Д.Сүхболд: Гар утас хулгайлаад, цааш нь зарахыг ч мөнгө угаасан гэж үзнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Д.Сүхболд: Гар утас хулгайлаад, цааш нь зарахыг ч мөнгө угаасан гэж үзнэ

Д.Сүхболд: Гар утас хулгайлаад, цааш нь зарахыг ч мөнгө угаасан гэж үзнэ

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сүхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Албан ёсны мэдээ баримтыг харахад мөнгө угаах гэмт хэрэг нэмэгдсэн харагдаж байна. Үүний шалтгаан юу вэ?

-Хэд хэдэн хүчин зүйл бий. Том зургаар нь харвал, улс орны нийгэм, эдийн засгийн хүчин зүйл нөлөөлж байна. Мөн хууль эрх зүйн орчинд өөрчлөлт орсон. 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө хуучин Эрүүгийн хуульд мөнгө угаах суурь гэмт хэрэгт авлига, байгаль орчны эсрэг, хар тамхи зэрэг үндсэн дөрвөн гэмт хэргийг авч үздэг байсан бол шинэ хуулиар суурь гэмт хэрэгт хязгаар тавихаа больсон. Энэ оны эхний хагас жилийн байдлаар мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийн дийлэнх нь залилан, хулгай.

Өөрөөр хэлбэл, гар утас хулгайлаад цаашаа зарахад ч мөнгө угаалт гэж үзээд, ял оноох боломжтой болсон. Хулгайн гэмт хэрэг ч сүүлийн үед зохион байгуулалттай, улс орон дамжин үйлдэгдэж байна. Тухайлбал, хулгайлсан 500-600 ширхэг гар утсаа өмнөд хөршид сери дугаар болон эд ангийг нь солиулж, эргээд оруулж ирээд зарж байгаа нь мөнгө угаалт байж болно.

-Мөнгө угаах гэмт хэргийн суурь нь ямар төрлийн гэмт хэргүүд байна вэ?

-Шалгагдаж байгаа мөнгө угаах гэмт хэргийн дийлэнх нь бусдын эд хөрөнгийг залилах болон завших, авлигын гэмт хэрэг эзэлж байна. Монгол Улсад хийсэн эрсдэлийн үнэлгээгээр хууль бус ан агнуур, зөвшөөрөлгүй уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэх мэт байгаль орчны эсрэг гэмт хэрэг мөн мөнгө угаалтын суурь болдог. Ер нь их хэмжээний орлого, мөнгө хаанаас олох боломжтой байна тэнд л мөнгө угаах гэмт хэргийн эрсдэл байгаа гэж үздэг.

-Суурь гэмт хэргийг задалж харвал татвараас зайлсхийх, авлига зэргээс үүдсэн мөнгө угаалт хэр зэрэг гаарч байна вэ?

-Ер нь бол шалгаж байгаа гэмт хэргийн тоог харахад хагас жилийн байдлаар иймэрхүү том хэрэг нийт гэмт хэргийг бараг тал хувийг эзэлж байна.

-Энэ төрлийн гэмт хэрэгт санамсаргүй холбогдсон хүн хэр зэрэг олон байна вэ?

-Ийм тохиолдол ер нь бий. Тухайлбал, ах дүү, найз нөхдийнхөө гуйлтаар банкны дансаа ашиглуулснаар мөнгө угаах гэмт хэргийн холбогдогч болж байна.

-Өнгөрсөн хавар нэмэлт өөрчлөлт оруулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар сэжигтэй гүйлгээг мэдээлэх тухай үүрэг санхүүгийн байгууллагууд болон нотариат, ломбард хүлээсэн. Тэд мэдээлэгчийн ажлаа хэр зэрэг хийж байна вэ?

-20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээг мэдээлэх үүрэгтэй. Мөн 20 сая төгрөг хүрээгүй ч сэжиг бүхий тохиолдлыг үнийн дүн харгалзахгүйгээр Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэх ёстой. Үүнийг тухай бүрт нь нягталж АТГ, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын албанд мэдээлэх гэх мэт шат дарааллаар явна. Практикаас харахад банкууд бол сайн мэдээлж байна. Харин ББСБ, даатгалын компаниуд зэрэг мэдээлэх үүрэгтэй этгээдүүд хангалттай хэмжээнд мэдээлж байгаа эсэх нь эргэлзээтэй.

-FATF-ийн Монголд өгсөн зөвлөмжийг харахад банк, санхүүгийн салбарын хяналт нэлээд цэгцэрч байна. Тэгвэл ломбард болон үнэт эдлэлийн дэлгүүр, худалдаагаар сэжиг бүхий гүйлгээг хянах боломж бий юу?

-Уг нь ломбардад 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээг тухайн ломбард өөрөө мэдээлэх үүрэгтэй. Харамсалтай нь ломбард хяналтын системгүй явж байна. Бид энэ тогтолцоог л бий болгох гээд явж байгаа шүү дээ.

-Хүмүүс хууль бусаар олж авсан хөрөнгө, мөнгөө ямар байдлаар эргэлтэд оруулж байна вэ?

-Үйл ажиллагаа явуулдаггүй, халхавч компанийн дансаар мөнгө оруулах, гадагшаа гараад буцаж орж ирэх, Монголд албан тушаалаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж, эсвэл тендерт гадаадын компани орж, авсан мэтээр мөнгөө гадагш гаргаад эргээд хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж оруулж ирэх, гадаадаас үнэтэй автомашин, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр эргэлтэд орж байна. Гэхдээ тогтсон арга байхгүй. Гэмт хэрэгтний өөрийнх нь мэдлэг, хүрээллээс шалтгаална. Зөвхөн Монголд амьдардаг, энд хүрээлэлтэй, доод түвшний мэдлэг боловсролтой хүмүүс бол тэр мөнгийг гадаадад гаргах боломж байхгүй. Харин илүү өндөр түвшний мэдлэгтэй, гадаадад танил талтай хүмүүс бол мөнгөний эх үүсвэрээ нуухын тулд гадаадад үлдээдэг.

-Шүүхийн шатандаа энэ төрлийн гэмт хэрэг шийдэгдэхгүй байна гэдэг. Шалтгаан нь юу вэ?

-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас Монгол Улсыг бүхэлд нь үнэлдэг. Цагдаагийн байгууллагатай адил шүүх, прокурор ч гэсэн эрх хэмжээндээ л энэ төрлийн гэмт хэрэг дээр ажиллаж байгаа. Гэхдээ тогтолцооны хувьд асуудал байгаа. Шүүхийн практик тогтоогүй байна. Мөн Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG)-ийн Монголд хийсэн үнэлгээгээр шүүхээр эцэслэн шийдсэн хэрэг байхгүй байна гэж үзсэн. Гэхдээ энэ оны долдугаар сарын байдлаар 10 хэргээс долоог нь шийдсэн. Гэхдээ суурь гэмт хэрэг нь ихэнхдээ хулгай дээрэм эзэлж байгаа. Харин 2016 оноос өмнө бол байгаагүй. Харин 2017 онд шүүхээс мөнгө угаах хоёр хэрэг дээр ял оноосон боловч дээд шүүх дээр мөнгө угаах гэмт хэргийнх нь зүйл ангийн хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ суурь гэмт хэрэг дээр нь ял оноосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж