Сурагчид хичээлийнхээ цагаар цахим ном ашиглах боломжгүй | News.MN

Сурагчид хичээлийнхээ цагаар цахим ном ашиглах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Сурагчид хичээлийнхээ цагаар цахим ном ашиглах боломжгүй

Сурагчид хичээлийнхээ цагаар цахим ном ашиглах боломжгүй

Засгийн газар ерөнхий боловсролын сургуулийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглох шийдвэр гаргаж, хэрэгжүүлснээс хойш сар орчмын хугацаа өнгөрч байна. Хүүхдүүдийн цахим орчин дахь хэрэглээг бууруулах, цахим гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хэвшил бий болгох зорилгоор дээрх тогтоолыг баталсан юм.

Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн эл тогтоолын хэрэгжилт газар дээрээ ямар байгааг сурвалжлахаар Ататуркийн нэрэмжит нийслэлийн тавдугаар сургуулийг зорилоо.

Тус сургуулийн хичээл нь завсарлаж байхтай таарлаа. Сургуулийн захиргаа нь өглөө 08.00 цагт хичээл эхлэхээс өмнө сурагчдын гар утсыг нь хурааж, хичээл тарсны дараа өгдөг байна. Зарим сурагчид утсаа гэртээ орхиж ирдэг болжээ.

Тогтоол хэрэгжихээс өмнө ахлах ангийн сурагчид хичээлийн цагаараа фэйсбүүк, инстаграм ашиглан тоглодог байсан бол одоо утсаа гэртээ орхих, эсвэл багшид хураалгадаг болжээ. Гэхдээ ухаалаг утсыг шууд хориглосон нь хичээлийн цагаар шаардлагатай мэдээлэл авах, цахим номоо унших боломжгүй болгосон сөрөг тал гарч байна гэдгийг багш, сурагчид хэллээ.

Бид сурагчдаас гар утсаараа дамжуулан хэрэгтэй мэдээллийг авч чаддаг эсэх, мөн танихгүй хүн найзын хүсэлт илгээвэл хүлээн авдаг эсэх, мөн багш нараас ухаалаг утсыг хориглосон шийдвэр хэр үр дүнтэй байна вэ гэдгийг сонирхсон юм.

11В ангийн сурагч Ц.АНУЖИН: Хичээл дээр утсыг зөв хэрэглэвэл ашигтай

 

"Хичээл тараад өдөрт нэг цаг цахим орчинд идэвхтэй байдаг. Фэйсбүүк, инстаграм илүү ашигладаг. Харин танихгүй хүнээс ирсэн найзын хүсэлтийг хүлээн авдаггүй. Цахим орчин дахь гэмт хэргээс сэргийлсэн UNFRIEND хөдөлгөөнийг маш зөв гэж үздэг. Ялангуяа дунд ангийнхан фэйсбүүкт найзын хүсэлт илгээсэн хүн бүрийг ялгахгүй авах хандлагатай байдаг.

Хичээл дээр  утас хэрэглэдэг байхад ном авах шаардлагагүй байсан. Одоо сурах бичиг заавал авах ёстой болсон. Утасыг зөв хэрэглэвэл маш хэрэгтэй”

V сургуулийн 9Ё ангийн сурагч Н.АМАРБАЯСГАЛАН: Утсаа гэртээ орхидог

“Хичээлийн цагаар утсаар хэрэгтэй мэдээлэл, хичээлтэйгээ холбоотой илүү материал олж авч чаддаг байсан ч утас хориглосноос хойш боломжгүй болсон. Зарим хүүхдүүд хичээл дээр тоглодог ч гэсэн утас ашиглахыг хориглохоос илүү эерэг байдлаар хичээл дээр ашиглахыг зөвшөөрөх хэрэгтэй. Утас хориглосон нь зөв ч гэлээ нөгөө талаасаа буруу. Одоо утсаа гэртээ орхиж ирдэг болсон. Миний хувьд өдөрт 2-3 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг” гэв.

 

 

ФИЗИКИЙН БАГШ Н.МӨНХТУУЛ: УХААЛАГ УТАС ХОРИГЛОХ НЬ УТГАГҮЙ АСУУДАЛ

 

"Миний бодлоор ухаалаг утсыг хичээлийн цагаар бүрэн хориглосон нь зарим талаараа бэрхшээл учруулж байна.  Сурагч номоо орхиод ирсэн тохиолдолд утсаараа бусад хүүхдүүдийн номоос зургийг нь авч хэрэглэдэг давуу тал байсан. Хүмүүсийн ойлгодог шиг хүүхдүүд хичээл дээрээ утсаараа оролддоггүй. Хичээлээ умартан фэйсбүүк, чат ашиглаж харагддаггүй л байсан.  Тийм болохоор сургуульдаа ухаалаг утас ашиглахыг хориглосон нь зохимжтой шийдвэр биш юм”.

 

"ХИЧЭЭЛИЙН ЦАГААР УТАС АШИГЛАВАЛ 7 ХОНОГ ЖУРАМЛУУЛНА"

"Тэнгис" кино театрын ойролцоо орших нийслэлийн 50 дугаар сургуульд очвол байдал арай өөр угтлаа.

Аниудад ухаалаг утсыг хийх тусгай хайрцаг байршуулсан байсан ч түүнд нь нэг ч утас хадгалагдаагүй, мөн нэг ангид орвол сурагч дэвтрийнхээ завсар ухаалаг утсаа нуусан харагдав.

Хэрэв хичээлийнхээ цагаар ухаалаг утас ашиглаж байгаад багшдаа баригдвал долоо хоногоор хураалгадаг аж.  Мөн багш, сурагчид Засгийн газраас гаргасан энэхүү тогтоол нь хичээлийн холбогдолтой мэдээлэл интернетээс татах,  сурах бичиггүй үедээ цахим ном ашиглах зэрэг боломжийг хязгаарлаж байна гэж хэллээ.

 

Нийслэлийн 50 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Ө.Янжмаа: 

"Хичээл дээр утас ашигладаг байхад тухайн хичээлтэй холбоотой хэрэгцээтэй мэдээллээ олдог байсан. Сурах бичиг дутагдалтай байхад интернет ашигладаг. Одоо бол цахим ном ашиглах боломжгүй хэцүү байдаг. Хичээлийн бус цагаар цахим орчинд ихэнх цагийг өнгөрүүлдэг. Дунджаар 4-5 цаг фэйсбүүкээр аялдаг ч танихгүй хүний найзын хүсэлтийг авдаггүй".

 

 

НИЙСЛЭЛИЙН 50 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Р.ОНОН: 

"Хүүхдүүд хичээлийн үеэр утсаа хэрэглэхгүй биш нууж байгаа гэж хэлнэ. Хэрвээ  утас ашигласан бол хураана. Долоо хоногийн дараа эзэнд нь өгдөг болохоор хүүхдүүд аль болох утсаа хураалгахгүйг л бодно. Манай сургуульд хүүхдийн утас нэгжих, өглөө хичээл эхлэхээс өмнө хураах хориотой. Анги болгон утасны хайрцагтай болсон ч үр дүнгээ өгөөгүй. Тиймээс утсыг нь долоо хоногоор хурааж хүчээр шийдэх арга замыг л ашиглаж байна. Аливаа зүйлийг хүчээр шийдэх  нь үр дүнгүй. Ихэнх хүүхдүүд сурах бичиггүй болохоор ухаалаг утсаараа цахим номоо татаж уншдаг байсан. Одоо цахим ном ашиглах ямар ч боломжгүй болсон. Хичээлийн цагаар утас ашиглахыг хориглосон тогтоол нь цаг үеэ дагаад асуудлыг хүчээр шийдэх гэсэн алхам. Ухаалаг утасны зөв хэрэглээг бий болгохын тулд эцэг эх, сурагчид ярилцаж, шийдэх ёстой.  Нэгэнт хэрэгжиж эхэлсэн тогтоолыг аль аль шатанд хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэв.

НИЙСЛЭЛИЙН 50 ДУГААР СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ Ч.УРАНГОО: Хүүхдэд утасны хэрэгцээ маш их байдаг 

"Хүүхдэд утасны хэрэгцээ маш их. Ухаалаг утас хэрэггүй гэж хэлж болохгүй. Өмнө нь хичээл дээр утас ашигладаг байгаад одоо хориглосноор хичээлийн үр дүн сайжирсан гэж хэлэхгүй. Хүүхдийн анхаарал сарнихгүй гэдэг үүднээс хориглосон ч утасны хэрэгцээ гарч байна" гэсэн байр суурь илэрхийллээ.

Онцолход, Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернет, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна.  Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхий банктай хамтран 2017 онд хот, хөдөө, орон нутгаас сонгогдсон 14 ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны 1,278 сурагчдынег хамруулан судалгаа хийхэд 71.8 хувь нь гар утастай бөгөөд 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэж хариулжээ. Мөн хичээл дээрээ утас ашиглахаас гадна цахим орчинд өдрийн талыг өнгөрүүлдэг гэж хариулсан байдаг юм. Түүнчлэн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хийсэн 2000 гаруй хүүхдийг хамруулан судалгаа хийхэд таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлтийг хүлээн авдаг гэсэн хариулт өгсөн байсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

A 2018-10-26 126.2.131.225

Internetig guitseh nom manai Mongold baihgui shuudee. Manai tur gej tsag hugatsaagar butsaj aylaad baih yum. Yahav baga angiin huuhed gevel horij bolno l doo.Tsag uyee ologui medremjgui shiidel baina.

Avatar

худ-ийн иргэн Ш.Раднаа 2018-10-26 66.181.185.223

Хичээл дээр цахимаар мэдээлэл авна гэж байхгүй шүү дээ. Юун цахимаар мэдээлэл авах, тийм цаг хугацаа байхгүй.Энэ шийдвэр бол маш зөв.Утас ухахаас өөр ажилгүй сурагчид нийт сурагчдын 90 хувь шүү.ЗӨВ ЮМАНД БИТГИЙ СААД БОЛ

Avatar

БАГШ 2018-10-26 64.119.26.181

ЭНЭ ТОГТООЛД "УХААЛАГ УТАС ГЭСЭН БАЙГААГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ТОВЧТОЙ ЭНГИЙН УТСЫГ ХУРААХГҮЙ ШДЭЭ"

Avatar

БАГШ 2018-10-26 64.119.26.181

би дунд сургуулийн багш хүн. энэ нийтлэлээс харахад миний сургуулийн хүүхдүүд эд нараас хол илүү ухамсартай нь харагдаж байна. манай хүүхдүүд өглөө ирээд л утсаа ширээн дээр байх сагсанд хийнэ. би түүнийг нь шүүгээнд хийнэ. тараад өгнө. цахим ном энэ тэр гэсэн балай юм байхгүй. номын сангаас хэрэгцээт бүх номоо чөлөөтэй авна. номноос зургийг нь аваад хичээлээ хийнэ гэдэг юун арчаагүй юм, мөн номгүй ирнэ гэдэг багшийнх нь арчаагүйнх битгий ийм ядарсан сэтгэлгээтэй бай л даа. утас хориглох нь зөв

Avatar

Яя 2018-10-26 103.229.121.131

Сурагчид нь больсон ч залуу багш нар хичээлээ заасан ч юм бхгүй бнга фэйсбүүк ашиглаад бнга пост оруулаастай. Түүнийг ч хориглосоор бна. Орчин үеийн багш нар гэж фэйсээр ажлаа хийх гд бгам уу хаашаан

Avatar

Хориглосон нь зөв 2018-10-26 202.21.127.160

Сургууль дээр ухаалаг утас хэрэглэхийг хориглосон нь зөв. Бага ч гэсэн бодит орчинд орох хэрэгтэй. Номын хуудас бодитоор эргүүлэх бол бас л хэрэгтэй. Ер нь хүнд 5 мэдрэхүй шиг чухал зүйл байхгүй, цахим орчныг шүтэгчид зүгээр л амар хялбар амьдралыг хайгчид

Avatar

Зочин 2018-10-26 202.179.27.0

багш нарын пактыг баримтжуулахгүй л гэж ийм арга хэрэглэж байгаа… юм улам хөгжиж цахимжиж байхад улам дурак царайлах ямар хэрэг байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж