн хүрэл, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар "2016 оны дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт шударга бус болж, мөн холбоодын дотоод асуудал эмх цэгцгүй болсон. Спортод хайртай Ерөнхийлөгчөө хүндлээд чимээгүй явлаа. Одоо та бүхний шийдвэрт эргэлзэж байна" гэж бичжээ.
Х.Цагаанбаатар 2015 онд зодог тайлж, багшийн эгнээнд шилжих болсныг холбооноос мэдээлж байсан юм. Тухайн үед дахин 1-2 тэмцээнд орж, спортын замналаа ялалтаар өндөрлүүлэхийг хүсч байсан түүний хүсэл биелээгүй байна. Одоогоор Х.Цагаанбаатар жүдо бөхийн холбооны шийдвэрийн дагуу залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчийн албаас чөлөөлөгдөөд байгаа аж.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн тамирчны замналаа өндөрлүүлснээс хойш самбо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэж, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн наадамд самбо бөхийн төрлөөр хүч үзсэн юм.
Х.Цагаанбаатар Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх спорт хорооны даргын албан тушаалд томилогдон очсон байна. Тиймээс жүдо бөхийн холбооноос түүнийг залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчийн албаас чөлөөлж, Д.Цэрэнханд ажиллаж байна.
Д.Цэрэнханд “Бээжин 2018” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байр эзэлж байжээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубын бөх Ортизэд ялагдаж байсан юм.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ