Төслийн менежмент гэдэг өөрөө бизнесийн маш том салбар аж. Аль ч улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь сайн төсөл хэрэгжүүлэх, түүнийг удирдах явдал байдаг. Жирийн америк албан хаагчийн жилийн цалин 58 мянган ам.доллар бол төслийн менежерийнх 105 ам.доллар байна. Дэлхий дээр өнөөдөр хамгийн эрэлттэй, хамгийн үнэ цэнэтэй болж байгаа хүмүүс бол төслийн менежер” гэж Төслийн менежментийн хүрээлэнгийн Монгол Улс дахь салбарын ерөнхийлөгч Н.Баттулга онцлов. “Төсөл гэдэг бол тодорхой хугацаанд хэрэгжих, тодорхой нөөц, боломжид тулгуурласан, тодорхой төсөвт багтааж хийдэг үйл ажиллагаа. Хэмжээний хувьд том, жижиг байхаас гадна салбар салбарт харилцан адилгүй төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Эдгээр төсөл, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхдээ хамгийн гол нь олон улсад шалгарсан, амьдрал дээр туршигдсан стандарт, арга ажиллагааг л ашиглах хэрэгтэй” гэсэн түүний илтгэл сонин, содон байлаа.
“PMI” буюу Олон улсын төслийн удирдлагын хүрээлэнгийн салбар болох Монгол дахь төслийн удирдлагын хүрээлэнгээс Туушин зочид буудалд “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” олон улсын бага хурлыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтаар төслийг яаж амжилттай хэрэгжүүлэх вэ, төслийн менежер хэрхэн өөрсдийгөө хөгжүүлэх болоод удирдлагуудын оролцоо ямар байх ёстой вэ гэсэн илтгэл хэлэлцүүлгээс гадна “Эрдэнэс Монгол”-ын зүгээс Монголд амжилттай хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар танилцууллаа.
Аливаа төсөл сайн хэрэгжсэнээр тухайн компанийн ашиг, орлого, нийгэмд эзлэх байр суурь нэмэгдээд зогсохгүй улс орны нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадвар, үр ашгийг өсгөхөд багагүй хувь нэмэр оруулдаг аж. Гэхдээ төслийн гол хүмүүс бол мэдээж компанийн удирдлагууд, төслийн менежерүүд. Зарим компанийн удирдлагууд дээрээс чиглэл өгөх маягаар төсөлд оролцох оролцоо нь бага байдаг талаар ч оролцогчид хэлж байна. 1990 оноос хойш Монголд төслийн менежмент шат дараатай хөгжсөөр ирсэн. Сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй том төслүүд гэвэл Оюутолгой, Тавантолгой болон дэд бүтцийн олон төслийг жишээч илтгэгчид дурдсан юм. Монголын хувьд шинэ төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд нь зардлаа өөрсдөө гаргадаг. Арилжааны банкны зээлийн хүү өндөр болохоор тэр болгон зээл авч төсөл хэрэгжүүлэх боломжгүйг ярьж байна. Мөн төсөл хэрэгжүүлж байгаа компанийн удирдлагуудын идэвх оролцоо маш сайн байх хэрэгтэйг ч зөвлөсөн юм.
Гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж төсөл амжилтгүй болох нь байдаг аж. Үүний нэг шалтгаан нь төслийн талаар мэдлэг, арга аргачлалыг сайн эзэмшээгүйгээс болж, амжилтгүй болох тохиолдол байдаг. Тиймээс л төслийн амжилтын хувийг дээшлүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа Төслийн менежментийн хүрээлэнгийн Монгол Улс дахь салбарын ерөнхийлөгч Н.Баттулга хэлсэн юм.
Тус байгууллага нь төслийн мэргэжилтний шалгалтыг Монголдоо зохион байгуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат олгодог юм байна. Энэ сертификатыг авсан хүн дэлхийн аль ч улсад төслийн менежментийн чиглэлээр ажиллах боломжтой гэнэ.
Б.БАТ
Холбоотой мэдээ