Ардчилсан намын бүлэг ажил хаялт зарлаж, МАН-ын нэр бүхий гишүүд болон Ардын засгийн сайд нартай холбоотой албан тушаалын гэх асуудлыг эцэслэх хүртэл чуулганы болоод Байнгын хорооны хуралдаан дээр суухгүй гэдгээ зарлалаа. УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш МАН-ын бүдүүн бүлгийн сандал суудал, эрх мэдлийн төлөөх зодоонд сүр сүлдээ гээж, чуулганы хуралдаанд хаа нэгхэн явган хэрүүл хийхээс хэтрэхгүй байсан Ардчилсан нам ийнхүү сөрөг хүчний үүргээ ухамсарлаж эхэлсэнд олон нийт дэмжиж байна.
Сөрөг хүчний зүгээс УИХ дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагад “УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна. Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд та бүхэн энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардаж байна. Дурдсан хугацаанд арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон бусад Байнгын хороодод оролцохгүй болохыг анхааруулж байна” гэжээ.
УИХ дахь олонхын бүлгийн зургаан гишүүн, тодруулбал Б.Батзориг, Х.Болорчулуун, Г.Солтан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Учрал нартай холбоотой Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан 950 саяас 1.4 тэрбум хүртэлх зээлийн дуулианд МАН-ын дарга цэргээс нэг нь ч ам нээгээгүй өнөөг хүртэл таг чиг байгаа. Нөгөө шударга үнэний туйл Ж.Нямдорж хүртэл нам хуйвалдаж, сэм идсэн шинжтэй энэ асуудалд чив чимээгүй сууна.
Ирэх оны төсвийг хэлэлцсэн өчигдрийн чуулганы хуралдаанаар тус санд 47 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсон бөгөөд нийгэмд бүүм болоод байгаа уг асуудлаар нэг ч гишүүн үг хэлээгүй нь эрх мэдлийн төлөө цусаа гартал зодолдсон МАН-ынхан ЖДҮ-ийг хөгжүүлэх зээл дээр тосоо гартал тэврэлдсэн бололтой.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг томчууд хувааж идсэн нь сошиалаар хэсэгхэн шуугиад орхичих асуудал биш юм. Энэ бол эрх мэдэл, албан тушаалаа ашиглан Монголын улстөрчид татвар төлөгчдийн мөнгийг яаж хуваан авч, авгай хүүхэд, аав ээжээ эрхлүүлдгийн зөвхөн нэг жишээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болоод төрийн бусад тендер, төслийн булайг ухвал үнэндээ далай болно. У.Хүрэлсүхийн засгийн үед илэрч гарсан болохоос эрх мэдэлтэй аль намын улстөрчдийн авгай хүүхдэдээ авч өгдөг мөнгө нь ЖДҮ-ийн зээл байсан нь ойлгомжтой. Иймээс л зөвхөн МАН-ын гэлтгүй манай, танай гэж намчирхаж, фракцлалгүй хэний үед, хэний эхнэр хүүхэд, ах дүү, аав ээж хэдий хэмжээний зээл авсныг ард түмэн мэдэх эрхтэй.
Жинхэнэ жижиг дунд үйлдвэрүүд нь арилжааны банкнаас авдаг жилийн 20-30 хувийн хүүтэй зээлд дарлуулж явахад дарга нар нь сангийн мөнгийг эхнэртээ “шанагадаж” суугаа нь шударга өрсөлдөөн мөн үү. Тэгэхээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өмнө нь хэн гэгч эрх мэдэлтэн хэчнээн хэмжээний зээл авсан, түүнийгээ төлсөн эсэхийг нь хүртэл дэлгэхийг шаардаж, шаардлагыг нь хүлээж автал нь ажил хаялт зарлаж чадвал АН браво.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өгч байгаа зээл бол төрийн мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгө. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн намынхандаа сангийн хишиг болгон “тараасан” тэр мөнгө татвар төлөгчид та бидний халааснаас гарч байгаа хөрөнгө. Тиймээс төсвөөс янз бүрийн хэлбэрээр зээл авдаг, тендер завшдаг, гүйцэтгэл нь байдаггүй мөнгө угаасан хэргүүдийг ил гаргахын төлөө Ардчилсан нам эцсээ хүртэл явж чадвал ирэх 2020 оны сонгуульд нэмэх оноо авахад нь нэмэр болж мэдэх юм шүү.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ